Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background

  • + -

    АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

    2006 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот

    АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    Нийтлэг үндэслэл
    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
    1.1.Энэ хуулийн зорилт нь авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
    2 дугаар зүйл. Хууль тогтоомж
    2.1.Авлигын эсрэг хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
    2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
    21 дүгээр зүйл. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр
    21.1.Улсын Их Хурал Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан хугацаагаар батална.
    /Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
    3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
    3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
    3.1.1.“авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг;
    3.1.2.“ашиг хонжоо” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;
    3.1.3.“албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;
    3.1.4.“давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;
    3.1.5.“олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа” гэж олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах арга хэмжээний цогцолборыг;
    3.1.6.“авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний цогцолборыг;
    3.1.7.“хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил” гэж Авлигатай тэмцэх байгууллагад хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт явуулж байгаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг;
    3.1.8.“гүйцэтгэх ажил” гэж Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан ажиллагааг;
    3.1.9.“сонгуульд нэр дэвшигч” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг.
    4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
    4.1.Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:
    4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;
    4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;
    4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;
    4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;
    4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;
    4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;
    4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;
    4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан.
    /Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    Олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
    5 дугаар зүйл. Олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
    5.1.Энэ хуулийн 3.1.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
    5.1.1.Улсын Их Хуралд хэлэлцэгдэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо, нөхцөлөөр хангах;
    5.1.2.төрийн байгууллага авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаархи мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг хангах;
    5.1.3.авлигын асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажилд сургалт, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудыг оролцуулах;
    5.1.4.сургалтын байгууллагууд эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд суралцагчдад авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж, түүнийг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх;
    5.1.5.албан бус боловсролын байгууллага болон сургуулиас гадуурх сургалт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу авлигын нийгмийн хор аюулыг суралцагчдад тайлбарлан таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлэх;
    5.1.6.хэвлэл мэдээллийн байгууллага авлигын аливаа хэлбэрийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйн орчинг төлөвшүүлэхэд нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогыг чиглүүлэх, энэ талаар байнга мэдээлэл, сурталчилгаа явуулах.
    6 дугаар зүйл. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
    6.1.Төрийн байгууллага энэ хуулийн 3.1.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
    6.1.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг;
    6.1.2.тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн анхаарал татаж байгаа мэдээллийг нээлттэй болгох, сонирхогч нийгмийн бүлгүүдэд өөрийн бодлого, байр суурийг танилцуулах, хяналтын тодорхой аргыг дэвшүүлэн хэрэгжүүлэх бололцоо олгох зорилгоор харилцан зөвлөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх;
    6.1.3.төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах;
    6.1.4.төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх;
    6.1.5.тухайн байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод байлгаж, түүнтэй танилцах боломжоор хангах;
    6.1.6.төрийн албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, эрхэлж байгаа ажлын онцлогтой нь холбогдуулж түүнд хориглох зүйлийг Төрийн албаны тухай хууль болон энэ хуульд заасны дагуу тогтоон мөрдүүлэх;
    6.1.7.төрийн байгууллага нээлттэй, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд тавих хяналтад төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах, мэдээллийг харилцан солилцох, олон нийтэд мэдээллийг тогтмол хүргэж байх;
    6.1.8.авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх асуудлыг бүтцийн нэгждээ хариуцуулах;
    6.1.9.төрийн байгууллага тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө Авлигатай тэмцэх газраас санал авах;
    6.1.10.төрийн байгууллагаас гаргасан шийдвэр иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой, нээлттэй байх;
    6.1.11.иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх энэ чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх;
    /Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    6.1.12.бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаварыг нь арилгах арга хэмжээ авах;
    6.1.13.авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих;
    /Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    6.1.14.энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг төрийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх, биелэлтийг холбогдох байгууллагад тайлагнах.
    /Энэ заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
    6.2.Төрийн бүх шатны байгууллагын албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа олж мэдсэн авлигатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй байвал Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ.
    6.3.Шүүх, прокурор, цагдаа, Авлигатай тэмцэх газар, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын агентлаг байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно.
    6.4.Энэ хуулийн 6.3-д заасан байгууллагын байранд улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
    6.5.Авлигаас урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9,10 дугаар зүйлд заасан эрх, нийтлэг үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:
    6.5.1.төрийн бус байгууллага гишүүнийхээ ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;
    6.5.2.хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагааныхаа ёс зүйн зарчмуудыг тогтоож, дагаж мөрдөх.
    6.6.Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.
    /Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    6.7.Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө.
    6.8.Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.
    6.9.Энэ хуулийн 6.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг шүүгч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
    /Энэ хэсэгт 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    7 дугаар зүйл. Хориглох зүйл
    7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:
    7.1.1.албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;
    7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;
    7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;
    7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;
    7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;
    7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;
    7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;
    7.1.8.үндэслэлгүйгээр хөрөнгөжих.
    Тайлбар: Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ.
    /Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    8 дугаар зүйл. Авлигын тухай мэдэгдэх
    8.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
    8.2.Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй.
    /Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    9 дүгээр зүйл. Өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл өгөх
    9.1.Иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгч болно.
    9.2.Авлигатай тэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах
    10 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах
    10.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална.
    10.2.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
    /Энэ хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    10.3.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.
    10.4.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ.
    /Энэ хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    10.5.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.3, 10.4-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гаргаж өгөөгүйд тооцно.
    10.6.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хороонд, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгуулийн тойргийн хороонд, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд сонгуулийн хуульд заасан хугацаанд тус тус хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргана.
    10.7.Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална.
    /Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    11 дүгээр зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах
    11.1.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг дараах байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгална:
    11.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар;
    11.1.2.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;
    11.1.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл;
    11.1.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба;
    11.1.5.бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан.
    11.2.Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн, сонгуулийн тойргийн хороо Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, холбогдох хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгнө.
    11.3.Энэ хуулийн 11.1.4, 11.1.5-д заасан хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаарх тайланг, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан этгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.
    11.4.Энэ хуулийн 11.2-т заасан сонгуулийн хороо сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа тухайн сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж, хадгалуулна.
    11.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд гаргаж өгнө.
    /Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    12 дугаар зүйл. Захидал харилцааны нууцлал
    12.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар Авлигатай тэмцэх газарт хандаж гаргасан захидал, хүсэлт, асуулт, тэдгээрт өгсөн хариулт, зөвлөгөө нь хувь хүний нууцад хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулна.
    12.2.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үүрэг хүлээсэн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойшхи хугацаанд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөл болон хуульд зааснаас бусад тохиолдолд мэдүүлэг гаргагчийн болон энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийг задруулах, ямар нэгэн зорилгоор ашиглахыг хориглоно.
    12.3.Энэ хуулийн 12.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Хувь хүний нууцын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
    12.4.Мэдүүлэг гаргагч тэтгэвэр тогтоолгох буюу албан тушаалаас огцрох, халагдах, чөлөөлөгдөх зэргээр бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд хөрөнгө, орлогынх нь мэдүүлгийг 5 жилийн хугацаанд хадгалах бөгөөд уг хугацаа дуусмагц түүнийг өөрт нь, хэрэв нас барсан бол эхнэр буюу нөхөр, эсхүл хууль ёсны өв залгамжлагчид нь шилжүүлж өгнө.
    13 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл
    13.1.Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 11.1.2-т зааснаас бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.
    13.2.Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ.
    13.3.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.
    13.4.Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана.
    /Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    13.5.Авлигатай тэмцэх газар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно.
    13.6.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар
    тайлбар гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана.
    13.7.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй.
    13.8.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:
    13.8.1.нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;
    /Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    13.8.2.зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 3О хувиар бууруулах;
    /Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    13.8.3.зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
    /Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    13.8.4.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.
    13.9.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.
    /Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    14 дүгээр зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх
    14.1.Дараахь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ба цахим мэдээллийн сүлжээнд байрлуулна:
    14.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;
    14.1.2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;
    14.1.3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;
    14.1.4.Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;
    14.1.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
    14.1.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;
    14.1.7.Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;
    14.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
    14.1.9.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга;
    14.1.10.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
    14.1.11.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
    14.1.12.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга;
    14.1.13.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;
    14.1.14.Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;
    14.1.15.Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;
    14.1.16.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;
    14.1.17.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;
    14.1.18.Ерөнхий аудитор, түүний орлогч;
    14.1.19.Засгийн газрын агентлагийн дарга;
    14.1.20.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;
    14.1.21.аймаг, нийслэлийн Засаг дарга.
    14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна.
    14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэл авах боломжийг хангана.
    14.4.Иргэд бичгээр, амаар, цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авч болох бөгөөд тэдгээрт мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батална.
    14.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаар жил бүр олон нийтэд мэдээлнэ.

    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    Авлигатай тэмцэх байгууллага, түүний бүрэн эрх
    15 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газар
    15.1.Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
    15.2.Энэ хуулийн 15.1-д заасан газрын харьяанд авлигатай тэмцэхтэй холбогдсон судалгаа шинжилгээ хийх үүрэг бүхий бүтцийг байгуулж болно.
    15.3.Авлигатай тэмцэх газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Yндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
    15.4.Авлигатай тэмцэх газар бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний тодорхойлолт, загвар, хэрэглэх журмыг Авлигатай тэмцэх газрын дарга батална.
    15.5.Авлигатай тэмцэх газар тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
    16 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны үндсэн зарчим
    16.1.Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална.
    16.2.Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
    17 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын бүтэц
    17.1.Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог Улсын Их Хурал батлах бөгөөд урьдчилан сэргийлэх, судалгаа дүн шинжилгээний, хяналт шалгалтын, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлын, захиргааны чиглэлийн гэсэн үндсэн бүтэцтэй байна.
    18 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрх
    18.1.Авлигатай тэмцэх газар олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
    18.1.1.улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэнд нь хяналт тавих;
    18.1.2.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах талаар аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлд үүрэг, чиглэл өгөх;
    18.1.3.авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх;
    18.1.4.төрийн бус байгууллага, иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;
    18.1.5.авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх;
    18.1.6.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх;
    18.1.7.төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх.
    18.2.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиглэлээр дараахь чиг үүрэгтэй:
    18.2.1.хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргах талаар сургалт явуулах, гарын авлага, зааварчилгаа гаргах;
    18.2.2.мэдүүлэг гаргагчийн амаар болон бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу мэдүүлгийг хэрхэн бөглөх, нэмэлт оруулах, бүртгэх, шилжүүлэх талаар урьдчилан зөвлөгөө өгөх, бичгээр хариу мэдэгдэх, асуулт хариултын нууцыг хадгалах.
    18.3.Авлигатай тэмцэх газар чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллана.
    18.4.Авлигатай тэмцэх газар дараахь бүрэн эрхтэй:
    18.4.1.авлигын эсрэг явуулах төрийн бодлого, шийдвэр, түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;
    18.4.2.авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах;
    18.4.3.авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан төрийн байгууллагаас холбогдох мэдээ, судалгаа, тайланг гаргуулан авах;
    18.4.4.аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардлагатай мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;
    18.4.5.авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажил эрхэлдэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах;
    18.4.6.авлигын холбогдолтой өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгах;
    18.4.7.хуулиар харьяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
    18.4.8.чиг үүрэгтээ холбогдох асуудлаар мэдээ, мэдээлэл авах, мэдээллийн нууцыг хадгалах;
    18.4.9.өөрийн байгууллага, ажилтныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
    18.4.10.гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад албан тушаалтан буюу иргэнд ил болсон нууцыг задруулахгүйн тулд уг этгээдээс бичгээр баталгаа гаргуулан авах, баталгааг зөрчсөн тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх;
    18.4.11.хуулиар харьяалуулсан хэргийг шалгах явцад илэрсэн авлигын гэмт хэрэгтэй холбоогүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх, энэ хуулийн 6.6, 7.1.7, 7.1.8-д заасан зөрчлийг хянан шалгаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;
    /Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    18.4.12.өөрийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн гэрч, бусад этгээдийг шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахуулах;
    18.4.13.хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргавал зохих этгээдийн жагсаалтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч хянах;
    18.4.14.хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих, мэдээлэл өгөх журмын биелэлтийг шалгах;
    18.4.15.мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих, шалгах, хугацаа хожимдуулсан буюу санаатай худал мэдүүлсэн этгээдэд холбогдох хуульд заасан арга хэмжээг авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
    /Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    18.4.16.хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар бичгээр дүгнэлт, зөвлөмж гаргах;
    18.4.17.авлигатай тэмцэх асуудлаар гадаад орнуудын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох.
    18.5.Авлигатай тэмцэх газар Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр тодорхой хэргийг цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран шалгаж болно.
    18.6.Авлигатай тэмцэх газар нь тодорхой хэрэгт гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, энэ хуульд заасан журмыг баримтална.
    19 дүгээр зүйл. Авлигатай тэмцэх газрын албан хаагчид тавигдах шаардлага
    19.1.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно.
    /Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    19.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг Авлигатай тэмцэх газрын дарга батална.
    19.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч зэрэг дэвтэй байх бөгөөд түүнийг олгох журмыг Улсын Их Хурал батална.
    19.4.Авлигатай тэмцэх газрын захиргаа, үйлчилгээний ажилтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.
    19.5./Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
    20 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн тангараг
    20.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагч томилогдсон даруйдаа “Авлигатай тэмцэх газрын ажилтан би хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.
    21 дүгээр зүйл. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа
    21.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.
    21.2.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад нэр дэвшигч энэ хуулийн 19.1-д зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:
    21.2.1.Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;
    /Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    21.2.2.Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.
    21.3.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг зөвхөн нэг удаа улируулан томилж болно.
    21.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, дэд дарга томилогдсоноор дуусгавар болно.
    21.5.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
    22 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах
    22.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
    22.1.1.өөрөө хүсэлт гаргасан;
    22.1.2.биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
    22.1.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
    22.2.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.
    22.3.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга огцрох тухай хүсэлтээ Улсын Их Хуралд бичгээр гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг Улсын Их Хурлын чуулганы үед гаргасан бол 21 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган эхэлснээс хойш 21 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
    22.4.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.
    22.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.
    23 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын даргын бүрэн эрх
    23.1.Авлигатай тэмцэх газрын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    23.1.1.Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдах;
    23.1.2.Авлигатай тэмцэх газрыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
    23.1.3.эрх тэгш байх, харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт нь үл оролцох зарчмын үндсэн дээр гадаад улсын тусгай алба, байгууллагатай харилцан ажиллах;
    23.1.4.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг томилох, чөлөөлөх, зэрэг дэв, нэмэгдэл олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;
    23.1.5.Авлигатай тэмцэх газрын дотоод үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх;
    23.1.6.Авлигатай тэмцэх газрын хүний нөөц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргах;
    23.1.7.гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах;
    23.1.8.Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу нууц арга, хэрэгсэл ашиглах зөвшөөрөл олгох;
    23.1.9.гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах шийдвэр гаргах;
    23.1.10.байгууллагынхаа ажилд тавих дотоод хяналтыг хэрэгжүүлэх;
    23.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.
    23.2.Авлигатай тэмцэх газрын даргын түр эзгүйд түүний шийдвэрээр дэд дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.
    24 дүгээр зүйл. Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн албан хаагчийн эрх
    24.1.Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн албан хаагч хуульд заасан журмын дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    24.1.1.Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан гүйцэтгэх ажилтны эрх, үүргийг эдэлж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулах;
    24.1.2.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн эрх, үүргийг эдэлж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах;
    24.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын байранд нэвтрэн орох;
    24.1.4.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний банкинд байгаа данс, гүйлгээг шалгах, түр зогсоох;
    24.1.5.хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрөнгө битүүмжлэх;
    24.1.6.албан тушаалтан, иргэнээс тайлбар гаргуулах, мэдүүлэг авах, түүнийг албадан ирүүлэх;
    24.1.7.албан үүргээ гүйцэтгэх явцдаа хойшлуулшгүй тохиолдолд дипломат төлөөлөгч, төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтан, үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламж, гал унтраах алба, техникийн ослын дуудлагынхаас бусад авто тээврийн болон холбооны хэрэгслийг өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр дайчлах, ашиглах;
    24.1.8.албан үүргээ гүйцэтгэх явцдаа галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх;
    24.1.9.албан үүргээ гүйцэтгэх явцдаа зорчигч тээврийн болон холбооны хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх;
    24.1.10.Авлигатай тэмцэх газрын чиг үүрэгт хамаарах бусад бүрэн эрх.
    24.2.Галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурор, Авилгатай тэмцэх газрын дарга хамтран батална.
    24.3.Энэ хуулийн 24.1.7-д заасны дагуу хувийн өмчийн тээврийн хэрэгслийг ашигласан бол холбогдох хөлс болон гарсан зардлыг нөхөн төлнө.
    25 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
    25.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагч Төрийн албаны тухай хууль болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох үйлдлээс гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
    25.1.1.нам, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, тэдгээртэй адилтгах бусад байгууллагын гишүүнээр элсэх, удирдах албан тушаалд сонгогдох, томилогдох;
    25.1.2.албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон буюу өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах;
    25.1.3.удирдлагын тусгайлан өгсөн зөвшөөрөлгүйгээр албан ажлын-хаа талаар нийтэд болон бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл дамжуулах;
    25.1.4.Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албаны болон хувийн ажлаар гадаадад зорчих;
    25.1.5.дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний зардлаар аялах, жуулчлах, амрах;
    25.1.6.тогтоосон журмыг зөрчиж бусдаас бэлэг дурсгалын зүйл авах.
    25.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчид нь хоорондоо нэг гэр бүлийн буюу төрөл садангийн холбоотой байхыг хориглоно.
    25.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүрэг гүйцэтгэж байх үедээ өөрт нь илэрхий болсон нууцыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш ямар нэгэн зорилгоор ашиглахыг хориглоно.
    26 дугаар зүйл. Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд тавих хяналт
    26.1.Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлнэ.
    /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    26.2.Авлигатай тэмцэх газар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана.
    26.3.Прокурорын байгууллага нь Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавина.
    27 дугаар зүйл. Олон нийтийн зөвлөл
    27.1.Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана.
    27.2.Олон нийтийн зөвлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилно.
    27.3.Олон нийтийн зөвлөлийн гишүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшүүлэхгүй.
    27.4.Олон нийтийн зөвлөлийн гишүүн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хамаарах нууцыг задруулахыг хориглоно.
    27.5.Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

