“Цемент шохой” компанийн 40 жилийн ойн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн технологи-2023” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуультай хамтран Улаанбаатар хотноо энэ сарын 3-ны өдөр зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд барилгын салбарын бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчид, ШУТИС-ийн эрдэмтэн, докторууд болон Хөтөлийн “Цемент шохой” компанийн инженер техникийн ажилтан нарын 100 гаруй хүн оролцлоо.
Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд барилгын салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050“ бодлогын баримт бичгийн хүрээнд барилгын материалын салбарыг 3 үе шаттай хөгжүүлэхээр төлөвлөжээ.
1-р үе шатанд: Барилгын материалын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх
2-р үе шатанд: Импортыг орлох түүхий эд, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх
3-р үе шатанд: Дотоодын хэрэгцээг 100% хангаж, экспортод гаргах юм.
Харин Засгийн газрын дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг 2024 оноос эрчимжүүлэхээр зэхэж байна. Энэхүү төсөл нь 21 аймгийн төвүүдийг хооронд нь, Монгол Улсын хилийн боомтуудтай холбох төсөл билээ. Энэ төслийн хүрээнд 2024 онд багтааж 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх, Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрх зүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд 2024 оны төсвийн жилийн онцлог байх болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.
Тэгвэл 2024 он гарахад хэдхэн сар үлдсэн энэ цаг үед Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад барилгын салбарынхан гүйцэтгэх үүргээ тодорхойлох, улмаар барилгын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, шинээр нэвтэрч буй техник, технологи, инновац шингэсэн туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн өртөг гэх мэт өргөн хүрээнд салбарынхан чууллаа.
Засгийн газрын дунд хугацааны Шинэ сэргэлтийн бодлогын Аж үйлдвэржилтийн сэргэлт нь барилгын салбарын хамгийн чухал сэргэлт.
Монгол Улс нийт барилгын материалынхаа 63%-ийг импортоор оруулж ирж байгаа бол үлдсэн 37%-ийг дотооддоо үйлдвэрлэж байна. Мөнгөн дүнгээр авч үзвэл, 1.7 тэрбум ам.доллароор нефть, 1 тэрбум 80 сая ам.доллараар хоол хүнсээ, 1 тэрбум 20 сая ам.доллараар барилгын материалаа худалдан авч байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр барилгын салбарын бодлого тодорхойлогчид таатай мэдээ дуулгасан нь импортыг орлох барилгын материал үйлдвэрлэх олон төсөл хэрэгжиж, зарим үйлдвэрүүд үүд хаалгаа нээж, зарим нь бэлтгэл ажлаа хангаад явж байгаа тухай байлаа.
Тухайлбал, арматурын хувьд гурван том төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн жилд 300 мянган тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай “Монгол ган цогцолбор” төсөл гараанаас гарсан
-Эрдэнэт хотод байрлах “Бэрэн” гангын үйлдвэр,
-Дорноговьд мөн нэг гангийн үйлдвэр ажиллаж байгаа тухай байлаа. Эдгээр үйлдвэрүүд төлөвлөсөн ёсоор ашиглалтад орвол дотоодынхоо арматурын хэрэгцээг 100% хангах боломж бүрдэх юм. Цаашлаад хавтгай шил, арматур, цементээ дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр нийт барилгын материалынхаа 50 хувийг дотоодоосоо хангах боломж бүрдэх нь ээ.
Цемент шохойн үйлдвэр нь Монголын улсын нийт хүн амын 60 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын дунд байрладаг ба төмөр зам, авто зам гээд дэд бүтэц хөгжсөн, уурхайн орд газартай, цемент, шохой болон дулааны үйлдвэрлэлтэй, мэргэжлийн боловсон хүчинтэй гэдгээрээ давуу талтай. Иймд хамгийн бага зардлаар эдийн засгийн тулгуур төвүүдэд барилгын материал нийлүүлэх бодит боломж байна.
Ийнхүү эх орондоо баялаг бүтээгчдээ дэмжиж, баялаг бүтээж буй төслүүдээ ганц хором ч гацаахгүйгээр урагшлуулж чадвал Монгол Улс 10 жилийн дараа барилгын материалынхаа 63%-ийг импортолдог бус дотооддоо үйлдвэрлэдэг, улмаар барилгын материалаа экспортлогч орон болох том амбицтай байна. Үүний тулд гагцхүү төр-хувийн хэвшлийн түншлэл, төрөөс хэрэгжүүлж буй бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.
Ингэж хөгжиж чадахын нэг жишээ бол БНХАУ-ын хил, гааль хаалттай, тээвэр логистикийн хүндрэлтэй байсан ковидын цаг үед бид хэнээс ч хамааралгүйгээр бүтээн байгуулалтаа явуулж, олон мянган айлын орон сууц, сургууль цэцэрлэг, зам, гүүрээ барьж чадсан явдал.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр барилгын салбарын хууль эрх зүйн орчин ямар байгаа талаар хөндлөө. Тодруулбал, Барилгын материалын тухай хуульд үйлдвэрлэгчтэй холбоотой хэдхэн л зүйл заалт байхаас бус ханган нийлүүлэгчид, импорлогчид чиглэсэн зүйл заалт байдаггүй ажээ. Иймд барилгын салбарын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, норм дүрм, нормативийг нийцүүлэх шаардлагатай бөгөөд эдгээр ажлыг эхлүүлсэн талаараа БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг хэлсэн юм.
Нэг өдрийн турш үргэлжилсэн эрдэм шинжилгээний хуралд үнсийг ангилан ялгаж, үйлдвэрлэгчдэд хүргэснээр Улаанбаатар хот хог хаягдлынхаа тодорхой хувийг цементийн үнэт түүхий эд болгон хувиргах боломж, инновац шингэсэн, эрчим хүчний хэмнэлттэй “рело” ган бөмбөлөгийг үйлдвэрлэлд ашигласнаар гарах үр дүн, портландцементийн хими-эрдэс зүйн найрлага, бетон зуурмагт үзүүлэх нөлөө, ангиалан олборлолтын Виртген технологийг уурхайд нэвтрүүлэх, аж үйлдвэрийн салбарт хиймэл оюун ухаанд суурилсан технологи нэвтрүүлэх боломж гэх мэт 16 илтгэлийг танилцуулснаар Шинэ сэргэлтийн бодлого, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Цемент шохой” компани Хөтөлд үйлдвэрлэл технологийн парк байгуулж, барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор болох зорилтоо ажил хэрэг болгоход нэг алхам урагшиллаа.