МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Түүх

Түүх

1963 он:  Хөтөлийн шохойн чулууны ордод анхны геологи хайгуулын ажлыг хийв.

1974.06.14: БНМАУ-ын СнЗ-ийн 232 дугаар тогтоолоор Цементийн үйлдвэрийн түүхий эдийн ордын хайгуулыг дахин хийх шийдвэр гарав.

1974.12.11: БНМАУ-ын Төлөвлөгөөний комиссын 1974 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 377 дугаар тогтоолоор Техник, эдийн засгийн үндэслэлийн даалгавар бүхий 74191 тоот гэрээг батлав. Ингэснээр ЗХУ-ын “Союзгипростром” байгууллага Хөтөлд шохойн завод барих үр дүнгийн (целесообразность) Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулав.

1975-1976 он: Шохойн чулууны “Хөтөл-1” ордын нөөцийг анх 1975 онд хийж, улсын нөөцийн балансад 1979 онд бүртгэсэн. Улмаар 1989 онд хийсэн гүйцээх хайгуулаар1975 оны хайгуулын “С1” зэргээр тогтоосон нөөцийг “В” зэрэгт 21049,8 мянган тонныг шилжүүлэв. Үр дүнд нь ордын нөөц 1990 оны наймдугаар сарын 1-ний байдлаар “В+С1” зэргээр 30769,7 мянган тонн, үүнээс “В” зэргээр 225 мянган тонн болж өсөв.

1978.04.07: МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 1978 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн “Цементийн шинэ завод барихтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” 10 дугаар тогтоол, БНМАУ-ын СнЗ-ийн УТК-ын 1978 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн “Цементийн заводын техник эдийн засгийн үндэслэлийг батлах тухай” 67 дугаар тогтоол, “Шохойн заводын техник эдийн засгийн үндэслэлийг батлах тухай”, 1979 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 87 дугаар тогтоолоор “Цементийн заводын техник эдийн засгийн үндэслэл”-ийг Сэлэнгэ аймгийн Хөтөлд барих хувилбараар баталж, Тавантолгойн ордын нүүрсийг ашиглах хүртэл нүүрсийг ЗХУ-аас жил бүр 70 мянган тонныг авч байх, цементийн заводын бүрэлдэхүүнд Барилгын материалын үйлдвэрүүдийн технологийн тоног төхөөрөмжийг засварлаж байхаар зураг төсөл хийлгэж, асуудлыг ЗХУ-ын холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, цемент, шохойн шинэ комбинатыг ажилчдын тосгоны хамт барьж байгуулах, Шохойн заводыг бүрэлдэхүүнд оруулж барихаар тус тус тогтоосон байна.

1978.04.11: СнЗ-ийн улсын төлөвлөгөөний комиссын 67 дугаар тогтоолоор “Цементийн заводын Техник-эдийн засгийн үндэслэл” батлагджээ.

1979 он: Шохойн чулууны “Хөтөл-2” ордын нөөцийг геологийн босоо зүсэлтийн аргаар тооцож, нөөцийг Хүнд үйлдвэрийн яамны геологийн салбарын ШУТЗ-ийн 1990 оны долдугаар сарын 16-ны 13 тоот протоколоор 8213,2 мянган тонноор баталсан.

1979.04.04: СнЗ-ийн Улсын төлөвлөгөөний комиссын 87 дугаар тогтоолоор “Шохойн заводын техник-эдийн засгийн үндэслэл” батлагдав.

1979.06.06: БНМАУ-ын “Комплексимпорт” нэгдэл ЗСБНХУ-ын “Техностройэкспорт” нэгдэл хооронд Хөтөлийн цемент, шохойн комбинатыг барьж байгуулах 86-029/05100 тоот гэрээ байгуулагдав. Ингээд захиалагчаар Зөвлөлтийн барилгын материалын яам, зураг төсөл гаргагчаар Зөвлөлтийн “Сибний проектцемент” институт, гүйцэтгэгчээр Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой” (ММС) байхаар тогтов.

1979.10.19:  Хөтөлийн цемент, шохойн комбинатыг барьж байгуулах газрыг сонгох комисс хуралдаж, улмаар 347 га талбайг Сэлэнгэ аймгийн Орхон, Номгоны сангийн аж ахуйн нутгаас олгохоор зөвшөөрөв.

1979.11.28:  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Улсын төлөвлөгөөний комиссын “Хөтөлд барих цемент, шохойн үйлдвэрийн зургийн захиалгыг батлах тухай” 1979 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 294 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолын хавсралт 4-т (“1980-1985 оны эдийн засгийн хамтын ажиллагааны тухай” Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 1980 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хэлэлцээрээр Хөтөлд жилд 65 мянган тонн шохой, 100 мянган тонн товарын шохойн чулуу, 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Цемент Шохойн заводыг барихаар болсон. Үүнээс шохойн үйлдвэрийг 1983 онд, цемент үйлдвэрлэх технологийн I шугамыг 1984 онд ашиглалтад оруулах хэрэгтэй гэж заасан).

1980 он:  Шохойн үйлдвэрийн түүхий эдэд зориулан дахин хайгуул хийв.

1980.08.04: Улаанбаатар хотод байгуулсан 86-029/0510 гэрээнд гуравдугаар нэмэлт гэрээ буюу 86-029/05100-3 тоот гэрээгээр 70 сая 513 мянган рублээр эхний ээлжийн барилга байгууламжийг барихаар шийдвэрлэсэн.

1980.09.10: Барилга байгууламжийн бүтээн байгуулалтад оролцохоор ЗХУ-аас 100 мэргэжилтэн, Монгол талаас 10 жолооч, 20 орчим иргэн ирж, хоёр воганчикийн нэгт нь конторын байрыг байгуулан ажиллаж эхлэв.

1983.08.02: “СИБНИЙПРОЕКТЦЕМЕНТ” байгууллага нь 1981 онд Хөтөлийн “Цемент шохойн завод”-ын техникийн төслийг хийж дуусгасан байна. Улмаар 1983 оны наймдугаар сарын 2-нд “Хөтөлийн цемент шохойн комбинат”-ыг албан ёсоор байгуулж, цемент үйлдвэрлэх хоёр шугам, шохой үйлдвэрлэх, шатаах гурван зуух, ус халаах мөн гурван зуухтай, дулааны станц болон бусад дагалдах барилга байгууламж, ажилчдын тосгоныг барьж байгуулж, 1986 онд бүрэн хэмжээгээр Монголын талд хүлээлгэн өгсөн байна.

1981.01.28: МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөс тогтоол гарч, Хөтөлийг “МХЗЭ-ийн Гавшгай хөдөлмөрийн барилга байгууламж” болгов. Ингээд 1981 оны нэгдүгээр сарын 28-нд  МАХН-ын ТХ, СнЗ-ийн VI тогтоолоор илгээлтийн эздийг ажиллуулах тухай шийдвэр гаргаж байв.

1981.01.29: БНМАУ-ын ТК-ын тогтоолоор ашиглалтын өмнөх захиргаа байгуулахыг ББМҮЯ-д зөвшөөрч, даргаар Д.Эрдэнэбилэг, орлогч даргаар В.Ганхуяг нарыг томилов.

1981.04.07: МХЗЭ-ийн Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор МХЗЭ-ийн ГХББ, Хөтөлийн цемент, шохой цогцолборын асуудал эрхлэх МХЗЭ-ийн ГХББ, төв штаб байгуулагдав.

1981.05.20: Анхны угсармал орон сууц “Я Первый” (I байр) ашиглалтад оров.

1981 он: 1981 оны есдүгээр сарын сүүлчээр анхны илгээлтийн эзэн К.Төлөвхаан ирсэн бол мөн Хөвсгөл аймгаас н.Даваажав, Улаанбаатар хотоос н.Бат-Өлзий ахлагчтай залуус илгээлт өвөрлөн Хөиөлийн цемент, шохойн цогцолборын барилга байгууламжид гар бие оролцохоор ирж байв. 

1982.06.25:  Хөтөлийн цемент, шохойн комбинатын суурь тавих ёслол болж, цуглаанд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн СнЗ-ийн I орлогч дарга Д.Майдар, Төв хорооны улс төрийн товчооны нарийн бичгийн дарга Ц.Буянтогтох, ББМҮЯ-ны I орлогч А.Даваа, Дархан хотын намын хорооны I нарийн бичгийн дарга П.Болд, АДХТЗ-ийн дарга Н.Мөрхуяг, ЗСБНХУ-ын барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч Сайд А.Я.Ампилов, уг цогцолборыг барьж байгуулах зөвлөлтийн барилгын ММС-ийн удирдах газрын дарга Н.А.Никитин, ЗСБНХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Х.Р.Амаров нар оролцож байв.