    ТАВДУГААР БҮЛЭГ
    Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны баталгаа
    28 дугаар зүйл. Улс төрийн баталгаа
    28.1.Авлигатай тэмцэх газрын байранд улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
    28.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албандаа хүндэтгэлтэй хандана.
    29 дүгээр зүйл. Эдийн засгийн баталгаа
    29.1.Авлигатай тэмцэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
    29.2.Авлигатай тэмцэх газрын төсвийг улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.
    29.3.Авлигатай тэмцэх газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.
    29.4.Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор Улсын Их Хурал батална.
    29.5.Авлигатай тэмцэх газрыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгсэл, албан хаагчийг орон сууцаар хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааны явцад туслалцаа үзүүлсэн этгээд, гэрчийг хамгаалах, тэдгээрт санхүүгийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
    29.6.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
    29.7.Авлигатай тэмцэх газарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйл худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.
    29.8.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна.
    30 дугаар зүйл. Нийгмийн баталгаа
    30.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.
    30.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг, хэрэв хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг төр хариуцна.
    30.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
    30.4.Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
    30.5.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг тухайн байгууллагын төсвөөс төлнө.
    30.6.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд гүйцэтгэх ажил эрхэлсэн, түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан 5 жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
    30.7.Авлигатай тэмцэх газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.
    30.8.Энэ хуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ.
    30.9.Авлигатай тэмцэх газарт гүйцэтгэх ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцно.
    /Энэ хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
    30.10.Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэх бөгөөд уг хувцасны загварыг Авлигатай тэмцэх газрын дарга батална.
    /Энэ хэсгийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
    31 дүгээр зүйл. Хууль зүйн баталгаа
    31.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр, бусад албан хаагчийг Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
    31.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын талаар Улсын Их Хуралд, бусад албан хаагчийн талаар Авлигатай тэмцэх газрын даргад 48 цагийн дотор мэдэгдэнэ.
    31.3.Авлигатай тэмцэх газрын албан хаагч гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд эрх бүхий байгууллагаас түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал тавьсан бол түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Авлигатай тэмцэх газрын дарга шийдвэрлэнэ.
    31.4.Авлигатай тэмцэх газрын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна.
    32 дугаар зүйл. Бусад баталгаа
    32.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагч эрдэм шинжилгээнийхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.
    32.2.Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
    32.3.Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан Авлигатай тэмцэх газрын албан хаагч болон гэр бүлийнх нь гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
    32.4.Бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалтан харьяалал харгалзахгүйгээр биелүүлэх үүрэгтэй.
    32.5.Авлигатай тэмцэх газрын албан хаагч эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг ёсчлон биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.
    32.6. Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна.
    321 дүгээр зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих этгээд
    321.1.Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараах байгууллага хяналт тавина:
    321.1.1.Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;
    321.1.2.энэ хуулийн 321.1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар;
    321.1.3.Олон нийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавих.
    /Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/
    ЗУРГАДУГААР БYЛЭГ
    Бусад зүйл
    33 дугаар зүйл. Авлигын эсрэг хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
    33.1.Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ:
    33.1.1.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийн албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
    33.1.2.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;
    33.1.3.энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;
    33.2.Шүүгч энэ хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчсөн этгээдийн тухайн олсон эд хөрөнгө, орлогыг хураах буюу давуу эрхийг хүчингүй болгох.
    /Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    34 дүгээр зүйл. Авлигын гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврыг арилгах
    34.1.Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
    35 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
    35.1.Энэ хуулийг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

  • + -

    АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

    2006 оны 06 сарын 29 өдөрТөрийн ордон. Улаанбаатар хот
    АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
    /шинэчилсэн найруулга/

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    Ерөнхий зүйл
    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
    1.1.Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
    2 дугаар зүйл. Хууль тогтоомж
    2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
    3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
    3.1.Энэ хууль нь дор дурдсан аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна:
    3.1.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар;
    3.1.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж;
    3.1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөний газар.
    /Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
    4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
    4.1.1.“гадаад улсад олсон орлого” гэж албан татвар төлөгчийн гадаад улсад олсон, энэ хуулийн 7.3–т заасан үйл ажиллагаа, хөрөнгө, хөрөнгө борлуулсны орлогыг;
    4.1.2.”бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг;
    4.1.3.“үл хөдлөх эд хөрөнгө” гэж Иргэний хуулийн3 84.3, 86.2-т заасныг;
    4.1.4.“биет бус хөрөнгө” гэж биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийнхөө эзэмшигчид эрх, давуу эрх, онцгой эрх олгож байгаа эдийн бус хөрөнгийг;
    4.1.5.“аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани,нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг;
    4.1.6.“суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;
    4.1.7.”гадаад валютын ханшийн зөрүүгийн орлого/алдагдал/” гэж гадаад валют худалдах болон гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах зэрэг ажил, гүйлгээнээс үүссэн ханшийн зөрүүний ашиг/алдагдал/-ийг.
    5 дугаар зүйл. Албан татвар төлөгч
    5.1.Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна.
    5.2.Энэ хуулийн 5.1-т заасан албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга байрладаг, байрладаггүй албан татвар төлөгч гэж ангилна.
    5.3.Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:
    5.3.1.Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж;
    5.3.2.удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж.
    5.4.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараахь аж ахуйн нэгж хамаарна:
    5.4.1.төлөөний газраараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж;
    5.4.2.энэ хуулийн 5.4.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж.
    /Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    5.5.Энэ хуулийн 5.4.1-т заасан аж ахуйн нэгжийн аж ахуйн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн явуулж байгаа дараахь нэгжийг төлөөний газарт хамааруулна:
    5.5.1.салбар/цех, тасаг/;
    5.5.2.үйлдвэр;
    5.5.3.худалдаа, үйлчилгээний газар;
    5.5.4.газрын тос, байгалийн хийн цооног, түүнчлэн ашигт малтмал олборлож буй аливаа уурхай.
    6 дугаар зүйл. Харилцан хамаарал бүхий этгээд
    6.1.Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд“ гэж үзнэ:
    6.1.1.энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг;
    6.1.2.ногдол ашиг, ашгийн хуваарилалтынх нь 20 буюу түүнээс дээш хувийг авах эрхтэй;
    6.1.3.аж ахуйн нэгжийн удирдлагын 20 буюу түүнээс дээш хувийг томилох эрхтэй, эсхүл үйл ажиллагааных нь бодлого чиглэлийг тодорхойлдог.

