БИДНИЙ ҮНЭ ЦЭН
А.Адъяа: Хөтөлийн үйлдвэр чанараа тасралтгүй хадгалаад явж байгаа нь маш чухал
Хөтөлийн үйлдвэр чанараа тасралтгүй хадгалаад явж байгаа нь маш чухал Ерөөс барилгын материал гэлтгүй аливаа түүхий эдийг ханган нийлүүлэхэд тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаа чухал юм. Хөтөлийн “Цемент шохой” ХХК өнгөрсөн хугацаанд олон компанитай хамтран ажиллаж, олон ч төсөл хөтөлбөрт оролцож ирсэн. “Цемент шохой” ХХК-тай хамтын ажиллагаатай “Стандарт стийл” ХХК нь Дархан-Уул аймгийн бетон зуурмагийн хэрэглээний 30 хувийг дангаар нийлүүлдэг ба барилгын салбарт мөн үйл ажиллагаа явуулдаг юм. Ажлын гүйцэтгэл нь чанартай байдгийн нэг гол хүчин зүйл бол чанартай түүхий эд болохыг “Стандарт стийл” компанийн захирал А.Адъяа ярьж байна.
-Барилга, орон сууц, томоохон үйлдвэрүүд, цаашлаад төвийн бүс нутаг болох Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн барилгын салбарын бүтээн байгуулагчид Сэлэнгэ аймаг, Сайхан суманд байрлалтай Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс түүхий эдээ татан авдаг. Миний хувьд “Стандарт стийл” компанийн дэргэдэх бетон зуурмагийн үйлдвэрээ удирдаад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Манай “Стандарт стийл” компанийн үйлдвэр бол Дархан-Уул аймгийн бетон зуурмагийн анхдагч үйлдвэр ба 2012 онд үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Бид Дархан-Уул аймгийн нийт бетоны хэрэглээний 30 хувийг дангаараа хангадаг ба барилгын салбарт мөн төсөл хэрэгжүүлдэг.
Тухайлбал, Дарханы хамгийн том орон сууцны хороолол болох “Park Town 1, 2” хорооллыг барьсан бөгөөд одоо “Park Town 3” төслийг хэрэгжүүлж байна.
Бид өнгөрсөн 10 гаруй жилд барилгын салбарт тэр дундаа Дархан хотдоо маш олон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хийж гүйцэтгэсэн. Үүний томоохон ажлуудыг дурдвал, Дарханы арьс ширний цогцолбор үйлдвэрийн төсөл байна. Харамсалтай нь, одоогоор үйл ажиллагаа нь зогсчихсон байгаа. Тус цогцолборын цэвэрлэх байгууламжийн бетон, ус сувагчлалын бетоныг манайх хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн Дарханд баригдсан оюутны хотхон болон спорт цогцолборын барилгыг нэрлэж болно. Удахгүй спорт цогцолбор маань хүүхэд залууст үүд хаалгаа нээх гэж байна. Мөн авто замын салбарт, Дархан-Шарын гол, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт болон Дархан доторх замууд, Хонгор сумын Салхит баг руу чиглэлтэй шинэ зам, гүүрийг барихад оролцжээ. Үүнээс гадна бетон хийцлэлийн үйлдвэрүүд манайхаас зуурмагаа авдаг.
Бетонгүй бүтээн байгуулалт гэж үгүй. “Эрэл”, МАК, Хөтөл, “Монцемент” зэрэг үйлдвэрийн цементүүд өөр өөрийн гэсэн онцлог найрлагатай байдаг. Манай инженерүүд тэрхүү онцлогт нь тохируулж технологио гаргадаг юм. Тиймээс түүхий эдийн хамгийн гол хүчин зүйл бол тухайн цемент маркандаа хүрэх, чанарын өөрчлөлтгүй байх явдал. Хөтөлийн цемент чанартай, доголдолгүй байдаг учраас бидний гаргасан технологи болон бетон үйлдвэрлэлд тохирдог. Бетон бол барилгын гол хийцлэл шүү дээ. Энэ 100 жил байж гэмээн хэдэн үеэрээ дамжуулан үр хүүхдэдээ өмчлүүлэх хөрөнгө болдог. Энэ утгаараа Хөтөлийн “Цемент шохой” компанийн цемент олон жилийн турш чанараа хадгалж байгаа нь бидний сонгох шалтгаануудыг нэг болдог.
Эх сурвалж: “Шинэ Хөтөл” сонин 2024/05 дугаар №2