1983.01.18: 32 тонн жинтэй анхдагч бутлуурын их биеийг угсарснаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил эхэлсэн.

1983.01.25:  Хөтөлд 10/35/6 кВт-ын дэд станцын угсралтын ажил дууссанаар цахилгаан эрчим хүчинд холбогдож байв.

1983.02.25:  БНМАУ-ын СнЗ-ийн 54 дугаар  тогтоолоор “Хөтөлийн цемент, шохойн комбинат байгуулах тухай” шийдвэр батлагдаж, Ашиглалтын өмнөх захиргааг өөрчлөн 1983 оны II улирлаас эхлэн тус бүр дотоод аж ахуйн тооцоотой болгож, ББМҮЯ-нд харьяанд шилжүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын төвийг байгуулахыг даалгасан байна. Ийнхүү БНМАУ-ын СнЗ-ийн 54 дүгээр тогтоолоор Хөтөлийн цемент шохойн комбинат байгуулагдаж, даргаар Ц.Сампилноров, Ерөнхий нягтлан бодогчоор Г.Батмөнх нарыг томилсон.

1983.05.03:  ББМҮЯ-ны Сайдын 127 дугаар тушаалаар Хөтөлийн цемент, шохой комбинатыг:

·Цемент үйлдвэрлэх хоёр шугам

·Шохой үйлдвэрлэх, шатаах гурван зуух

·Уулын олборлох үйлдвэр

·Засвар механикийн контор

·Дулааны станц гурван зуухтай гэсэн бүтэцтэй байгуулжээ.

1983.06.17:  Эргэх зуухны суурийн бетоныг цутгав. 

1983.12.18:  Бутлуурт анхны чулууны дээжийг хүлээн авав.

1983.12.22:  Шохойн I зуухыг анх ашиглалтад оруулав.

1984.01.11:  Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Д.Самдан, ББМҮ-ийн сайд Л.Цэрэндондог нарын  2/84, 1/223 дугаар албан бичгээр БНМАУ-ын СнЗ-д “Хөтөлийн цемент шохойн заводын эхний ээлжийг хүлээн авах тухай” шийдвэрийг үндэслэн СнЗ-ийн 1984 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр захирамжаар ЗХУ-ын хүч хөрөнгөөр баригдсан Хөтөлийн цемент шохойн комбинатын эхний ээлжийг байнгын ашиглалтад хүлээн авах Засгийн газрын комиссыг томилсон. Уг бүрэлдэхүүнд,

Дарга : ББМҮЯ-ны сайд Л.Цэрэндондог

Гишүүнээр: Барилга, архитектур, техник хяналтын улсын хорооны орлогч дарга Д.Гялгар

Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны орлогч дарга Х.Буд

Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ч.Төмөрхуяг

Комплекс төхөөрөмжийн импорт нэгдлийн дарга Д.Санчин нар томилогдон ажилласан ба уг өдрийн 11.00 цагт шохой I зуухыг дөрвөн ээлжээр галлаж асааснаар үйлдвэрийн түүх эхэлдэг. Машинистаар Л.Ганболд ажиллаж байв.

1984.01.20:  Шохойн үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлж эхлэв.

1984.01.28:  Бутлуурын цехийг хүлээн авав.

1984.02.14:  СнЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэнгээр ахлуулсан Улсын комисс Шохойн үйлдвэрийг хүлээж авав.

1984.04 сар:  Сургалтын төвийн анхны нээлтийг 13 сурагчтай сантехникийн курсээр эхлэв.

1984.10.10:  Цементийн үйлдвэрийн I зуухыг галлав.

1985.06.01: Барилгын материалын тоног төхөөрөмжийн засварын анги байгуулагдав.

1985.08.09:  Цементийн үйлдвэрийн 25 метрийн өндөр янданг цутгаж дуусав.

1985.11.21:  Анхны 600 тонн задгай цементийг зөвлөлтийн барилгын II трестэд ачуулав.