    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    Албан татвар ногдох орлого
    7 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого
    7.1.Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.
    /Энэ хэсэгт 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    7.2.Энэ хуулийн 5.4-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно.
    /Энэ хэсэгт 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    7.3.Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:
    7.3.1.үйл ажиллагааны орлого;
    7.3.2.хөрөнгийн орлого;
    7.3.3.хөрөнгө борлуулсны орлого.
    7.4.Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг хасч тооцно.
    7.5.Бараа, ажил, үйлчилгээ солилцсон тохиолдолд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгоно.
    7.6.Гадаад валютаар олсон орлого, гарсан зардлыг төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн ханшийг үндэслэнэ.
    8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого
    8.1.Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:
    8.1.1.үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуу-лалтын орлого;
    8.1.2.эрх борлуулсны орлого;
    8.1.3.хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого;
    8.1.4.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого;
    8.1.5.эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, эсхүл эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлого;
    8.1.6.үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
    8.1.7.биет бус хөрөнгө борлуулсны орлого;
    8.1.8.техникийн, удирдлагын, зөвлөх болон бусад үйлчилгээний орлого;
    8.1.9.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, хохирлын нөхөн төлбөрийн орлого;
    8.1.10. гадаад валютын ханшны зөрүүгийн бодит орлого;
    8.1.11.энэ хуулийн 8.1.1-8.1.10-т заасантай адилтгах бусад орлого.
    8.2.Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна.
    8.3.Биет бус хөрөнгө борлуулсны орлогод энэ хуулийн 4.1.4-т заасан эдийн бус хөрөнгийг өмчлөх эрхээ бусдад хуульд заасан хэлбэрээр төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна.
    9 дүгээр зүйл. Хөрөнгийн орлого
    9.1.Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараахь орлогод албан татвар ногдоно:
    9.1.1.хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого;
    9.1.2.эрхийн шимтгэлийн орлого;
    9.1.3.ногдол ашгийн орлого;
    9.1.4.хүүгийн орлого .
    9.2.Эрхийн шимтгэлийн орлогод дараахь төлбөр хамаарна:
    9.2.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай4 хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны төлбөр;
    9.2.2.Патентын тухай5 хуульд заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар ашигласны төлбөр;
    9.2.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай6 хуульд заасны дагуу барааны тэмдэг ашигласны төлбөр;
    9.2.4.Технологи дамжуулах тухай7 хуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр;
    9.2.5.үйлдвэр, худалдааны талаархи болон шинжлэх ухааны туршилттай холбогдсон мэдээллийг ашигласны төлбөр;
    9.2.6.энэ хуулийн 9.2.1-9.2.5-д заасантай адилтгах бусад эрх ашигласны төлбөр.
    9.3.Энэ хуулийн 9.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжээс ашиг хуваах, хувь хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна.
    9.4.Энэ хуулийн 9.1.4-т заасан хүүгийн орлогод зээлийн хүү, харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг/бонд/-ийн хүү зэрэг мөнгө ашиглуулсан болон ашиглуулах зориулалтаар хийгдсэн гүйлгээний үр дүнд албан татвар төлөгчид төлсөн төлбөр, үзүүлсэн хөнгөлөлт, урамшуулал хамаарна.
    10 дугаар зүйл. Хөрөнгө борлуулсны орлого
    10.1.Албан татвар төлөгчийн хөрөнгө борлуулсны дараахь орлогод албан татвар ногдоно:
    10.1.1.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
    10.1.2.хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого.
    11 дүгээр зүйл. Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн бараа борлуулалт, ажил, үйлчилгээний албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
    11.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно.
    11.2.Энэ хуулийн 7.5, 11.1-д заасан жишиг үнэ хэрэглэх аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал
    12 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал
    12.1.Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:
    12.1.1.түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал;
    12.1.2.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулан төлсөн цалин, хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс;
    12.1.3.эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл;
    12.1.4.ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт;
    12.1.5.үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл;
    12.1.6.урсгал засварын зардал;
    12.1.7.зээлийн хүү;
    12.1.8.гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал;
    12.1.9.бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс;
    12.1.10.түрээсийн төлбөр;
    12.1.11.санхүүгийн түрээсийн төлбөрийн хүү;
    12.1.12.мэргэжлийн сонин, сэтгүүлийн захиалга;
    12.1.13.албан журмын болон сайн дурын даатгалын хураамж;
    /Энэ заалтад 2011 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    12.1.14.төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой , үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж;
    /Энэ заалтад 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    12.1.15.хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны зээлийн эрсдэлийн санд, бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд төвлөрүүлсэн хөрөнгө;
    12.1.16.банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө;
    12.1.17.зар сурталчилгааны зардал;
    12.1.18.мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын үйлдвэрлэл дээрх дадлага хийлгэхтэй холбогдон гарсан зардал.
    /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    12.1.19.албан томилолтын зардал;
    12.1.20.үр бордоо, мал, амьтны тэжээл, эм тарилга, ургамал хамгааллын арга хэмжээнд зарцуулсан зардал;
    12.1.21.тээврийн зардал;
    12.1.22.бага үнэтэй, түргэн элэгдэх зүйлийн зардал;
    /Энэ заалтад 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    12.1.23.хөдөлмөр хамгааллын зардал;
    12.1.24.холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал;
    12.1.25.Гамшгаас хамгаалах тухай8 хуулийн 4.1.10-т заасан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал;
    12.1.26.бараа, материалын хэвийн хорогдол;
    12.1.27.Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8, 39.1.9-т заасны дагуу байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө;
    12.1.28.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын орчныг бүрдүүлэх, дадлагын газрыг тоног төхөөрөмжөөр хангах, дадлагын байрыг засварласан зардал;
    /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    12.1.29.багш нарыг дадлагажуулсан зардал;
    /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    12.1.30.өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг;
    /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    12.1.31.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулсан хандив, хөрөнгө.
    /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    12.1.32.хувьцаа бусад үнэт цаас худалдан авсан үнэ, түүний худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэл;
    /Энэ заалтыг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    12.1.33.үйлдвэрлэл, технологийн паркийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, харилцаа холбооны дэд бүтэц бий болгоход оруулсан хөрөнгө.
    /Энэ заалтыг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
    12.1.34.тусгай зориулалтын компани болон орон сууцны санхүүжилтийн компаниас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчид шилжүүлсэн үнэт цаасны төлбөр болон хүүгийн төлбөр.
    /Энэ заалтыг 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
    12.1.35.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өгсөн хандив.
    /Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
    12.2.Энэ хуулийн 12.1.6-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно.
    12.3.Энэ хуулийн 12.1.13-т заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох сайн дурын даатгалын хураамжийн нийлбэр дүн нь тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхээргүй байна.
    12.4.Энэ хуулийн 12.1.16-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд банк, банк бус санхүүгийн байгууллагын хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан санд төвлөрүүлсэн хөрөнгө үл хамаарна.
    12.5.Энэ хуулийн 12.1.19-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардлыг гүйцэтгэлээр тооцох бөгөөд хэмжээ нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг 2 дахин нэмэгдүүлснээс хэтрэхээргүй байна.
    12.6.Энэ хуулийн 12.1.25-д заасан хохирлын хэмжээг холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно.
    12.7.Энэ хуулийн 12.1.26-д заасан хорогдлын хэмжээг Засгийн газар батална.
    12.8.Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана:
    12.8.1.санхүүгийн түрээсийн төлбөр;
    12.8.2.албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр.
    12.9. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших болон шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан шимтгэлийн сан байгуулна.
    /Энэ хэсгийг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/
    13 дугаар зүйл. Элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох
    13.1.Албан татвар төлөгчийн 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 12.1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно.
    13.2.Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараахь байдлаар байгуулна:
    Үндсэн хөрөнгийн бүлэг Ашиглах хугацаа /жилээр/
    1 Барилга, байгууламж 40
    2 Машин, механизм, техник, тоног төхөөрөмж 10
    3 Компьютер, түүний эд анги, программ хангамж 3
    4 Ашиглах хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө 10
    5 Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/ Хүчин төгөлдөр байх
    хугацаанд
    6 Бусад үндсэн хөрөнгө 10
    7 Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга, байгууламж 20
    8 Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи үйлдвэрлэлийн зориулалттай машин, механизм, техник, тоног төхөөрөмж 3
    /Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    13.3.Энэ хуулийн 12.2-т заасан их засварын зардлыг уг хөрөнгийн үлдэгдэл өртөг дээр нэмж тооцох бөгөөд уг хөрөнгийг ашиглах үлдсэн хугацааны туршид элэгдэл хорогдлын шимтгэл тооцно.
    13.4.Тухайн хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл, хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасна.
    13.5.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийнхөө барьж байгуулсан үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцэд зарцуулсан үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг тэдгээр барилга, байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр тооцож жил бүр энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцно.
    13.6.Энэ хуулийн 13.2–т заасан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн элэгдэл хорогдлын шимтгэл тооцох үнийг эдгээр зөвшөөрлийг эзэмших, шилжүүлэн авахтай холбогдон төлсөн үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөр, худалдан авсан үнийн дүнгээр тодорхойлно.
    13.7.Албан татвар төлөгч өмчилж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл тооцох хөрөнгөө албан татвар ногдох орлого олох зорилгоор ашиглахаа зогсоовол уг хөрөнгийг үлдэгдэл өртөг, зах зээлийн үнийн аль их үнээр худалдан борлуулсан гэж үзэж албан татвар ногдуулна.
    13.8.Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэсэн хөрөнгийг түрээслүүлэгч, түрээслэгч харилцан тохиролцож аль нэг талын санхүүгийн тайлан балансад бүртгэнэ.
    13.9.Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй.
    14 дүгээр зүйл. Албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд хамрах зээлийн хүү
    14.1.Энэ хуулийн 8.1.1-д заасан үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
    14.2.Албан татвар төлөгч аж ахуйн нэгжийг хяналтандаа байлгадаг Монгол Улсад байнга оршин суугч хувь хүнээс авсан зээлийн хүүгийн төлбөрийг тухайн албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд энэ зардлыг зээл олгосон тухайн хувь хүний ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.
    14.3.Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна.
    /Энэ заалтад 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    14.4.Зээлийн хөрөнгөөр барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах хугацаанд уг зээлийн хүүд төлсөн төлбөрийг тухайн хөрөнгийн өртгийн хэсэгт оруулж тооцох бөгөөд түүнийг ашиглалтад оруулсан үеэс зээлийн хүүд төлсөн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
    15 дугаар зүйл. Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт
    15.1.Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:
    15.1.1.энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал;
    15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;
    15.1.3.энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр.

    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
    16 дугаар зүйл. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
    16.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна.
    16.2.Энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд 9.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг болон тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд уг гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээнээс давсан хэсгийг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
    /Энэ хэсэгт 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    16.3.Дараахь орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно:
    16.3.1.ногдол ашгийн орлого;
    16.3.2.эрхийн шимтгэлийн орлого;
    16.3.3.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
    16.3.4.хүүгийн орлого;
    16.3.5.эрх борлуулсны орлого;
    16.3.6.эротик хэвлэл,ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлого;
    16.4.Албан татвар төлөгчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж татан буугдсан бол ногдол ашгийн албан татвар ногдуулах орлогыг албан татвар төлөгчийн эзэмшиж байгаа хувьцаа болон хувь нийлүүлсэн хөрөнгөд хувь тэнцүүлэн хуваарилсан орлогын дүнгээс уг хувьцаа болон хөрөнгийг анх худалдан авсан үнийг хасч тодорхойлно.
    16.5.Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах болон хадгаламж зээлийн хоршооны зээлийн эрсдлийн сангийн албан татвар ногдох орлогоос хасагдсан зээлийг эргүүлэн төлсөн бол ийнхүү төлөгдсөн зээлийн дүнд энэ хуульд заасны дагуу албан татвар ногдуулна.
    16.6.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан баримтаар нотлогдох зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
    16.7.Даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн даатгалын үйл ажиллагааны нийт орлогоос тухайн жилд байгуулсан нөөцийн сан болон ажиллагааны зардлыг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
    16.8.Хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ, болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хасч тооцно. Энэ заалтад тухайн хуулийн этгээдийн гаргасан өөрийнх нь хувьцаа, бусад үнэт цаас хамаарахгүй.
    /Энэ хэсгийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    16.9.Хөдлөх эд хөрөнгө борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг уг хөрөнгийн борлуулалтын орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасч тодорхойлно.
    16.10.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч төлөөний газраараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бол түүний албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дараахь зардлыг хасагдах зардалд тооцохгүй:
    16.10.1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гарсан зардал;
    16.10.2.тухайн орлогыг олоход хамааралгүй, удирдлагын болон захиргааны зардал.

    ТАВДУГААР БҮЛЭГ
    Албан татварын хувь, хэмжээ
    17 дугаар зүйл. Албан татварын хувь, хэмжээ
    .
    17.1.Энэ хуулийн 16.2, 16.8, 16.9-д зааснаар тодорхойлоход 0-3,0 тэрбум төгрөгний албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3,0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300,0 сая төгрөг дээр 3,0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
    17.2.Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:
    17.2.1.ногдол ашгийн орлогод 10 хувиар;
    17.2.2.эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
    17.2.3.энэ хуулийн 16.6-д зааснаар тодорхойлсон төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод 40 хувиар;
    17.2.4.эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод 40 хувиар;
    17.2.5.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар;
    17.2.6.хүүгийн орлогод 10 хувиар;
    17.2.7.эрх борлуулсны орлогод 30 хувиар;
    17.2.8.гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар;
    17.2.9.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар:
    /Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    а/Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого;
    б/хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр;
    /Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    в/эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого;
    г/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого.
    д/Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого.
    /Энэ заалтыг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
    17.2.10.Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар.
    /Энэ заалтыг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

    ЗУРГАДУГААР БҮЛЭГ
    Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх
    18 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх
    18.1.Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө:
    18.1.1.Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичгийн /бонд/ хүү;
    /Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    /Энэ заалтад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    18.1.2.газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон, энэ хуулийн 17.1, 17.2.1-т заасан орлого;
    /Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    18.1.3.гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучлалын үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого;
    18.1.4. 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын 2/3 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлого.
    /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
    18.1.5.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан ногдол ашиг.
    /Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    18.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого.
    /Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
    18.1.7.зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаасаа олсон орлого;
    /Энэ заалтыг 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
    18.1.8.байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг борлуулсан орлого.
    /Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    18.1.9.улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ заалтын дугаарт 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    18.1.10.хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого.
    /Энэ заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
    18.1.11.хөрөнгө оруулалтын сангийн орлого;
    /Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
    18.1.12.хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлого.
    /Энэ заалтыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
    18.1.13.чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлого;
    /Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
    18.1.14.чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн чөлөөт бүсээс олсон орлогод оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний орлого.
    /Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
    18.2.Энэ хуулийн 18.1.2-т заасан албан татвар төлөгч өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон бөгөөд албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг гадаадад шилжүүлэх тохиолдолд мөн хуулийн 17.2.8-д заасан хувиар албан татвараас чөлөөлөгдөнө.
    18.3.Энэ хуулийн 18.1.6-д заасан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг болон энэ хуулийн 18.1.8-д заасан бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрт тавигдах шаардлага, нөхцөлийг Засгийн газар батална.
    /Энэ хэсгийг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    18.4.Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.
    /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    19 дүгээр зүйл. Албан татвараас хөнгөлөх
    19.1.Дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө:
    19.1.1.үр тариа, төмс, хүнсний ногоо;
    19.1.2.сүү;
    19.1.3.жимс жимсгэнэ;
    19.1.4.тэжээлийн ургамал.
    19.2. /Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    19.3. /Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    19.4./Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    19.5. /Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    19.6. /Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    19.7. /Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    19.8.50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
    19.9.Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ.
    19.10.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэнээс хандивласан нэг сая хүртэлх хэмжээний төгрөгийг ийнхүү хандивласан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн татварын жилд уг аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
    /Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/
    19.11.тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийт орлогод ногдох албан татварыг тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээгээр хөнгөлнө.
    /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    20 дугаар зүйл.Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох
    20.1.Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ.
    20.2.Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна.
    /Энэ хэсгийг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    20.3.Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь, бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос тооцно.
    /Энэ хэсгийг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    20.4.Энэ хуулийн 20.1-т заасан алдагдалд 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх татварын жилийн татварын тайлангаар гарсан алдагдал хамаарахгүй.
    20.5.Чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг бүтээн байгуулалтын ажил дуусаж, зорилтот үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхэлсний дараагийн таван жилд албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцно.
    /Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

    ДОЛООДУГААР БҮЛЭГ
    Албан татвар ногдуулах, төсөвт төлөх, тайлагнах
    21 дүгээр зүйл. Албан татвар төлөх, тайлагнах
    21.1.Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө.
    21.2.“Татварын жил “ гэдэгт орлого олж, холбогдох зардал гарсан хуанлийн жилийг ойлгоно.
    21.3.Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваарийг үндэслэн харьяалах татварын алба тухайн татварын жилд төлөх албан татварын сар, улирлын хуваарийг албан татвар төлөгчид хүргүүлнэ.
    21.4.Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.
    21.5.Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.
    21.6.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг суутгагч ногдуулан суутган авч, уг хөрөнгийг борлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.
    21.7.Суутгагч нь энэ хуулийн 21.5, 21.6-д зааснаар суутгасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор улирал бүр өссөн дүнгээр, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд тушаана.
    21.8.Төр нь өмчдөө ногдох ашиг болон хувьцааны ногдол ашгийг бүрэн буюу хэсэгчлэн төсөвт дайчлах эрхтэй бөгөөд хэмжээг нь Засгийн газар тухай бүр тогтооно.

