МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Ц.ЦЭНГЭЛЖАРГАЛ: АЖИЛЧДЫНХАА ХОДООДЫГ ХАЙРЛАЖ, ЭРҮҮЛ ХҮНСЭЭР ЭРҮҮЛ ХООЛ БЭЛТГЭН ӨГӨХИЙГ ЗОРЬДОГ

Ц.ЦЭНГЭЛЖАРГАЛ: АЖИЛЧДЫНХАА ХОДООДЫГ ХАЙРЛАЖ, ЭРҮҮЛ ХҮНСЭЭР ЭРҮҮЛ ХООЛ БЭЛТГЭН ӨГӨХИЙГ ЗОРЬДОГ

“Цемент шохой” ТӨХК-ийн Ахлах тогооч Ц.Цэнгэлжаргалтай ярилцлаа.

-“Цемент шохой” компанид та хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ. Яагаад тогооч мэргэжлийг сонгосон талаараа ярихгүй юу?

-Би 1973 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. “Цемент шохой” ТӨХК-д 10 дахь жилдээ Ахлах тогоочоор ажиллаж байна. Ам бүл дөрвүүлээ. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань их энгийн. Манай гэр бүл 1997 оноос Ховд аймагт суурьшин ажиллаж, цайны газар ажиллуулж эхэлсэн юм. Энэ үеэс л хүмүүс надад“Амттай хоол хийдэг шүү” хэмээх талархлын үг хэлж, магтан сайшааж, ихээхэн урам зориг өгснөөр тогооч мэргэжлийг сонгох шалтгаан болсон. Ингээд мэргэжлийн курс, дамжаанд суралцаж, төгссөнөөр тогоочийн нэгдүгээр зэрэгтэй болж, өдгөө салбартаа 26 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.

-Хөтөлд хэзээ ирж суурьшсан бэ, яагаад эндэхийг сонгох болов?

-Манай эгч Хөтөлийн цэцэрлэгт багшилдаг байсан юм. Би эгчийндээ нэг хэсэг хугацаанд амьдарч байсан юм. Эгчийн өөдөөс харсан хаалганд манай нөхрийнх байдаг байв. Ингэж нэг орцонд нааш цааш явж, таарсаар байгаад танилцсан түүхтэй. Анхны хүүхдээ энд амьдарч байхдаа гаргаад, Ховд аймагт долоон жил амьдарсны эцэст эргэн Хөтөлдөө ирсэн. Манай хүн Заамарын алтны уурхайд ажилладаг. Би ч мөн адил Заамарт ахлах тогоочоор ажиллаж байгаад бага хүүхдийг маань харах хүнгүй болсон учраас эргэн ирж, суурьшихаар шийдэж, “Цемент шохой”-д өргөдөл өгснөөр албан ёсоор ажилд орж байлаа.

-Аж ахуйн албаныхан хэдэн ээлжээр хэдүүлээ ажилладаг вэ. Олон хүний хоолыг амттай сайхан хийнэ гэдэг бас их сэтгэл шаардсан ажил шүү дээ?

-Манай ажилчдын цайны газар ахлах тогооч, технологич, ээлжийн ахлагч, бэлтгэгч тогооч нарын 20 хүний бүрэлдэхүүнтэй гурван ээлжээр ажилладаг. Өдөртөө 300-400 ажилчдад үйлчилдэг. Бидний гол баримталдаг зарчим бол ажилчдадаа амтлагчгүй, шим тэжээл сайтай, илчлэгтэй хоол өгөх. Би боддог юм. Хүнд зориулж хийж байгаа хоолоо чин сэтгэлээ шингээж хийх хэрэгтэй гэж. Ер нь манай ажилчид идэж байгаа хоолондоо сэтгэл хангалуун байдаг байх гэж хувьдаа боддог. Энд тэндээс ирсэн зочин гийчид хүртэл манайхны хийсэн хоолыг сайн гэж үнэлдэг. Үүнээс л бид урам зориг авч, эрч хүч ордог.

-Тариалангийн бүс нутагт байрладаг шүү дээ. Хүнсний татан авалтаа хаанаас авдаг вэ?

-Сар сардаа захиалгын дагуу ойрхон Хөтөлийнхөө компаниас татдаг. Орон нутгийн давуу эрх гэдэг талаасаа ойроос авна. Бид Дарханаас хүнсээ татан авч үзсэн. Гэтэл бөөнд нь авчраад овоолчихдог. Сарын хэрэглээ гэдэг утгаараа шинэхэн байдлаа алдаж, мууддаг учраас ойрхон байснаараа нарийн ногоогоо гэхэд гурав хуваан авах жишээний давуу талтай. Манайх голдуу үхрийн махаар хоолоо бэлтгэдэг. Махаа Хөвсгөл аймгаас авдаг. Хонины махаараа хавиргатай шөл гэх мэт хоол хийнэ. Хаврын улиралд ажилчид ядарч туйлддаг учраас таван цулын шөлөөр “бөмбөгддөг” гэхчилэн улиралдаа тааруулан цэсээ зохиож, хүнсээ татан авдаг юм.

-Өмнө нь гал тогооны тоног төхөөрөмжүүд хуучирсан байсныг бага багаар сэлбэж, шинэчлэл хийж байгаа гэсэн. Ингэснээр мэдээж ажлын бүтээмж, цаг хэмнэх гээд олон давуу тал үүсэж байгаа биз?