1986.01 сар: Цементийн үйлдвэрийн технологийн I, II шугамыг Улсын комисс хүлээн авав. Энэ үйл ажиллагаанд СнЗ-ийн дарга Д.Содном, ЗХУ-ын СнЗ-ийн орлогч дарга В.С.Мураховский нар оролцов.

1987.06.01: Анхны нэг сая дахь тонн цементээ үйлдвэрлэв.

1987.09.03: Зөвлөлт Буриадын Тимлюйскийн цементийн заводтай шууд харилцаатай ажиллах протоколд гарын үсэг зурав.

1987.10 сар: Эргэх зуухны түүхий эд болон цементийн тээрмүүдийн хүчин чадлыг төсөлд заасан хэмжээнд хүргэв.

1988.08.01: Цемент үйлдвэрлэх процесст цеолит хэмээх эрдэсийг туршилтын журмаар хэрэглэж эхлэв.

2002 он: Сэлэнгэ аймгаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцож, манай 52.5 өндөр ангийн цемент “Алтан медаль” хүртэв.

2003 он: Үйлдвэр худалдааны “Төв түншлэл-2003” үзэсгэлэн худалдаанаас “Алтан цом” хүртэв.

2005 он: МҮХАҮТ, Монгол Улсын шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах үндэсний хорооноос 52.5 ангинй цементийг “Монголын үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүн”-ээр шалгаруулж, “Үлэмж чанарын батламж” гардуулав.

2007.06.27: Үйлдвэр гурван сая дахь тонн цементээ үйлдвэрлэн гаргав.

2008 он:  Олон жил ашиглалтгүй байсан цемент үйлдвэрлэлийн эргэх I зуухыг өөрсдийн инженер8 техникийн ажилчды хүчээр их засвар хийж ажиллуулав.

2011.08.13: Чулуунцар үйлдвэрлэлийн хуурай аргын технологитой үйлдвэрийн шав тавих ёслол болов.

2012.07 сар:  Үйлдвэр дөрвөн сая дахь тонн цементээ үйлдвэрлэн гаргав.

2012 он: Мэдээллийн технологийн тасгийг шинээр үүсгэн байгуулав.

2013.8.13: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 132 дугаар зарлигаар Хөтөл “Цемент-Шохой” ХК-ийг төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнав.

2013.11 сар: Хуурай технологитой шинэ үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхлэв.

2014.05.14: Хуурай аргын технологитой шинэ Цементийн үйлдвэрийн нээлтийн ажиллагаа болж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож гал өгөв. 

2014.07.09: Бүгд найрамдах Франц улсын үндэсний ассамблейн гишүүд, БНФУ-ын Элчин сайд зочилон ирэв.

2014.09.20:  Беларусь улсад үйлдвэрлэсэн, задгай цемент ачих зориулалттай 30 ширхэг хоппер вагоныг хөрөнгө оруулалтаар авав.

2015.02.16: Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн-Гэрэгэ” шагнал хүртэв.

2015.04.23: ОХУ-д цемент экспортлов.

2015.10.16: УИХ-ын 2015 оны долдугаар сарын 03-ны өдрийн 70, Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330, Төрийн өмчийн хорооны  2015 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 617 дугаар тогтоолоор Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийг “Бейзмент” ХХК-д 100 хувь хувьчлах шийдвэр гаргав.

2015.11 сар: Дулааны станцын гурван зуухны топкаг иж бүрэн шинэчлэв.

2015 онд: Төслөөр шинэчлэгдсэн цементийн гурван камертай тээрмийг өөрийн инженерүүдийн хүчээр хоёр камертай болгон өөрчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэв.

2015 онд: Цементийн үйлдвэрийн инженер, техникийн ажилчдын санал санаачилгаар цементийн тээрмийн дамжуулах шугамуудыг өөрчилж, хийн баллонуудын ажиллах зарчмыг шинэчилж тохиргоо хийснээр цементийн тээрмийн бөглөрч зогсох хугацаа буурав.