    НАЙМДУГААР БҮЛЭГ
    Бусад
    22 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
    22.1.Энэ хууль 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

    ________________________________________

    1 Татварын ерөнхий хууль-“Төрийн мэдээлэл” 1993 оны №1
    3 Иргэний хууль-“ Тєрийн мэдээлэл” 2002 оны №7
    4 Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” 2006 оны №7
    5 Патентийн тухай хууль-“ Төрийн мэдээлэл” 2006 оны №7
    6 Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль” Төрийн мэдээлэл” 2003 оны №19
    7 Технологи дамжуулах тухай хууль-“ Төрийн мэдээлэл” 1998 оны № 6
    8 Гамшгаас хамгаалах тухай хууль-“Төрийн мэдээлэл” 2003 оны №25

  • + -

    АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ

    2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр
    АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН
    ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ
    /”Төрийн мэдээлэл”, 2012 он, №35/
    1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
    1.1. Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
    2 дугаар зүйл.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тогтоомж
    2.1. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
    3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
    3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
    3.1.1. “ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг.
    4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
    4.1. Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна:
    4.1.1. аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон;
    4.1.2. аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон;
    4.1.3. өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;
    4.1.4. мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан.
    5 дугаар зүйл.Тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох шимтгэлийн хувь хэмжээ
    5.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тогтооно.
    6 дугаар зүйл. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох
    6.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний ажилласан хугацааг нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулж гүйцэтгэнэ.
    6.2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний нэгдсэн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төвлөрүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөн батална.
    7 дугаар зүйл.Бүрдүүлэх баримт бичиг
    7.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн дараах баримт бичгийн аль нэгийг бүрдүүлнэ:
    7.1.1. хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтөлсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар;
    7.1.2. 1990-1995,1995-2000 онуудад оршин сууж байсан газрынхаа харьяалах аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;
    7.1.3. ажилласан хугацааг нь тооцох баримтгүй болсон иргэний ажилласан хугацааг шүүхээс тогтоосон бол уг шүүхийн шийдвэр.
    7.2. Ажилласан хугацааг нөхөн тооцуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хүссэн иргэн өргөдлөө энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгнө.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

  • + -

    БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

    2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

    БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
    /Шинэчилсэн найруулга/

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
    1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
    2 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж
    2.1.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
    3 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн үйлчлэх хүрээ
    3.1.Энэ хуулиар байгалийн ургамал, ус, ой, ан амьтны нөөцийг ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулна.
    3.2.Газар болон түүний хэвлийн нөөц ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
    4 дүгээр зүйл. Төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
    4.1.Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд байна.
    4.2.Байгалийн нөөц ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
    4.3.Сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан байгалийн нөөцийг ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх мэдээллийг зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 10 хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.
    4.4.Энэ хуулийн 4.3-т заасан мэдээлэлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, байршил, ашиглах хугацаа, хэмжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадал зэрэг шаардлагатай үзүүлэлтийг тусгана.

    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    ТӨЛБӨР НОГДОХ ЗҮЙЛ, ҮНЭЛГЭЭГ ТОГТООХ
    5 дугаар зүйл. Ургамал ашигласны төлбөр ногдох зүйл
    5.1.Дараах ангиллын ургамалд төлбөр ногдуулна:
    5.1.1.нэн ховор ургамал;
    5.1.2.ховор ургамал;
    5.1.3.элбэг ургамал.
    6 дугаар зүйл. Ус, рашааны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл
    6.1.Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна:
    6.1.1.хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус;
    6.1.2.уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус;
    6.1.3.эмчилгээ, сувилгаа, халаалт болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан рашаан;
    6.1.4.эрчим хүч үйлдвэрлэх, тээвэр хийх болон усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, рашааны орчин.
    7 дугаар зүйл. Ойн нөөц ашигласны төлбөр ногдох зүйл
    7.1.Аливаа зориулалтаар ойгоос бэлтгэж ашигласан бүх төрлийн хэрэглээний мод, түлээнд төлбөр ногдуулна.
    7.2.Ойн дагалт баялгийн нөөц самар, мөөг, давирхай, шилмүүс, мөчир, үр, хусны шүүсэнд төлбөр ногдуулна.
    8 дугаар зүйл. Ан амьтны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл
    8.1.Төлбөр ногдох зүйл нь дор дурдсан зориулалтаар ашигласан ан амьтан байна:
    8.1.1.ахуйн зориулалтаар агнасан, барьсан;
    8.1.2.үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан, барьсан;
    8.1.3.тусгай зориулалтаар агнасан, барьсан /соёл, шинжлэх ухаан, тусгай төлбөртэй/.

    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    ТӨЛБӨР ТООЦОХ ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ ТОДОРХОЙЛОХ
    9 дүгээр зүйл. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
    9.1.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг ургамлын тухайн үеийн жинг килограммаар илэрхийлсэн нэгж дэх тухайн зүйл ургамлын тоо, хэмжээг тооцоолсон экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцно.
    10 дугаар зүйл. Ус, рашааны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
    10.1.Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно:
    10.1.1.усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс;
    10.1.2.хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр;
    10.1.3.уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр.
    10.2.Рашаан ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно:
    10.2.1.эмчилгээ, сувилгааны зориулалтаар рашаан ашигласны төлбөрийг эмчлэн сувилуулсан хүн-хоногийн тоогоор;
    10.2.2.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар рашаан ашигласны төлбөрийг шоо метрээр.
    11 дүгээр зүйл. Ойн нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
    11.1.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг дор дурдсан үзүүлэлтээр тооцно:
    11.1.1.ургаа мод огтолж, түүний үндсэн хэсгээс бэлтгэсэн хэрэглээний мод, түлээг нягт шоо метрээр, үзүүр, мөчрийг сийрэг шоо метрээр;
    11.1.2.ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэж түлээ бэлтгэхэд сийрэг шоо метрээр.
    11.2.Ойн дагалт баялгийн нөөцийг бэлтгэхэд хусны шүүсийг литрээр, бусад ойн дагалт баялгийн нөөцийг килограммаар тооцно.
    12 дугаар зүйл. Ан амьтны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлт
    12.1.Ан амьтны нөөц ашигласны төлбөрийг дараах үзүүлэлтээр тооцно:
    12.1.1.үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг килограммаар;
    12.1.2.ахуйн зориулалтаар шувуу агнах, загас барих иргэнээс төлбөрийг агнасан, барьсан шувуу, загасны ширхгээр;
    12.1.3.ахуйн зориулалтаар агнах бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээгээр;
    12.1.4.ан амьтныг амьдаар нь барьж эзэмшин, гаршуулан үржүүлж, эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоор;
    12.1.5.ан амьтныг амьдаар нь төрөөс худалдан авч өмчилсний төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээгээр;
    12.1.6.гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр.
    13 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэг, түүний төрөл
    13.1.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэгт /цаашид “төлбөрийн орлогын хэсэг“ гэх/ төсвийн жилд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хуваарилсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө багтана.
    13.2.Төлбөрийн орлогын хэсгийг дор дурдсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлнэ:
    13.2.1.байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого;
    13.2.2.ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого;
    13.2.3.ойн нөөц ашигласны төлбөрийн орлого;
    13.2.4.ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого;
    13.2.5.газрын нөөцийн төлбөрийн орлого.
    13.3.Ашигт малтмалын нөөц ашигласны болон байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн хувь, хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
    13.4.Энэ хуулийн 13.1-д заасан төлбөрийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг Засаг даргын өргөн мэдүүлснээр аймаг, нийслэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
    13.5.Төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална.

    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ
    14 дүгээр зүйл. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
    14.1.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний дор дурдсан хувиар тооцон төгрөгөөр тогтооно:
    Төлбөр ногдох байгалийн ургамал Төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний хувь
    доод дээд
    1.Нэн ховор 25 30
    2.Ховор 15 20
    3.Элбэг 5 10
    14.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ хуулийн 14.1-д заасан төлбөрийн хэмжээний хязгаарт багтаан ургамлын нөөц, тархац, ач холбогдол, ашиглагдах эрхтний онцлог, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан ургамлын нэр төрөл тус бүрээр төлбөрийн хэмжээг тогтооно.
    15 дугаар зүйл. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
    15.1.Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:
    Төлбөр ногдох ус Төлбөрийн хязгаар / экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар/
    Гадаргын усанд Газрын доорх усанд
    доод дээд доод дээд
    1.Хүн амын унд, ахуйн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 1 10 5 20
    2.Хүнд үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 40 20 50
    3.Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 30 20 60
    4.Авто зам, засварт ашигласан усны шоометр тутамд 10 30 20 70
    5.Хөнгөн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 30 10 40
    6.Хүнсний үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд:
    а/Архи, пиво, согтууруулах ундаа 10 40 20 40
    б/Ундаа, цэвэр ус 10 30 10 20
    в/Талх, чихэр, нарийн боов, бусад 1 10 1 20
    7.Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд:
    а/ашигт малтмал олборлох, баяжуулах 10 40 20 60
    б/зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах 10 50 20 70
    в/усыг шавхан зайлуулах 10 15 15 50
    г/эрэл, хайгуулын өрөмдлөг хийх 10 30 20 50
    8.Эрчим хүчний үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 10 15 15 30
    9.Газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд 1 20 10 40
    10.Ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашигласан усны шоометр тутамд 10 30 15 50
    Төлбөр ногдох ус Үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс тооцох төлбөрийн хязгаар /хувиар/
    Гадаргын усанд
    доод дээд
    11.Усан цахилгаан станц, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх 1 30
    12. Усны түгээмэл тархацтай амьтан, ургамал үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, аялал зугаалга, усан спортын байгууламж 1 20
    15.2.Рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 10.2-т заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:
    Төлбөр ногдох рашаан Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/
    Халуун Хүйтэн
    доод дээд доод дээд
    1.Эмчилгээ, сувилгааны зориулалтаар ашиглахад Хүн-хоног 100 500 50 400
    2.Үйлдвэрлэлийн болон үйлчилгээний зориулалтаар ашиглахад Шоо-метр 500 1500 1000 3000
    15.3.Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно.
    15.4.Халуун рашааныг үндсэн ашиглалтад нь нөлөө үзүүлэхгүйгээр халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн халаалтын хөлсний 50 хувиар тогтооно.
    15.5.Байгалийн халуун усыг халаалтын зориулалтаар ашиглавал ногдуулах төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн халаалтын хөлсний 50 хүртэл хувиар, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашиглавал ус ашигласны төлбөрийн 50 хүртэл хувиар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно.
    15.6.Энэ хуулийн 15.З, 15.5-д заасан төлбөрийн хувь, хэмжээг ус, рашааны нөөц, чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, онцлогтой уялдуулан ялгавартай тогтооно.
    16 дугаар зүйл. Ойн нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
    16.1.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээнээс энэ хуулийн 11.1.1-д заасан хэрэглээний модонд 6.0-30.0 хувь, энэ хуулийн 11.1.2-т заасан түлээнд 2.0-10.0 хувиар тооцно.
    16.2.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг ойн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ, бэлтгэж тээвэрлэх зай, модны төрлийг харгалзан энэ хуулийн 16.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар ойн мужлал бүрээр ялгавартай тогтооно.
    16.3.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагын мод тээврийн зайг мод бэлтгэлийн талбайгаас доод агуулах хүртэл, агуулахгүй бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрсөн цэг хүртэл, төвлөрсөн цэггүй бол уг мод бэлтгэсэн талбайд хамгийн ойр орших сумын буюу аймгийн төв хүртэлх зайгаар тус тус тооцно.
    16.4.Аж ахуйн нэгж, байгууллага хуш модыг тусгай зөвшөөрлөөр бэлтгэх тохиолдолд түүнд тухайн ойн бүс нутагт шинэс мод бэлтгэж ашиглахад ногдуулдаг төлбөрийг З дахин өсгөсөнтэй тэнцүү хэмжээний төлбөр ноогдуулна.
    16.5.Ойн дагалт баялгийн нөөцийг ашигласны төлбөрийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
    17 дугаар зүйл. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ
    17.1.Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн доод, дээд хязгаарыг дараах байдлаар тогтооно:
    17.1.1.үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар барьсан загасны төлбөрийг килограмм тутамд 700-1000 төгрөгөөр;
    17.1.2.ахуйн, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;
    17.1.3.ан амьтныг амьдаар барьж эзэмшин, гаршуулан үржүүлж эмийн болон бусад түүхий эд бэлтгэж ашигласны төлбөрийг уг түүхий эдийн борлуулалтын орлогын 10-20 хувиар;
    17.1.4.ан амьтныг амьдаар нь төрөөс худалдан авч өмчилсний төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи эдийн засгийн үнэлгээний 90-100 хувиар;
    17.1.5.гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар;
    17.1.6.амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөрийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар.
    18 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн хувь, хэмжээ
    18.1.Энэ хуулийн 13.2-т заасан төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд тухайн төсвийн жилд зарцуулах хувь, хэмжээний доод хязгаарыг дараах байдлаар тогтооно:
    Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төрөл Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хувь, хэмжээний доод хязгаар /нийт орлогын дүнгээс хувиар/
    1. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлого 15 хувь
    2. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого 50 хувь
    3.Газрын нөөцийн төлбөрийн орлого 15 хувь

    4. Ойн нөөц ашигласны төлбөрийн орлого 85 хувь
    5. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 35 хувь
    /Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    18.2./Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    ТАВДУГААР БҮЛЭГ
    ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ
    19 дүгээр зүйл. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
    19.1.Дараах зориулалт, хэрэгцээгээр байгалийн ургамлын нөөц ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө:
    19.1.1.элбэг ургамлыг ахуйн хэрэгцээнд ашигласан иргэн;
    19.1.2.ховор болон элбэг ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага;
    19.1.3.байгалийн ургамлыг хадлан бэлчээрийн зориулалтаар ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага.
    19.2.Элбэг ургамал ашигласны төлбөрийг хөнгөлж болох бөгөөд төлбөрийг хөнгөлөх нөхцөл, болзол, хувь, хэмжээг тухайн орон нутгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
    20 дугаар зүйл. Усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
    20.1.Дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө:
    20.1.1.хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал, амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах;
    20.1.2.түймэр унтраах болон байгалийн бусад гамшигтай тэмцэх;
    20.1.3.усыг үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд эргүүлэн ашигласан.
    20.2.Дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрийг Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээгээр хөнгөлж болно:
    20.2.1.унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгыг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан;
    20.2.2.ан амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах болон ургамал тарьж ургуулах замаар байгалийн баялгийг нөхөн сэргээх;
    20.2.3.хаягдал ус цэвэрлэж, эргүүлэн ашигласан тохиолдолд тухайн хэмжээгээр;
    20.2.4.цас, бороо, үерийн усыг хуримтлуулж мал аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашигласан.
    21 дүгээр зүйл. Ойн нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
    21.1.Хилийн бүсийн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч өөрийн албан ажлын байр барих зориулалтаар ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласан бол төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө.
    21.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойд арчилгаа хийх, хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүү бэлтгэх зэрэг ойн цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашиглавал төлбөрийг хөнгөлж болох бөгөөд хөнгөлөлтийн хувь, хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
    22 дугаар зүйл. Ан амьтны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх
    22.1.Төлбөрөөс дараах тохиолдолд чөлөөлнө:
    22.1.1.ан амьтныг нутагшуулан үржүүлэх зориулалтаар барих;
    22.1.2.халдварт өвчний голомтыг устгах зорилгоор эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ан амьтныг мэргэжлийн байгууллагаас зохион байгуулалттай агнаж устгах;
    22.1.3.мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг нь сийрэгжүүлэх зорилгоор чоно агнах;
    22.1.4.сорьц, дээж авах, хэмжилт хийх, им тэмдэг тавих, бөгжлөх, судалгааны хэрэгсэл зүүх зорилгоор ан амьтныг эрдэм шинжилгээний зориулалтаар түр барих.
    22.2.Тодорхой нутаг дэвсгэрт ан амьтны тоог сийрэгжүүлэх, хүйсийн харьцааг зохицуулах, заазлах зорилгоор болон соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнахад төлбөрийг 80 хувь хүртэл хөнгөлж болно.

