- “Цемент шохой” ТӨХК-ийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн технологи-2023” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуультай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
- Цемент шохойн үйлдвэр байгуулагдсан 1983 оноос хойш 40 жилийн хугацаанд “Цемент шохой” ТӨХК улс эх орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулж ирсэн. Онцлох бүтээн байгуулалтаас дурдвал, Орхон, Дархан-Уул, Багануур, Бор-Өндөр, Шивээ-Овоо болон Улаанбаатар хотын 1, 3, 4, 11, 13 дугаар хорооллын орон сууцнууд, Маршалын болон Нарны гүүр, Мянганы замын үерийн усны далан, хоолой, Увс, Хөвсгөл, Өмнөговь аймаг болон “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөл ба Хөшигтийн хөндийн онгоцны буудал, УБТЗ-ын бетон дэрний үйлдвэрийн бүтээгдэхүүн зэргийг Хөтөлийн цементээр бүтээн босгожээ.
- 2022 онд “Цемент шохой” ТӨХК нь 328 мянган тонн чулуунцар, 403 мянган тонн цемент, 52 мянган тонн шохой, 44 мянган Гкал дулаан үйлдвэрлэж, 100.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Өнгөрсөн 2015-2021 онд 124.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн үйлдвэрийг төрд эргүүлэн авснаар цэвэр ашигтай ажиллуулсан юм.
- Түүхт 40 жилийн ой тохиож байгаа “Цемент шохой” ТӨХК-ийн санаачлан зохион байгуулж буй уг хурлаар барилгын материал үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, цемент, шохойн үйлдвэрлэлийн техник, технологийн талаар танилцуулж, цаашдын чиглэлээ тодорхойлох зорилготой юм.