2016.04.26:  Компанийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх авах зорилгоор үйлдвэрийн 50.8 га талбайд тус тус кадастрын зураглалыг “Хас марк” ХХК-иар хийлгэж, Сэлэнгэ аймгийн Газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлсэн ба Сайхан сумын Засаг даргын тамгын газраас нийт 19 нэгж талбарын газар эзэмших гэрчилгээг шинээр авч, газар эзэмших гэрээ байгууллаа. Үйлдвэрийн эзэмшилд байрлах хэмжилтгүй байсан бүх объектыг “Хас марк” ХХК-иар кадастрын хэмжилт хийлгэв.

2016.06.10: Сэлэнгэ аймгийн Орхон, Сант сум болон Амарбаясгалан хийд чиглэлийн хатуу хучилттай 63 км авто замын ажилд Уул, авто тээврийн цехийн ажилчид оролцож, замын далангийн ажлыг хийж гүйцэтгэв.

2016.6.20:  “Цемент-Шохой” ХК-ийн түүхэнд таван сая дахь тонн цементийг үйлдвэрлэн гаргав.

2017.04.20:  Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны дөрөвдүгээр сарыэ 20-ны өдрийн 01/14 тоот шийдвэрээр Хөтөл “Цемент шохой” ХК-ийн дүрэм батлагдав.

2017.05.05:  Сэлэнгэ аймгийн Газрын албанаас компанийн эзэмшилд байгаа газрын байршлын 21 кадастрын зураглал хийж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгов.

2019.08.16:  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас компанийн дэргэдэх “Сургалтын төв”-ийн үйл ажиллагааг эрхлэх албан ёсны зөвшөөрлийг 2019 оны наймдугаар сарын 16-ны өдрийн А/272 тоот шийвэрээр № 541/519 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээн авав.

2021.07.23: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газарт 1.7 км урттай эрүүл мэндийн замыг хүлээлгэн  өгөв.

2021.11.02: Төрийн өмчийн компаниас хувьд шилжих хүртэлх буюу 1981 оноос 2015 он дуустал “Байнга” хадгалах хадгаламжийн нэгжийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Төрийн архивт шилжүүлж, 415 баримтыг актаар хүлээлгэн өгөв.

2022.03.24: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн “Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хүлээн авах тухай” 108 дугаар тогтоолоор “Цемент шохой” ХК нь Төрийн өмчит хувьцаат компани болон өөрчлөгдөв.

2022.03.24: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 109 дугаар тогтоолоор “Цемент Шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэх төрийн төлөөлөгчөөр Лүндэг овогтой Наранбаатарыг томилов.

2022.08.01: 2022 оны долдугаар сард компанийн түүхэнд хамгийн их буюу 70,150 тонн цемент үйлдвэрлэсэн сар болов.

2022 он: Төрийн өмчид шилжсэнээр улсад нийт 29.7 тэрбум төгрөгийн татвар, НДШ төлөлтийн өр, төлбөрийг барагдуулав. Мөн онд 403 мянган тонн цемент үйлдвэрлэсэн нь сүүлийн 8 жилийн дээд үйлдвэрлэл болов.

2022 он: “Цемент шохой” ТӨХК 40 жилийн түүхэндээ анх удаа 100.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олов. Мөн 2015 оноос хойш анх удаа 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.

2022-2023 он: Ил уурхайд 2022-2023 он дамжин нийт 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, өр зээл тавихгүйгээр техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн парк шинэчлэл хийж, бүтээмжийг нэмэгдүүлэв.

2023.05.30: СОВА компанид хууль бусаар алдсан 5.8 сая тоннын нөөцтэй ордыг компанийн удирдлага, 800 гаруй ажилтан, Хөтөл хотын 2000 иргэн гарын үсэг зурж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад лиценз цуцлуулах хүсэлт гаргаснаар 16 жилийн дараа буцаан авах нөхцөл бүрдэв.

2023.06.28: Шохойн үйлдвэр шинээр барих ТЭЗҮ-ийг боловсруулж, ЭБМЗ-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, батлуулав.

2023.07.05: Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор “ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоож, нэгдлийн бүрэлдэхүүн охин компанид шилжив.

2023.10.31: “Цемент шохой” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус хурлаар Засгийн газрын 258 дугаар тогтоол, Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг үндэслэн компанийн хэлбэрийг Хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөв. Ингэснээр ТӨХК-ийн статусаас ХХК-ийн статуст албан ёсоор 2023 оны аравдугаар сарын 31-нд шилжиж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэв.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.