    ЗУРГАДУГААР БҮЛЭГ
    ТӨЛБӨР НОГДУУЛАХ, ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ
    23 дугаар зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөх
    23.1.Сум, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөр хураах эрх бүхий албан тушаалтныг томилон ажиллуулна.
    23.2.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийнэ.
    23.3.Сум, дүүргийн Засаг даргын томилсон төлбөр хураах эрх бүхий албан тушаалтан төлбөрийг бэлнээр хураан авсан тухай бүр сум, дүүргийн төсөвт тушаана.
    24 дүгээр зүйл. Төлбөрийн жилийн тайлан гаргах
    24.1.Төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:
    24.1.1.ургамал, ус, ой, ан амьтны нөөц ашигласны төлбөр хураан авах эрх бүхий албан тушаалтан төлбөрийн тайлангаа дараа оны 01 дүгээр сарын 1О-ны өдрийн дотор сум, дүүргийн татварын албанд;
    24.1.2.сум, дүүргийн татварын алба тайлангаа дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн татварын албанд;
    24.1.3.аймаг, нийслэлийн татварын алба тайлангаа дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;
    24.1.4.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөр, улсын нэгдсэн тайлангаа дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор.
    24.2.Төлбөрийн тайлангийн маягтын загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

    ДОЛДУГААР БҮЛЭГ
    ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, МАРГААН ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ
    25 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
    25.1.Энэ хуулийн 23.3-т заасныг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төлбөр хураах эрх бүхий албан тушаалтанд татварын байцаагч дараах захиргааны шийтгэл ногдуулна:
    25.1.1.төлбөрийг аваагүй буюу дутуу авсан, төлбөрийн данс бүртгэл, баримтыг будлиантуулсан, хураан авсан төлбөрийг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
    25.2.Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувь, хэмжээг бууруулсан, төлбөрийн орлогын хэсгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлнэ.
    25.3.Энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн төлбөр төлөгчид Татварын ерөнхий хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

  • + -

    БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

    2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

    БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ
    БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ
    /Шинэчилсэн найруулга/
    /“Төрийн мэдээлэл”, 2012 он, №22/

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
    1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
    1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.
    2 дугаар зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж
    2.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
    2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
    3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
    3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
    3.1.1.“төсөл” гэж шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг;
    3.1.2.“төсөл хэрэгжүүлэгч” гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг;
    3.1.3.“байгаль орчны стратегийн үнэлгээ” гэж улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад түүний хэрэгжилтээс байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, байгалийн гамшигт үзэгдэлтэй уялдуулан тодорхойлохыг;
    3.1.4.“байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг;
    3.1.5.“хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ” гэж тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүдээс хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;
    3.1.6.“байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;
    3.1.7.”үнэлгээний шинжээч“ гэж энэ хуулийн 3.1.6-д заасан үнэлгээ, үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг;
    3.1.8.“үнэлгээний шинжилгээ” гэж энэ хуулийн 3.1.6-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлыг холбогдох хууль журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, тайлан, дүгнэлт үндэслэлтэй, зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;
    3.1.9.“хянан магадлагаа” гэж батлагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт үнэн зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;
    3.1.10.“эрсдэлийн үнэлгээ” гэж хүн, амьтан, ургамал болон байгаль орчинд хими, биологи, физикийн хүчин зүйлээс үзүүлж болзошгүй нөлөөлөл, мөн байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөллийг урьдчилан тодорхойлох үйл ажиллагааг;
    3.1.11.“биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах” гэж төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг.

    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН
    ҮНЭЛГЭЭНИЙ БҮТЭЦ, ТОГТОЛЦОО, ЗОХИЦУУЛАЛТ
    4 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
    4.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна:
    4.1.1.байгаль орчны стратегийн үнэлгээ /цаашид “стратегийн үнэлгээ” гэх/;
    4.1.2.байгаль орчны төлөв байдлын үнэлгээ /цаашид “төлөв байдлын үнэлгээ” гэх/;
    4.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /цаашид “нөлөөллийн үнэлгээ гэх/;
    4.1.4.хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ.
    4.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, энэ хуулийн 4.1.1, 4.1.4, 7.1.2-т заасан үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх, үүрэг бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл /цаашид “мэргэжлийн зөвлөл” гэх/ ажиллана.
    4.3.Мэргэжлийн зөвлөлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилон ажиллуулна.
    5 дугаар зүйл.Байгаль орчны стратегийн үнэлгээ
    5.1.Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулагч салбарын яам нь уг баримт бичгийг боловсруулах явцад стратегийн үнэлгээ хийлгэж, Засгийн газарт хэлэлцүүлэхээс өмнө уг үнэлгээний тайланг бодлогын баримт бичгийн төслийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
    5.2.Стратегийн үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага, тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бие даасан шинжээч, мэргэжилтнүүдийн багийн оролцоотойгоор хийж тайлан гаргана.
    5.3.Стратегийн үнэлгээ болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний талаарх нарийвчилсан журмыг Засгийн газар батална.
    5.4.Стратегийн үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт танилцуулна.
    5.5.Төслийг хэрэгжүүлэгч салбарын яам болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн үнэлгээний дүгнэлтийн талаарх мэдээллийг нийтэд мэдээлж, өөрийн цахим хуудсанд байрлуулах бөгөөд хэвлэмэл хувилбартай танилцах боломжийг бүрдүүлнэ.
    6 дугаар зүйл.Төлөв байдлын болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
    6.1.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4-т заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна.
    6.2.Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна.
    6.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөлд энэ хуулийн 3.1.5-д заасан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ.
    6.4.Шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 6.3-т заасан үнэлгээ хийхэд мэргэжлийн баг томилж болно.
    6.5.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажилд шаардагдах зардлыг нөлөөллийн цар хүрээг харгалзан төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулна.
    6.6.Эрх бүхий мэргэжлийн байгууллага нь боловсруулсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж хянуулна.
    7 дугаар зүйл.Нөлөөллийн үнэлгээ
    7.1.Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ:
    7.1.1.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;
    7.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ.
    7.2.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.
    7.3.Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.
    7.4.Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана:
    7.4.1.техник, технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, стратегийн үнэлгээний дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, эсхүл буцаах;
    7.4.2.төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх;
    7.4.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх.
    7.5.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 7.4-т заасан хугацааг энэ хуулийн 7.6-д заасан ерөнхий шинжээчийн шийдвэрээр 14 хоногийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.
    7.6.Үнэлгээний шинжээч болон тэдгээрийн үйл ажиллагааг удирдан зохицуулах ерөнхий шинжээчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилно.
    7.7.Нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, аргачлалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаа болон мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана.
    8 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
    8.1.Энэ хуулийн 7.4.3-т заасны дагуу гарсан дүгнэлтэд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын зорилт, чиглэл, хамрах хүрээ, хугацааг тодорхой заана.
    8.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.
    8.3.Энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна.
    8.4.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана:
    8.4.1.төсөл хэрэгжих орчны байгаль орчны төлөв байдал;
    8.4.2.төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эрчим, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгааны үр дүн;
    8.4.3.төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж;
    8.4.4.төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж болзошгүй бохирдлыг бууруулахад боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашиглах зөвлөмж;
    8.4.5.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд эрсдэлийн үнэлгээ хийхээр заасан бол төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ;
    8.4.6.газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ;
    8.4.7.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд;
    8.4.8.төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл;
    8.4.9.төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал.
    8.5.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд төсөл хэрэгжүүлэгчээс албан ёсоор санал авна.
    8.6.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
    8.7.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь хээрийн судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг дөрвөн хувь бэлтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч болон төсөл хэрэгжих сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт тус бүр нэг хувийг өгч, нэг хувийг өөртөө үлдээх бөгөөд тэдгээр нь адил хүчинтэй байна.
    8.8.Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.
    9 дүгээр зүйл.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
    9.1.Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна.
    9.2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.
    9.3.Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно.
    9.4.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална.
    9.5.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ.
    9.6.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна.
    9.7.Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана.
    9.8.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална.
    9.9.Энэ хуулийн 9.10-т зааснаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана.
    9.10.Ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төвлөрүүлнэ.
    9.11.Төсөл хэрэгжүүлэгчийн нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлага болон уурхайн ашиглалтын жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, энэ хуулийн 14.1.3-т заасан хаалтын менежментийн төлөвлөгөөний биелэлтийн явцыг үндэслэн энэ хуулийн 9.10-т заасан хөрөнгийг тодорхой хуваарийн дагуу уурхайн хаалтын үе шатанд буцаан олгоно.
    9.12.Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина.
    9.13.Шаардлагатай тохиолдолд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын шийдвэрээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл болон энэ хуулийн 9.12-т заасан хяналтын дүнд хөндлөнгийн хяналт хийж, дүгнэлт гаргах бөгөөд уг ажилд шаардагдах зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
    9.14.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон энэ хуулийн 9.12, 9.13-т заасан хяналтын дүнг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн баталгааны мөнгийг буцаан олгох эсэх асуудлыг энэ хуулийн 9.15-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
    9.15.Энэ хуулийн 9.9, 9.10-т заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
    10 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шинжилгээ
    10.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж нь ерөнхий үнэлгээнд заасан хугацаанд үнэлгээний ажлын тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад хүргүүлнэ.
    10.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтаан үнэлгээний шинжилгээ хийж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч уг тайланд үнэлгээний шинжилгээ хийх шинжээчдийн баг томилно.
    10.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч энэ хуулийн 10.2-т заасан хугацааг 18 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.
    10.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, түүнд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн болон мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, энэ хуулийн 18.4-т заасан саналыг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
    10.5.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулна.
    10.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн долдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна.
    11 дүгээр зүйл.Хянан магадлагаа
    11.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв хийгдсэн эсэхэд хянан магадлагаа хийнэ.
    11.2.Хянан магадлагааны дүгнэлт гаргах хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч тогтоож, холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр ажлын хэсэг томилон ажиллуулна.
    11.3.Хянан магадлагаа хийхэд шаардлагатай зардлыг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хариуцах бөгөөд хянан магадлагааны дүгнэлтийг үндэслэн буруутай этгээдээр уг зардлыг нөхөн төлүүлнэ.
    11.4.Хянан магадлагаа хийхэд шаардагдах баримт бичгийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж болон төсөл хэрэгжүүлэгч нар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад саадгүй бүрдүүлж өгнө.
    11.5.Хянан магадлагаагаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдвол уг ажлыг зохих шаардлагын түвшинд хүртэл дахин хийлгэж, энэ хугацаанд бусад төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлнэ.
    11.6.Хянан магадлагаагаар нэмэлт ажил хийх шаардлагатай нь тогтоогдвол холбогдох зардлыг анх нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж хариуцна.
    12 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох
    12.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.6-д заасан тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын аж ахуйн нэгжид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
    12.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргасан байна:
    12.2.1.аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай танилцуулга;
    12.2.2.үнэлгээний ажил эрхлэхэд шаардлагатай мэдээллийн сан, материаллаг бааз, боловсон хүчний хангамж болон чадавхийг илтгэх бичиг баримтууд.
    12.3.Энэ хуулийн 12.2-т заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх чадварыг мэргэжлийн зөвлөл ажлын 28 өдөрт багтаан шалгаж, дүгнэлт гаргана.
    12.4.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
    12.5.Аж ахуйн нэгжид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван жилийн хугацаатай олгоно.
    12.6.Аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусахаас хоёр сарын өмнө эрх сунгуулахыг хүссэн өргөдлөө гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
    12.7.Энэ хуулийн 12.6-д заасан өргөдөл болон тайлан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбогдсон бусад мэдээллийг мэргэжлийн зөвлөл хянан үзэж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэх талаар дүгнэлт гаргана.
    12.8.Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван жилээр сунгана.

    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНД
    ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
    13 дугаар зүйл.Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн эрх
    13.1.Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч дараах эрх эдэлнэ:
    13.1.1.стратегийн болон нөлөөллийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжид тавих;
    13.1.2.төлөв байдлын, стратегийн болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэх аж ахуйн нэгжийг сонгох;
    13.1.3.тухайн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн техник, технологи, бизнесийн холбоотой зарим шаардлагатай мэдээллийг нууцлахыг стратегийн болон нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэх аж ахуйн нэгжээс шаардах.
    14 дүгээр зүйл.Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг
    14.1.Стратегийн үнэлгээнд хамрагдах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулсан байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч дараах үүрэг хүлээнэ:
    14.1.1.бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд хийх стратегийн болон төслийн нөлөөллийн үнэлгээтэй холбогдол бүхий баримт бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх;
    14.1.2.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг нутгийн оршин суугчид, орон нутгийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөгч талууд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, тайлагнах;
    14.1.3.газрын тос болон уул уурхайн төслүүд нь нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг тухайн үйл ажиллагаа эхэлж, хаалт хийхээс гурван жилээс доошгүй хугацааны өмнө боловсруулж, тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.
    15 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн эрх
    15.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараах эрх эдэлнэ:
    15.1.1.байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажилд шаардлагатай баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулан авах;
    15.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын байранд саадгүй нэвтрэн орох, сорьц, дээж авах;
    15.1.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дүнг тусган боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд төслийг үргэлжлүүлэх эсэх талаарх дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавих.
    16 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн үүрэг
    16.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараах үүрэг хүлээнэ:
    16.1.1.урьд хийгдсэн шинжилгээ, судалгааны дүгнэлтийг ашиглаж болох бөгөөд түүнийг тодотгох холбогдох чиглэлээр нэмэлт судалгаа хийх;
    16.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шүүмжийн дүгнэлтийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах;
    16.1.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгийн үнэн зөвийг хариуцах;
    16.1.4.тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой мэдээллийн нууцыг хадгалах.
    16.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь үнэлгээний ажилтай холбогдсон эрсдэлийг Даатгалын тухай хууль тогтоомжоор зохицуулна.
    17 дугаар зүйл.Банк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллагын үүрэг
    17.1.Банк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллага нь байгаль орчин болон нийгэм, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар санхүүжүүлэх, зээл тусламж олгохгүй байх үүрэг хүлээнэ.

