МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАНАЙ 6 ОПЕРАТОР ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАРЛОВОРЛДЫН СЕРТФИКАТ ГАРДЛАА

МАНАЙ 6 ОПЕРАТОР ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАРЛОВОРЛДЫН СЕРТФИКАТ ГАРДЛАА

Дэлхийн уул уурхайн техникүүдийг ханган нийлүүлдэг алдарт Gaterpillar компанийн охин компани болох “Барловорлд Монгол” ХХК-тай бид уул уурхайн техникүүд худалдан авах, засвар үйлчилгээ авах, ажилчдаа мэргэшүүлэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд тус компанийн Gaterpillar брэндийн сургагч багш Болд-Эрдэнийн сургалтад манай Геологи, уул уурхайн хэлтсийн Б.Дашням, Ц.Батцэнгэл, Г.Ганбаатар, Г.Баярмагнай, Н.Ууганбаатар, Г.Отгонбат нарын 6 оператор хамрагдаж, аюулгүй ажиллагаа, машины онцлог, техникийн үзүүлэлт, дадлага ажил явуулсны үндсэн дээр шалгалт өгч, зургуулаа тэнцэн “Барловорлд Монгол” ХХК-ийн мэргэшсэн сертфикатийг өнөөдөр Гүйцэтгэх захирал Л.Наранбаатараас гардан авлаа. Тэрбээр “Энэхүү сертфикат нь мэргэжил дээшлүүлэх буюу дэлхийн улс орнуудын гадаад, дотоодын томоохон уул уурхайд ажиллахад техникийн талаар бүрэн мэдлэгтэй буюу энгийн операторын дараагийн түвшинд гарсныг баталгаажуулсан, хүлээн зөвшөөрөгдсөн бичиг баримт юм байна. Геологи, уул уурхайн хэлтсийн 6 оператор маань дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд боллоо. Та нартаа баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье” гэв.

Энэ үеэр манай SEM676 болон HOWO-гийн хослолын бүтээлийн судалгаа хийснээ тус компанийн мэргэжилтнүүд танилцуулав. Эндээс хамгийн сонирхолтой нь, дугуйт ачигч болон автосамосволын дан болон хослолсон гурван бүлэгт хуваан хийсэн судалгааны хэсэг нь анхаарал татав. Энэ талаар тус компанийн мэргэжилтэн Б.Элбэг ярихдаа “SEM676-аар 633 метр куб шохойн ачилт хийхэд нийт 60 литр түлш зарцуулсан бол хосолсон байдлаар 288, зөвхөн автосамосволоор 222 литр түлш зарцуулсан байна. Ингээд бид нэг литр түлшээр хэдэн метр куб шохойн чулууг бутлуур руу зөөж байна вэ гэдгийг тооцоход, нэг литр түлшээр 2.23 метр куб шохойн чулууг зөөж байв. Өөрөөр хэлбэл, нэг литр түлшийг 3500 төгрөгөөр гэвэл ийм зардлаар 2.23 метр куб шохойн чулуу зөөж байна гэсэн үг. Мөн бүтээлээ тонн руу шилжүүлэхэд, том машины хослол нэг цагт 319 тонн шохойн чулууг бутлуурт хүргэж, бутлуур нь цагт 250 тонныг бутлан гаргаж байна гэсэн бүтээмжийн тооцоолол гарсан. Мөн бутлуур дээр буулгахад 16 минутын хүлээгдэл үүсэж буй учраас технологийн зам дээр 1 ширхэг SEM676, 2 ширхэг 371 хосолж ажиллавал бутлуур дээр хүлээгдэл үүсэхгүй, рейсийн хугацаа 36 хувиар өсөх, түлшний ашигтай зарцуулалт нэмэгдэх боломжтой” гэв.

Нэмж мэдээлэхэд, манай Геологи уул уурхайн хэлтэст өнөөдрийн байдлаар нийт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, уурхайн техник хэрэгслүүдийг өөрсдийн хөрөнгөөр, ямар нэгэн өр зээл тавихгүй худалдан аваад байгаа юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК нь “Хөтөл-1”, “Хөтөл-2” шохойн чулуун ордны ил уурхайгаас жилдээ 1 орчим сая тоннын олборлолт явуулж, Шохойн болон Чулуунцрын үйлдвэрийг түүхий эдээр ханган ажилладаг. Чулуунцрын үйлдвэр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн (клинкер) үйлдвэрлэж, цементийн үйлдвэрт нийлүүлдэг бол Цементийн үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн болох 32.5, 42.5, 52.5 маркийн цемент үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм.