Түүх
Цементийг хуурай аргаар үйлдвэрлэх арга 1800-аад оноос эхтэй бөгөөд тэр үеийн дэлхийн өндөр хөгжилтэй, үйлдвэрлэл хөгжсөн зүүн, баруун европ, Англи, Герман, Дани зэрэг орнууд энэ аргаар үйлдвэрлэл хөгжүүлж эхэлжээ.
Монгол улсын хувьд, зах зээл хөгжиж, их бүтээн байгуулалтанд цементийн хэрэгцээ өссөөр байхад, үйлдвэрүүд хуучирч, эрэлт хэрэгцээг гадны бүтээгдэхүүнээр нөхөж байгаа нь шинэ бодлого, үйл ажиллагааг эхлүүлэх зайлшгүй нөхцөлийг шаардаж эхэлсэн.
2000 онд ЗТБХБЯ-аас тавьсан саналын дагуу Япон улсын зөвлөх институтээс цементийн үйлдвэрийг хуурай аргад шилжүүлэх тооцоо хийж, зөвхөн эргэх 2-р зуухыг тайрч богиносгон хуурай аргад шилжүүлэх боломжтой тухай төсөл боловсруулан гаргажээ.
2009 онд энэхүү тайланд тулгуурлан захирлын зөвлөлийн хурлын шийдвэр гарч Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн цемент үйлдвэрлэлтийн технологийг нойтон аргаас хуурай аргад шилжүүлэх техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо судалгаа хийж, уг асуудлыг компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлснээр ТӨХ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ, МБМҮХ-оос төлөөлөн орсон 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, хөрөнгө оруулалтын урьдчилсан танилцуулга боловсруулан УИХ, ЗГ-т асуудал дэвшүүлэн тавьсан байна.
УИХ болон Засгын газрын тогтоолоор тус үйлдвэрийг хувьчлахгүйгээр, технологийг хуурай аргад шилжүүлж, үйлдвэрлэлтийг 1 сая тонн хүргэх нөхцөлтэйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах шийдвэр гарчээ.
Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын 2, Унгар улсын 1, манай Монголын “Бэйзмент” болон Герман улсын тэргүүлэх аж үйлдвэрийн нэгдэл болох “Humboldt Wedаq” компанийн хамтарсан саналууд ирсэн байна.
Манай Монголын үндэсний “Бэйзмент” ХХК нь ямар нэг баталгаа, батлан даалт шаардахгүйгээр цементийн үйлдвэрийн 2-р шугамын технологийн шинэчлэлийг хийх төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, нэмэлт хөрөнгө оруулалт хийж, 1 сая тонн үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ил уурхайн машин механизмыг шинэчлэх, автомашин механизмын паркыг өргөтгөх, төмөр замын хангалтын асуудлыг иж бүрэн шийдвэрлэх зэрэг хэд хэдэн давуу талыг нь ТУЗ харгалзан үзэж, хөрөнгө оруулагч компаниар шалгаруулан 2011 оны 11-р сард гэрээг байгуулжээ.