    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО
    18 дугаар зүйл.Нөлөөллийн үнэлгээний үйл ажиллагааны олон нийтийн оролцоо
    18.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн үнэлгээ хийгдэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан төслүүдийн талаарх мэдээллийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
    18.2.Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үндэсний болон бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд стратегийн үнэлгээ хийх явцад олон нийтээс санал авна.
    18.3.Стратегийн үнэлгээнд олон нийтээс санал ирүүлэх хугацаа нь ажлын 30-аас дээшгүй өдөр байх бөгөөд амаар болон бичгээр санал авна.
    18.4.Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна.
    18.5.Олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

    ТАВДУГААР БҮЛЭГ
    БУСАД
    19 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
    19.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эсхүл эрх бүхий байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
    19.1.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, зохих шийдвэр гаргуулалгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хурааж сум, дүүргийн төсвийн дансанд шилжүүлэх;
    19.1.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол зөрчил арилгах хүртэл үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоож, гэм буруутай аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
    19.1.3.байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, эсхүл уг төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж, холбогдох газарт тайлагнаагүй аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
    19.1.4.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар нотлогдвол үнэлгээг хийсэн аж ахуйн нэгжийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг хүчингүй болгож нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
    20 дугаар зүйл.Хохирлыг нөхөн төлүүлэх
    20.1.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аргачлалын дагуу тооцож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
    20.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг буруу хийснээс байгаль орчинд учруулсан хохирлыг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагаар нөхөн төлүүлнэ.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

    ________________________________________
    Байгаль орчинд нөлөөлөх байдлын
    үнэлгээний тухай хуулийн хавсралт
    БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ЕРӨНХИЙ
    ҮНЭЛГЭЭ ХИЙХ ТӨСЛИЙН АНГИЛАЛ
    Төслийн ангилал Хариуцан гүйцэтгэгч
    Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
    1.Уул уурхайн төсөл -Бүх төрлийн ашигт малтмалын олборлолт тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд ашиг олох зорилгогүйгээр ашиглагдаж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт
    2.Хүнд үйлдвэрийн төсөл -Ашигт малтмалыг баяжуулах
    -боловсруулах
    -химийн үйлдвэр
    -кокс -химийн үйлдвэр -бусад бүх төрөл
    З.Хөнгөн, хүнсний үйлдвэрийн төсөл Улсын чанартай томоохон үйлдвэр орон нутгийн жижиг, дунд үйлдвэр
    4.Хөдөө аж ахуйн төсөл -усан сан
    -усжуулалтын систем -атар газар эзэмших үйл ажиллагаа -орон нутагт хэрэгжих ойжуулалтын төсөл
    -ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн -газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх талбайд
    5.Дэд бүтцийн хөгжлийн төсөл -1 мвт-аас илүү хүчин чадал бүхий эрчим хүчний станц
    -35 кв-аас илүү хүчдэл бүхий цахилгаан дамжуулах шугам
    -дулааны шугам
    -усан цахилгаан станц
    -төмөр зам
    -нисэх буудал
    -улс, хот хоорондын зам
    -улс хот хоорондын холбоо -нефтийн бүтээгдэхүүний агуулах -1 мвт хүртэл хүчин чадал бүхий эрчим хүчний станц
    -35 кв хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам
    -тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулах дулааны шугам
    -орон нутгийн чанартай зам, холбоо -шатахуун түгээх станц
    6.Үйлчилгээний салбарын төсөл -50 ор хоногоос дээш хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар -50 хүртэл ор хоногийн хүчин чадалтай зочид буудал, амралт, сувилал, бусад үйлчилгээний газар -аялал, жуулчлал эрхлэх
    7.Бусад төсөл:
    -хот байгуулалт
    -батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын зориулалтаар хэрэгжүүлэх төсөл
    -усан хангамжийн систем
    -цэвэрлэх байгууламж -хог хаягдлын нэгдсэн цэг зэрэг -10000-аас дээш хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг -батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын зориулалтаар байгуулах улсын чанартай барилга байгууламж, -10000-аас доош хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгууламж, хог хаягдлын нэгдсэн цэг -батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын чиглэлээр байгуулах орон нутгийн чанартай барилга байгууламж
    8.Биологийн төрөл зүйлийн төсөл -улсын чанартай томоохон загасны аж ахуй -ан амьтан, ургамал нутагшуулах, ашиглах болон бусад үйл ажиллагаа -ан агнуурын болон ойн аж ахуй, ангийн отог -тухайн дэвсгэр нутгийн хүн амын хэрэгцээг хангах зориулалттай загасны аж ахуй
    9. Хувиргасан амьд организмтай холбоотой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Хувиргасан амьд организмыг гарган авах
    -үйлдвэрлэл эрхлэх
    -тариалах
    -импортлох -хил дамжуулан худалдаалах Хувиргасан амьд организмыг орон нутагт тариалах
    -түүнийг ашиглан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх -ойжуулах нөхөн сэргээлт хийх гэх мэт
    10.Химийн хортой болон цацраг идэвхт бодис, аюултай хаягдлын төсөл Химийн хортой болон цацраг идэвхт бодис, аюултай хаягдлыг боловсруулах, ашиглах, хадгалах, тээвэрлэх, устгах үйл ажиллагаа
    11.Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах үйл ажиллагаа Улсын тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд явуулах үйл ажиллагаа -орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт явуулах үйл ажиллагаа

  • + -

    БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ

    1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

    БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
    Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
    2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж
    1. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
    2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
    З дугаар зүйл. Хуулиар хамгаалах объект, түүнтэй холбогдсон нэр томъёо
    1. Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ:
    1/ газар, түүний хөрс;
    2/ газрын хэвлий, түүний баялаг;
    З/ ус;
    4/ ургамал;
    5/ амьтан;
    6/ агаар.
    2. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
    1/ “байгаль орчин” гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарна;
    2/ “ус” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна;
    З/ “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна;
    4/ “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна;
    5/ “агаар” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвч хамаарна;
    6/ “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна.
    7/ “байгаль орчныг хамгаалах” гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна;
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    8/“байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл” гэж /цаашид “нөхөрлөл” гэх/ нутгийн иргэдэд байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрхийг олгож, нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс гарсан үр ашгийг иргэдэд тэнцүү хуваарилах зорилготой нөхөрлөлийг;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    9/ “байгаль орчны мэдээллийн сан” /цаашид “мэдээллийн сан” гэх/ гэж байгаль орчны өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, цуглуулах, дамжуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, баяжуулах, өөрчлөх, шинэчлэх, хамгаалах зэрэг үйл ажиллагааг хангах мэдээллийн технологийн иж бүрдлийг;
    /Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/
    10/ “мета мэдээлэл” гэж мэдээний эх сурвалж, хариуцах этгээд, формат, масштаб, чанар, хамрах хүрээ, хугацаа, ашиглалт зэрэг өгөгдлийн талаархи мэдээллийн багцыг.
    /Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/
    11/ “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;
    /Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
    12/”байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг;
    /Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
    13/”байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг.
    /Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
    14/”байгаль орчны аудит” гэж байгаль орчны хууль тогтоомж, төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн биелэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартын хэрэгжилтийг хянаж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    З. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан объект, тэдгээрийн баялгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
    4 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах талаархи иргэний эрх, үүрэг
    1. Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:
    1/ гэм буруутай этгээд байгаль орчинд хортой нөлөөлснөөс эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учирсан хохирлыг түүгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;
    2/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах , байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
    /Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    З/ байгаль орчныг хамгаалах олон нийтийн байгууллага байгуулах, хөрөнгийн сан үүсгэх нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгалийн баялгийг арчлан хамгаалах, нөхөн сэргээх, түүний ашиг шимийг хүртэх;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    4/ холбогдох байгууллагаас байгаль орчны тухай үнэн, зөв мэдээлэл авах;
    5/ байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах, байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах;
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    6/ сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтад орж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа нутгийнхаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээгээр ашиглах, эзэмших.
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    2. Иргэн байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
    1/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
    2/ байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох;
    З/ байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх.
    4/ байгалийн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, хөнөөж сүйтгэсэн үйлдлийг олж мэдсэн иргэн тэр тухайгаа тухайн орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх.
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    5 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах талаархи төрийн чиг үүрэг, зарчим
    1. Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
    2. Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална:
    1/ хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх ;
    2/ экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах;
    З/ байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах;
    4/ байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх.
    5/байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    6 дугаар зүйл.Байгалийн баялгийг өмчлөх, байгаль орчныг хамгаалах
    /Энэ зүйлийн гарчигт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    1.Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг төрийн өмч мөн бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр ашиглахаас бусад тохиолдолд халдашгүй байна.
    /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    2. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байгалийн баялгийг зохих төлбөр, хураамжийг төлж, гэрээ, тусгай зөвшөөрөл буюу эрхийн бичгийн дагуу ашиглаж болно.
    3. Хууль, гэрээнд заасан журмын дагуу иргэн өмчийн болон эзэмшлийн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газар дээрээ өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ургамал, ой мод, өсгөж үржүүлсэн амьтан болон хурын усыг хуримтлуулах замаар байгуулсан усан сан, нуур, цөөрмийг өмчилж болно.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    4. Байгалийн баялгийг энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу бий болгосон эсэх талаар мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, орон нутгийн засаг захиргааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тэдгээрт өмчлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    5.Засаг дарга энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тухайн нутгийн байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсныг эрх бүхий мэргэжлийн байгууллага хуульд заасан аргачлалаар албан ёсоор тогтоосон тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн[1] 32.2-т заасан арга хэмжээ авна.
    /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