-Анх ирэхэд социализмийн, дээр үеийнхээрээ тоног төхөөрөмжтэй байсан. Цахилгаан зуух нь дүлий, асдаггүй, хэдэн сав суулга нь хуучирч, муудсан гэхчилэн ажиллахад маш хүнд байлаа. Ингээд гал тогоонд бүрэн засвар хийж, бэлтгэлийн өрөө, цех, хоол олгох цэгийг стандартын дагуу засварлан тохижуулж, тоног төхөөрөмжүүдээ сэлбэснээр одоо 80 хувьтай шинэчлэгдээд байна. Ингэснээр ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд эрүүл хүнсээр хоолоо бэлтгэж байна. Өнгөрсөн долоо хоногт манайд аймгийн мэргэжлийн хяналтынхан ирж, шалгалт хийсэн. Үүгээр бид дэвтэр хөтлөөгүй зэрэг жижиг сажиг алдаанаас бусдаар өндөр үнэлгээ авсан.

-Энэ жил танай компанийн 40 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажил юу байна?

-40 жилийн ойн хүрээнд болох хүлээн авалтын ажлуудынхаа ард 100 хувь гарах зорилго нэгдүгээрт. Мөн албаараа санаачилга гаргаж, “Гавшгай” хайрханыхаа ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн. Хүн ерөөс байгаль дэлхийтэйгээ ойр, холбоотой амьтан. Байгалиа ямагт хайрлах ёстой. Тиймээс Хөтөл хотын шүтээн уулаа тойруулан хог, хаягдлийг цэвэрлэх гэх мэт олон бүтээлч ажил санаачилж хийхээр төлөвлөсөн.

-Эр хүнийг ходоодоор нь татна гэж ярьдаг шүү дээ. Энэ утгаараа үйлдвэрийн эрчүүд маань таниас эмээдэг, таны үгийг хүлээн авдаг шиг санагдсан?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн манайд ирчхээд “Та ер нь цэргийн хүн байвал зохих юм байна” гэж хэлж байсан удаатай. Ерөнхийдөө нэг тийм дэгтэй, журамтай байлгадаг хүн байхгүй бол энэ олон хүнийг журамлана гэдэг амаргүй. Манай үйлдвэр “Хөтөл энержи дулаан” охин компаниа оруулаад 820 гаруй ажилтантай. Үүнээс эрчүүд олонх нь. Тиймээс хоолоо идэхдээ соёлтой, бусдыгаа хүндэлж, каскаа аваад, гадуур хувцсаа тайлаад, оочер дараалалтай, чимээ шуугиангүй хоолоо идчхээд гарвал хэн хэндээ тааламжтай байна шүү дээ. Энэ бүхнийг нь байнга хэлж ярьж байхгүй бол хэцүү. Манайхан гэхдээ хөөрхөн. Намайг харахаараа нэг эгнээнд орж, дүрэм журмаа баримтлан үгэнд маш сайн орно. Ямар сайндаа намайг “Та өөрийгөө хэвлээд тавчихаач” гэж шоолдог юм. Зам дээр эрээн мод барьсан цагдаа зогсож байдаг шиг “Би байгаа шүү” гээд дүрсээ харуулж байх нь байна шүү дээ. (инээв). Гэхдээ манайхан “Манай А чинь ааштай ч гэсэн хүүхэд шиг цайлган” гээд намайг мэддэг болчихсон.

-Өлссөн, ядарсан хүнийг хооллоод гаргана гэдэг үнэхээр буянтай ажил шүү?

-Манай үйлдвэрийнхэн тоос, шороо, чимээ ихтэй хүнд нөхцөлд ажилладаг. Ээлжнээсээ буугаад өлсөж, ядарсан, алжаасан орж ирэхэд нь аяга сайхан халуун хоол, цайгаа өгөөд гэдэс цатгалан, сэтгэл амгалан гаргана гэдэг яриангүй буянтай ажил. Юу байна, түүгээрээ дайл гэдэг. Манай ажилчид бүгд л ардаа амьдралтай, нэгэн айлын аав, ээж, хүү, охид л байгаа шүү дээ. Тэд маань эрүүл байж гэмээн олон жил ажиллаж, амьдарна. Тиймээс ажилчдынхаа ходоодыг нь хайрлаж, эрүүл хүнсээр эрүүл хоол бэлтгэн өгөхийг л хичээдэг.

-Хувиас төрийн өмчид шилжсэнээр сайн, муу ялгаатай талууд танд мэдрэгдэж байгаа байх. Үүнийгээ хуваалцаач?

-Төрийн өмчид шилжсэнээр бидэнд тулгарч байгаа хэцүү зүйл нь тендер гэдэг юм. Үүнээс болж хүнсний материал дутуу ирэх, цаг хугацаанаас хоцрох гэх мэт тохиолдол гарч байгаа. Өмнө ямар тендерээр бараа, материалаа авч байсан биш. Бусдаар бол манай албаныхан цалин мөнгө нэмэгдээд, ахуй амьдрал дээшлээд сэтгэл ханамжтай сайхан байгаа.

-Таны цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Бид өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймагт болсон Монгол Улсын зөвлөх инженер, мастер тогооч Ч.Зунгарайн нэрэмжит “Аймгийн аварга тогооч” шалгаруулах тэмцээнд оролцож, “Үзэсгэлэн” болон “Нарийн боов”-ны төрөлд ур чадвараа сорин дэд болон тусгай байрт шалгарсан. Бидэнд маш том амжилт болон туршлага болсон. Компанийнхаа нэрийг унагачихгүй, доош татчихгүй оролцоно гэдэг өндөр хариуцлага байлаа. Цаашид энэ мэт сургалт, уралдаанд идэвхтэй оролцож, ур чадвараа хөгжүүлэх зорилготой байна.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.