МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХӨТӨЛИЙН ОРДЫГ ХУУЛЬ БУСААР АВСАН СОВА КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАВ

ХӨТӨЛИЙН ОРДЫГ ХУУЛЬ БУСААР АВСАН СОВА КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАВ

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн уурхайн “Хөтөл-1” орд газраас 18 жил ашиглах шохойн нөөцтэй талбайг хууль бусаар авсан гэх СОВА компанийн лицензийг цуцлах захирамжийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр гаргажээ.

СОВА ХХК-ийн хууль бусаар авсан лицензийг цуцалж, цемент шохойн үйлдвэрт буцаан өгснөөр;

• Цемент шохойн үйлдвэрийн шохойн ордын нөөц 18 жилээр нэмэгдэх,

• Эрдэнэт үйлдвэрээс 66 тэрбум төгрөгийн санхүүжилт татах,

• Жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэр барих,

• Байгаль орчинд ээлтэй утаагүй үйлдвэртэй болох

• “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологийн шохойн хэрэгцээг олон жилээр хангах баталгаа нэмэгдэх,

• Ажлын байр нэмэгдэх

• Хөтөл хот түүнийг тойрсон 5 сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцөл хангагдах,

• Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болох гэх мэт олон боломж нээгдэх юм байна.

Энэ талаар “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Манай ордын түүхий эдийн одоогийн нөөц нь 30 сая тонн гэж байгаа боловч технологийн нөөц нь ердөө 2.7 сая тонн байна. Энэ нь 10 жил ашиглах хэмжээ бол СОВА ХХК-ийн хууль бусаар авсан байсан ордын нийт нөөц 5.8 сая тонн бөгөөд үүнээс 4.2 сая тонн нь технологийн шохойнх байгаа юм. Хэрэв бид шохойн ордоо албан ёсоор эргүүлэн авч, жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж чадвал ордын нөөц 28 жил, технологийн шохойн нөөц 7 сая тонн, борлуулалтын орлого 1 их наяд төгрөг, цэвэр ашиг 348 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарсан. Ямартай ч манай удирдлагын баг, 800 гаруй ажилтан, Хөтөл хотын 2000 орчим иргэн хөдөлгөөн өрнүүлж, гарын үсэг цуглуулан уг лицензийг цуцлуулах хүсэлтээ өгснөөр маш хурдан хугацаанд үр дүнд хүрлээ. Одоо бид хуулийн дагуу АМГТГ-т өргөдөл өгч, 1981 онд хайгуул хийж, нөөц тогтоосон талбайгаа эргүүлэн авах ажил өрнүүлнэ” гэв.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.