    ХОЁРДУГААР БҮЛЭГ.
    БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, АУДИТ
    /Энэ бүлгийн гарчигт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    7 дугаар зүйл. Байгаль орчны үнэлгээ
    1. Байгаль орчны унаган төрхийг хадгалах, түүний тэнцэл алдагдахаас сэргийлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, байгалийн баялгийн ашиглалтыг зохицуулах зорилгоор байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тус тус хийнэ.
    2. Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хүсч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үнэлгээг өөрийн зардлаар хийлгэх буюу үнэлгээг урьд нь тогтоосон бол түүнийг гүйцэтгэсний зардлыг төлнө.
    З. Байгаль орчны үнэлгээг энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрх олгосон аж ахуйн нэгж, байгууллага хийж тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
    4. Аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ хийх эрхийг тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ олгоно.
    /Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    /Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    5. Дараахь шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны үнэлгээ хийх эрх олгоно:
    1/ үнэлгээний багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь орон тооны мэргэжлийн боловсон хүчин байх;
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    2/ хэмжилт, судалгааны багаж,хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;
    3/ магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагаас батлагдсан байгаль орчны үнэлгээ хийх арга зүйтэй байх;
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    4/ үнэлгээ хийх асуудлаархи мэдээллийн сантай байх.
    6. /Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    8 дугаар зүйл. Байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ
    1. Байгалийн тодорхой төрлийн баялгийн хэмжээг тоо, чанар болон мөнгөн үзүүлэлтээр тодорхойлсныг байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ гэнэ.
    2. Үнэлгээгээр байгалийн баялгийн нөөцийн хэмжээ, тухайн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээх арга хэмжээг тогтоож, байгаль орчны улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ.
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    З. Байгалийн баялгийн нөөцийн мөнгөн үнэлгээг экологи, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагатай хамтран тогтооно.
    4. Нөөцийн мөнгөн үнэлгээг тухайн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамж, байгальд учруулсан хортой нөлөөлөл, шууд хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох үндэс болгоно.
    9 дүгээр зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
    1. /Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
    /Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    З. Нөлөөллийн үнэлгээний зардлыг захиалагч этгээд санхүүжүүлнэ.
    4. Нөлөөллийн үнэлгээгээр тогтоогдсон шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.
    /Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    10 дугаар зүйл. Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээ
    1. Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээнд байгаль орчны төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг зогсоох, арилгах арга хэмжээ боловсруулах үйл ажиллагаа хамаарна.
    2. Төрийн захиргааны төв байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээний сүлжээ /цаашид “хяналт-шинжилгээний сүлжээ” гэх/ -г зохион байгуулж ажиллуулна.
    З. Хяналт-шинжилгээний сүлжээгээр дараахь ажлыг хэрэгжүүлнэ:
    1/ байгаль орчинд гарах физик, хими, биологийн хувьсал өөрчлөлт, бохирдолтын түвшинд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа хийж байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг тогтоох, үнэлгээ өгөх;
    2/ байгаль орчин, түүний баялгийн талаар хүн ам, сонирхогч аж ахуйн нэгж, байгууллагыг мэдээллээр хангах;
    3/ хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах хортой нөлөө, байгалийн аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төсөл боловсруулах.
    101 дүгээр зүйл.Байгаль орчны аудит
    1.Байгаль орчны аудитыг байгалийн нөөц, баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хоёр жил тутам хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвлөмж гаргуулан хэрэгжүүлэх бөгөөд зөвлөмжид заасан хугацаанд тайлангаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ.
    2.Байгаль орчны аудит хийх зардлыг төлөвлөгөөт хугацаанд хийж байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллага, төлөвлөгөөт бус хугацаанд Засаг дарга, эсхүл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аудит хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд захиалагч тал хариуцна.
    3.Байгаль орчны аудитын үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
    4.Байгаль орчны аудит хийх аргачлал, эрх олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
    5.Төрийн аудитын байгууллагаас байгаль орчны санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
    /Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    11 дүгээр зүйл. Байгаль орчны судалгаа, шинжилгээ, түүний санхүүжилт
    1. Улсын болон бүс нутгийн хөгжлийн баримжааг тодорхойлох, нэн ховордсон амьтан, ургамлыг нөхөн сэргээх, өсгөн үржүүлэх, хөрс, ус, агаарыг хамгаалах болон хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах талаархи судалгаа, шинжилгээний ажлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
    /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    2. Төрийн захиргааны төв байгууллага, зохих шатны Засаг дарга нь эрдэм шинжилгээний болон холбогдох мэргэжлийн байгууллагад байгаль орчны судалгаа, шинжилгээний ажил хийх, төсөл боловсруулах захиалга өгч зохих төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээс гадна сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн хөрөнгөөр судалгаа,шинжилгээ хийхэд нь дэмжлэг үзүүлнэ.
    /Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    12 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
    1З дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
    Улсын Их Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    1/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх төрийн бодлогыг тодорхойлох;
    2/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлах;
    З/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг батлах тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;
    4/ байгалийн баялгийн нөөцийг ашигласны болон орчныг бохирдуулсны төлбөр, хураамжийн дээд, доод хэмжээг тогтоох;
    5/ устах аюулд орсон амьтан, ургамлын жагсаалтыг батлах, өөрчлөх, байгалийн зарим объектыг улсын тусгай хамгаалалтад авах;
    6/ хуульд заасан бусад бүрэн эрх.
    14 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
    Засгийн газар байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    1/ байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
    2/ байгалийн баялгийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    З/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүн амын эрүүл мэнд,байгаль орчинд хортой нөлөөлөл бүхий үйлдвэрлэлийн болон бусад үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан өмчийнх нь хэлбэрийг үл харгалзан зогсоох;
    4/ амьтан, ургамал, түүнчлэн байгалийн гаралтай түүхий эд экспортлох, импортлоход хил, гааль, хорио цээрийн хяналтыг зохион байгуулах;
    5//Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    6/ иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг зохион байгуулах;
    7/ хуульд заасан бусад бүрэн эрх.
    15 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
    1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    1/ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    2/ байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам батлаж биелэлтийг хангуулах;
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    3/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын удирдлага, бодлогын төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж, байгаль орчны чадавхийн хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлалыг батлах;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    4/ хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    5/ байгаль орчныг хамгаалах талаар улсын захиалга өгч судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажил гүйцэтгүүлэх, өөрийн харьяа судалгаа, шинжилгээ, зураг төслийн болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг удирдах;
    6/ байгаль орчны тухай мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах биологийн болон генетикийн нөөцийг тогтвортой ашиглахад чиглэгдсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагыг хэрэглэснээр гарах үр ашгийг тэгш, шударгаар ашиглах явдлыг дэмжих;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    7/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад аргачилсан туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    8/ байгаль орчныг хамгаалах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
    9/ /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    10/ /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    11/нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    12/энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан аргачлалыг батлах;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    13/ байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх, экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
    /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    14/ идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах журам боловсруулан батлах;
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ заалтын дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
    /Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    15/ байгаль орчны мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
    /Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    16/ хуульд заасан бусад бүрэн эрх.
    /Энэ заалтын дугаарыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
    /Энэ заалтын дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
    /Энэ заалтын дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    2. Төрийн захиргааны бусад төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    1/ салбарынхаа хөгжлийн чиг баримтлалд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг тухайлан тусгаж хэрэгжүүлэх;
    2/ салбартаа байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж үр дүнг жил бүр Засгийн газарт тайлагнах.
    16 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх
    1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    1/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;
    2/ нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн дээд хэмжээг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоох;
    3/ байгаль орчны улсын тусгай хамгаалалтад ороогүй объектыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргаж, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоож, биелэлтэд нь хяналт тавих;
    4/ хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох;
    5/ байгаль орчны төлөв байдал, мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг хэлэлцэх.
    6/шинээр томилогдсон Засаг даргад тухайн нутгийн байгалийн нөөцийн санг энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-6 дахь заалтад заасан үзүүлэлтээр бүртгэж хүлээлгэн өгөх бөгөөд түүний өөрчлөлтийн тайланг жил тутам хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч байна.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    2. Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    /Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    1/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
    2/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
    З/ байгаль орчны мэдээллийн сангийн мэдээ, баримтыг төрийн захиргааны төв байгууллагад хугацаанд нь ирүүлэх;
    4/ нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    5/ нутаг дэвсгэртээ ажиллах байгаль орчны улсын ахлах болон улсын байцаагчийг энэ хуульд заасны дагуу ялгах тэмдэг, дүрэмт хувцас, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар хангах;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
    6/ аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх.
    /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
    7/нутаг дэвсгэртээ нөхөрлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг баталж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    8/нөхөрлөлийн үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ батлагдсан төсвийн хүрээнд дэмжин хөгжүүлэх мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    9/тухайн жилд нөхөрлөлийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэх;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    10/байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    3. Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль орчны мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
    /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
    17 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх
    1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    1/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих;
    2/ нутаг дэвсгэртээ тухайн жилд ашиглах байгалийн баялгийн нөөцийн хэмжээг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тогтоох;
    4/ байгаль орчныг хамгаалах талаар Засаг даргын ажлын тайлан хэлэлцэх.
    5/ нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлд хариуцуулах асуудлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэрлэх.
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    6/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан үнэлэлт, дүгнэлт өгч байх;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    7/нутаг дэвсгэртээ нөхөрлөлд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийн үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлах, хэрэгжилтийг хянах.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    2. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    /Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    1/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
    2/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг хууль тогтоомжийн дагуу олгох;
    3/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгалийн баялгийн ашиглалтад хяналт тавьж, тэдний ургуулсан ой, ургамал, өсгөн үржүүлсэн амьтан, сэргээн сайжруулсан, засаж тохижуулсан газар, уст цэгийг хүлээн авах;
    4/ нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    5/ байгаль хамгаалагчийн ажлыг удирдан чиглүүлэх, албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардагдах ялгах тэмдэг, дүрэмт хувцас, бие хамгаалах зэвсэг, техник хэрэгсэл, уналгаар орон нутгийн төсөвтөө тусган хангах, шаардлагатай бусад туслалцаа үзүүлэх;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    6/ аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын цэг тогтоох, бохирдлыг багасгах арга хэмжээ авах.
    7/ энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасан шийдвэрийг үндэслэн иргэдийн нөхөрлөлд хариуцуулах байгалийн тодорхой төрлийн баялгаас нь зохих болзол, хугацаатайгаар хууль, журмын дагуу хамгаалуулах, ашиглуулах, эзэмшүүлэх гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавих.
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    8/байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    9/энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан үүргээ нутгийн иргэдийн байгалийн нөөцийг зохистой ашиглах ухамсрыг төлөвшүүлэх, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэх;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    10/нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн сургалт явуулж үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    18 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх
    1. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    1/ бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлан, бэлчээр, уст цэгийг хамгаалах, ашиглах хуваарь гаргаж зохицуулах;
    2/ нийтийн ашиглалтын байгалийн баялгийн хамгаалалт, ашиглалтад хяналт тавих;
    3/ байгаль орчныг хамгаалах талаархи Засаг даргын ажлын тайлан сонсох.
    4/нөхөрлөл байгуулах талаар багийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэх.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    2. Баг, хорооны Засаг дарга байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    1/ байгаль орчныг хамгаалах талаархи хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
    2/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах ажлыг удирдан чиглүүлж орчны бохирдол, хог хаягдлыг цэвэрлэх жил бүрийн ажилд иргэдийг татан оролцуулах;
    З/ хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгох;
    4/ нутаг дэвсгэртээ орчны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах, нийтийн хог хаягдлын цэг тогтоох.
    5/нөхөрлөлийг байгуулах болон түүний үйл ажиллагаатай холбогдсон саналыг иргэдийн Нийтийн Хуралд танилцуулж хэлэлцүүлэх.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ АШИГЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ НИЙТЛЭГ АРГА ХЭМЖЭЭ
    19 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах нийтлэг арга хэлбэр
    1. Монгол Улс санхүүгийн баталгаа бүхий “Байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”- тэй байна.
    2. Төр, түүний байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг арга хэлбэрээр байгаль орчныг хамгаална:
    1/ нэн ховор амьтныг агнах, барих, ургамлыг бэлтгэж ашиглахыг хориглох;
    2/ нэн ховор, ховор амьтан, ургамлыг Монгол Улсын улаан номонд бүртгэж хамгаалах;
    3/ байгаль орчинд үзүүлэх хортой аюултай нөлөөллийн хэм хэмжээ, стандарт тогтоож мөрдүүлэх;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    4/ хүн амд экологийн боловсрол, хүмүүжил олгох, үндэсний өв уламжлалыг эзэмшүүлэх;
    5/ хоргүй, аюулгүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлэн ашиглахыг урамшуулах;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    6/ хот, тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалах, эрүүл ахуйн бүс тогтоох.
    7/ нөхөрлөлд гэрээний дагуу байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг хариуцуулах.
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    20 дугаар зүйл. Байгаль орчны чадавхийн хэм хэмжээ
    1. Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, байгаль орчныг хамгаалах зорилгоор байгаль орчинд гаргах хортой, аюултай бодисын агууламж, үзүүлэх сөрөг нөлөөллийн түвшний хэм хэмжээ / цаашид “байгаль орчны чадавхийн хэм хэмжээ”гэх/ -г дараахь үзүүлэлтээр тогтооно:
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    1/ агаар, ус, хөрс дэх хими, биологийн хортой аюултай бодисын хүлцэх хэм хэмжээ;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    2/ байгаль орчинд хаяж болох хортой, аюултай бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    3/ чимээ, шуугиан, чичиргээ, цахилгаан соронзон талбай болон физикийн бусад хортой нөлөөллийн хүлцэх хэм хэмжээ;
    4/ цацраг идэвхжлийн хүлцэх хэм хэмжээ;
    5/ газар тариалан, бэлчээр хамгаалахад хэрэглэх агрохимийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ;
    6/ хүнсний бүтээгдэхүүн дэх химийн бодисын зөвшөөрөх дээд агууламж;
    7/ байгаль орчны даацын болон нөөцийн ашиглалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ.
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, З, 4, 6-д заасан хэм хэмжээг стандартчиллын байгууллага тогтооно.
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    З. Байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээг хэтрүүлэн байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд учруулсан хохирлыг өөрөө арилгах буюу мэргэжлийн байгууллагаар арилгуулж гарсан зардлыг нөхөн төлнө.
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    21 дүгээр зүйл. Байгаль орчныг бохирдохоос хамгаалах
    1. Байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлж үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал хаяхыг байгаль орчныг бохирдуулах гэнэ.
    2. Бохирдуулах эх үүсвэрийн улсын нэгдсэн бүртгэлийг төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө.
    З. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдлаар байгаль орчныг бохирдуулахгүй байх талаар дараахь үүрэгтэй:
    1/ хортой, аюултай бодис болон хог хаягдлыг гагцхүү тусгайлан тогтоосон зориулалтын газар зөвшөөрөгдсөн аргаар булах, устгах;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    2/ хог хаягдлыг ялган, зориулалтын саванд цуглуулан, тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгслээр зөөж тогтоосон цэгт хаях;
    З/ оршин суугаа /оршин байгаа/ орчноо болон нүүхдээ бууцаа цэвэрлэж, шаардлагатай бол ариутгаж байх;
    4/ хашаа, байрныхаа орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх.
    4. Цацраг идэвхт болон химийн хортой, аюултай бодис, тэдгээрийг агуулсан нэгдлийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмыг хуулиар, үйлдвэрлэл, ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хоргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах, булах, устгах журмыг Засгийн газар тус тус тогтооно.
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    22 дугаар зүйл. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг
    1. Хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл явцаас шалтгаалан байгаль орчин, хүн ам, мал, амьтан, ургамал, тэдгээрийн удмын санд хөнөөл учруулахуйц хортой нөлөөлөл, өөрчлөлт үүссэн нутаг дэвсгэрийг байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг гэнэ.
    2. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутагт хамрах бүсийн заагийг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
    3. Байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, түүний эх үүсвэрийг хязгаарлах, хор уршгийг арилгах, байгаль орчныг засаж сайжруулах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллага, иргэний хамгаалалтын алба, бүх шатны Засаг дарга, холбогдох бусад байгууллага хамтран авч хэрэгжүүлнэ.
    4. Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын хор уршгийг арилгах зардлыг улсын төсвөөс гаргаж, учруулсан хохирлын шалтгааныг тогтоосны дараа түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
    2З дугаар зүйл. Онц байдал тогтоосон үед байгаль орчныг хамгаалах
    Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт байгалийн гамшиг, гэнэтийн аюулыг сааруулах, түүний хор уршгийг арилгах, байгаль орчин, түүний баялгийг хамгаалах арга хэмжээг онц байдлын тухай болон онц байдал зарласан хуульд заасан үндэслэл, журмын дагуу авч хэрэгжүүлнэ.
    24 дүгээр зүйл. Байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээ
    1. Байгалийн баялгийн нөөцийг түүний даац, нөхөн сэргэх чадварыг харгалзан тодорхой хугацаанд ашиглаж болох хэмжээг байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээ гэнэ.
    2. Байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээг байгалийн тухайн баялгийг хамгаалах, зохистой ашиглах тухай хуульд заасны дагуу тогтооно.
    25 дугаар зүйл. Байгалийн баялгийг нөхөн сэргээх
    1. Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
    1/ ховордсон амьтан, ургамлын ашиглалтыг хязгаарлах, тэдгээрийг үржүүлэх, нутагшуулах, тэжээлээр хангах зэргээр нөөцийг нь нэмэгдүүлэх;
    2/ байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах.
    2. Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаггүй амьтныг үржүүлэх, нутагшуулах ургамлыг тарималжуулах, эгэл биетнийг өсгөвөрлөх ажлыг төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий бусад байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор гүйцэтгэнэ.

    ТАВДУГААР БҮЛЭГ
    БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ
    26 дугаар зүйл. Байгаль орчны хяналт
    1. Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.
    /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/
    2. Хил, гааль, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар судлал, уул уурхайн зэрэг хяналтын байцаагч буюу хуульд зааснаар энэхүү хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажилтанд байгаль орчны улсын байцаагчийн эрх олгож, хяналтын үүрэг гүйцэтгүүлж болно.
    /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/
    3.Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, аймаг нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч, сум дүүрэгт улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ болон байгаль хамгаалагч тус тус ажиллана.
    /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    4. Улсын байцаагчийг дараахь байдлаар томилж, чөлөөлнө:
    1/ улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу олгоно.
    /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан/
    /Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    2/ /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    3/ /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    4/ байгаль хамгаалагчийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нормативын дагуу сум, дүүргийн улсын байцаагчийн саналыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга.
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    5. Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар экологи, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт, үнэлгээнийн чиглэлийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшиж дадлагажсан дээд боловсролын зэрэгтэй иргэнийг томилно.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    6. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас байгаль орчны чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн иргэнийг байгаль хамгаалагчаар ажиллуулна.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    7. Нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээ нь өндөр уулын бүсэд 100.0, ойт хээрийн бүсэд 120.0 , тал хээрийн бүсэд 500.0, цөлөрхөг хээрийн бүсэд 600.0, цөлийн бүсэд 800.0 мянга хүртэл га, улсын төсвийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ойн зурваст 30 км тутамд нэг байгаль хамгаалагч байх ба энэ нормативийг хот орчмын ногоон бүсэд 70 хувиар багасгаж тооцно. Тухайн бүсчлэлд хамрагдах сумдын нэрийн жагсаалт, дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт нэг байгаль хамгаалагчийн хариуцах талбайн хэмжээг тухайн тусгай хамгаалалттай газрын ангилал, хамгаалах дэглэм, онцлог, ачаалал зэргийг харгалзан Засгийн газар тогтооно.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    8.Тухайн орон нутагт байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж болно.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    27 дугаар зүйл. Улсын байцаагчийн эрх, үүрэг
    1. Улсын байцаагч дараахь эрхтэй байна:
    1/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах;
    2/ хяналтад шаардагдах мэдээ, баримтыг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гаргуулах;
    3/ хууль тогтоомж, стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг зөрчиж байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уг зөрчлийг арилгахыг шаардах, тодорхой хугацаагаар үйл ажиллагааг нь түдгэлзүүлэн зогсоох;
    4/ хяналт, шалгалт хийхээр аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, сорьц, дээж авах, тэдгээрийг өөрийн хяналтын дор шинжлүүлэх;
    5/ байгалийн гамшиг, гэнэтийн аюулын үед шаардлагатай бол нийтийн тээврийн хэрэгслээр дараалал харгалзахгүйгээр зорчих, бусад тээврийн хэрэгслийг дайчилж хөлсийг нь төлөх;
    6/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах;
    /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
    7/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуульд заасан захиргааны шийтгэл, нөхөн төлбөр ногдуулах, төлбөрийг барагдуулах;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    8/ байгаль хамгаалагчийн ажлыг шалгах, заавар өгөх.
    9/ноцтой зөрчил гаргах үед ашигласан тээврийн хэрэгслийг хураах.
    /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    10/хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лицензи, зөвшөөрөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
    /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    11/байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах, эсхүл дээд шатны байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх.
    /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
    2. Улсын байцаагч дараахь үүрэгтэй байна:
    1/ байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;
    2/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчлийн шинж байдал /зөрчил гаргагчийн нэр, хаяг, үйлдлийн шинж байдал, учруулсан хохирол, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл/-ын тухай тэмдэглэл хөтлөн зөрчил гаргагчийн гарын үсэг зуруулах буюу зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар тэмдэглэл хийх;
    3/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад захиргааны шийтгэл ногдуулах, тэдгээрийн хууль бус үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоохдоо түүний үндэслэл, шалтгааныг хууль тогтоомжийн зүйл, заалтын дагуу тодорхойлж, баталсан загвараар үйлдсэн акт буюу торгуулийн хуудаст тэмдэглэх;
    4/ илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, үйлдвэрлэлийн нууцыг хадгалах;
    5/ зөрчил гаргагчаас хуульд заасан үндэслэлээр хураан авсан зүйл, зэвсэг, хэрэгсэл, түр хураасан бичиг баримтын бүртгэлийг үйлдэж эзэнд нь үлдээж, зэвсэг, хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж эрх бүхий байгууллагад хугацаанд нь шилжүүлэх.
    6/ байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх, зөвлөн туслах, зохион байгуулах, хамтарч ажиллах.
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    28 дугаар зүйл. Байгаль хамгаалагчийн эрх, үүрэг
    1. Байгаль хамгаалагч дараахь эрхтэй байна:
    1/ нутаг дэвсгэртээ энэ хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4,5-д заасан улсын байцаагчийн эрхийг хэрэгжүүлэх;
    2/ нутаг дэвсгэртээ энэ хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6,7-д заасан улсын байцаагчийн эрхийг хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэгжүүлэх.
    2. Байгаль хамгаалагч энэ хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь үүрэгтэй байна:
    1/ хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчинд учирч болзошгүй аюулаас сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалах арга хэмжээ авах;
    2/ хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгох;
    З/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн дагуу тухайн баялгийг ашиглах газрыг зааж өгөх, хяналт тавих;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    4/ хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;
    5/ байгалийн гамшиг, гэнэтийн аюул гарсан даруйд зохих шатны Засаг даргад мэдээлж, хор уршгийг арилгах арга хэмжээ авах;
    6/ хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах.
    7/хариуцсан нутаг дэвсгэртээ ажиллах нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    8/уул, ой модонд бүгсэн оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжилж байгаа тахарын албанд газар орны онцлог, байгалийн тогтоц, байршлын талаар мэдээлэл өгөх, газарчлах, хамтран ажиллах.
    /Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
    3.Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байгаль хамгаалагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгох бөгөөд эрх олгох журмыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтарч батална.
    /Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    29 дүгээр зүйл. Улсын байцаагч,байгаль хамгаалагч галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх
    1. Улсын байцаагч, байгаль хамгаалагч хээрийн нөхцөлд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үедээ галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл биедээ авч явах эрхтэй.
    2. Улсын байцаагч, байгаль хамгаалагч хээрийн нөхцөлд хяналт, шалгалт хийх үедээ илэрсэн зөрчил, гадны халдлагыг өөр арга хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:
    1/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээд хууль ёсны шаардлагыг нь илт эсэргүүцэн зэвсэг хэрэглэх буюу өөр аргаар хүч хэрэглэн амь насанд нь халдсан;
    2/ зэрлэг амьтан довтолж амь насанд аюул учруулахад хүрсэн.
    З. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээд улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцвэл резинэн болон цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, резинэн буюу хуванцар сумтай буу зэрэг нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно.
    4. Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төрийн захиргааны төв байгууллага батална.
    291 дүгээр зүйл. Улсын байцаагч, байгаль хамгаалагчийн нийгмийн болон эрхээ хэрэгжүүлэх баталгаа
    1. Улсын байцаагч, байгаль хамгаалагч нь нийгмийн болон эрхээ хэрэгжүүлэх дараахь баталгаагаар хангагдана:
    1/ төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгох;
    2/ ажил үүргээ гүйцэтгэх зориулалтаар унаа, дүрэмт хувцас, галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэлээр хангагдах.
    2. Улсын байцаагч, байгаль хамгаалагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын нөлөөгөөр хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт нь дараахь буцалтгүй тусламж, цалингийн зөрүүг олгоно:
    1/ хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлэгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг;
    2/ хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг;
    3/ амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн 3 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж;
    4/ энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг төсвөөс олгож, түүнтэй тэнцэх хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
    5/ хуульд заасан бусад баталгаа.
    /Энэ зүйлийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

    ЗУРГАДУГААР БҮЛЭГ
    БАЙГАЛЬ ОРЧИН, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ ТАЛААРХИ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
    30 дугаар зүйл. Мэргэжлийн байгууллага
    1. Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн байгууллага гэнэ.
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    2. Мэргэжлийн байгууллагад энэ зүйлийн 1дэх хэсэгт заасан үйл ажиллагааг эрхлэн зохицуулах эрх олгох журмыг Засгийн газар батална.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    3. Мэргэжлийн байгууллага хариуцсан нутаг дэвсгэртээ дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
    /Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
    1/ төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгалийн баялгийг ашиглах гэрээ байгуулах, уг гэрээний дагуу байгалийн баялгийг ашиглах газрыг зааж өгөх;
    2/ байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх төсөл, төлөвлөгөө боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эрх олгосон тохиолдолд нөлөөллийн үнэлгээ хийх;
    3/ байгалийн баялгийн нөөцийн судалгаа хийлгэх захиалга өгөх;
    4/ байгалийн баялгийг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, түймэр зэрэг байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
    5/ байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад технологийн хяналт тавих, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
    6/ хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;
    7/ байгалийн баялгийг судлах, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэх, шаардлагатай бол төрийн захиргааны төв байгууллагад уламжлах;
    8/ байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, арчлах, тэдгээрийг ашиглан хууль тогтоомжид заасан журмын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх.
    9/байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аргачлалын дагуу тогтоох.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    З1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
    Аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэгтэй байна:
    1/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын шийдвэр, улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлэх;
    2/ эрх бүхий байгууллагаас баталсан байгаль орчны холбогдолтой стандарт, хэм хэмжээ, дүрэм, журмыг чанд сахин биелүүлж, дотоодын хяналтыг хэрэгжүүлэх;
    3/ үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад байгаль орчинд гаргаж байгаа хорт бодис, физикийн хортой нөлөөлөл, хог хаягдлын хэмжээг бүртгэж, тэдгээрийг багасгах, цэвэрлэх талаар авсан арга хэмжээ, хянах төхөөрөмжийн ажиллагааны тухай тайлан мэдээг хугацаанд нь гаргаж холбогдох байгууллагад өгөх;
    4/ байгаль орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах, зогсоох болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх;
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    5/ гэрээний дагуу тарьж ургуулсан ой, ургамал, үржүүлсэн амьтан, сэргээн сайжруулсан усны ундарга, засаж тохижуулсан газрыг сум, дүүргийн Засаг даргад хугацаанд нь хүлээлгэн өгөх;
    6/ төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу экологийн паспорт хөтлөх.
    7/бохирдлын эх үүсвэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд ялгаруулж байгаа хатуу, шингэн, хийн хаягдлыг хянах ажлыг зохион байгуулж ажиллуулах үүрэг бүхий дотоод хяналтын нэгжтэй байх.
    /Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    8/гэм буруутай этгээдийн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэхийг Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагчаас шаардах;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    9/өөрийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг арилгах, холбогдох байгууллагад мэдэгдэх, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ногдуулсан нөхөн төлбөрийг ажлын 14 хоногт багтаан төлөх;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    10/байгаль орчинд хохирол учруулж болох аливаа үйлдлээс татгалзах.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    311 дүгээр зүйл. /311 дүгээр зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    З2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалахад төрийн бус байгууллага оролцох
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    1. Байгаль орчин, түүний баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий олон нийтийн байгууллага болон байгалийн нөөцийн хамтын менежмент эрхлэн явуулах нөхөрлөл байгаль орчныг хамгаалах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
    /Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    1/ байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
    /Энэ заалтад 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    2/ байгаль орчныг хамгаалах талаархи саналаа төрийн захиргааны төв байгууллага болон зохих шатны Хурал, Засаг даргад уламжлах;
    3/ экологийн сургалт, хүмүүжлийн ажлыг өөрөө болон холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
    4/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төсөл, зөвлөмж, аргачлал боловсруулж холбогдох байгууллагад танилцуулж шийдвэр гаргуулах.
    2. Засгийн газар байгаль орчныг хамгаалах талаархи төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр байгаль орчныг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагад эсхүл тухайн нутгийн иргэдийн сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулагдсан этгээдэд шилжүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно.
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/

    ДОЛДУГААР БҮЛЭГ
    БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН САН
    33 дугаар зүйл. Мэдээллийн сангийн хэлбэр
    1. Мэдээллийн санг цахим хэлбэрээр бүрдүүлнэ.
    2. Мэдээллийн сангийн мэдээлэл нь өгөгдөл, дуу авиа, дүрс бичлэг, зураг, график, бичгийн хэлбэртэй байна. Энэ зүйлд заасан зурган мэдээлэл нь Засгийн газраас баталсан солбилцол, өндрийн тогтолцоонд үндэслэгдэнэ.
    3. Мэдээллийн сангийн өгөгдөл тоон хэлбэртэй байна.
    4. Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн сан олон нийтэд нээлттэй байна.
    34 дүгээр зүйл. Мэдээллийн сангийн тогтолцоо
    1. Мэдээллийн сан нь дараахь ангилалтай байна:
    1/ улсын;
    2/ аймаг, нийслэлийн;
    3/ сум, дүүргийн.
    2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн сан нь нэгдмэл байна.
    3. Мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам болон эх мэдээний дэлгэрэнгүй жагсаалтыг Засгийн газар батална.
    35 дугаар зүйл. Мэдээллийн сангийн бүрдэл
    1.Улсын мэдээллийн сан дараахь зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ:
    1/ газар, түүний хөрс;
    2/ газрын хэвлий, ашигт малтмал;
    3/ ус, рашаан;
    4/ ой;
    5/ байгалийн ургамал;
    6/ амьтан;
    7/ агаар, түүний бохирдол;
    8/ уур амьсгал;
    9/ байгалийн гамшиг;
    10/ химийн хорт болон аюултай бодис;
    11/ хог хаягдал;
    12/ тусгай хамгаалалттай газар нутаг;
    13/ байгаль орчны эрх зүй;
    14/ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
    15/ байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт;
    16/ байгаль орчны статистик мэдээлэл, тайлан;
    17/ байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төсөв, зардал;
    18/ байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хүний нөөц;
    19/ мета мэдээллийн сан;
    20/ байгаль орчны талаархи бусад мэдээлэл.
    21/байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээлэл;
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    22/байгаль орчны холбогдолтой гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл.
    /Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    2. Аймаг, нийслэлийн мэдээллийн сан энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-7, 9-12, 14-18, 20-д заасан зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ.
    3. Сум, дүүргийн мэдээллийн сан энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-6, 9-12, 14, 15, 17, 18, 20-д заасан зүйлийн талаархи мэдээллээс бүрдэнэ.
    36 дугаар зүйл. Мета мэдээллийн сан
    1. Байгаль орчны мета мэдээллийн сан дараахь мэдээллээс бүрдэнэ:
    1/ мэдээллийн нэр, товч тайлбар;
    2/ мэдээллийн чанарын тодорхойлолт;
    3/ мэдээллийн үндсэн эх сурвалж;
    4/ мэдээллийн тойм дүрслэл, солбилцлын тогтолцоо;
    5/ мэдээллийн хэрэглээ, түгээлт.
    2.Байгаль орчинтой холбоотой мэдээлэл бүрдүүлдэг иргэн, төрийн болон төрийн бус байгууллага энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг бүрдүүлэх, шинэчлэх бүрд мета мэдээллийг бүрдүүлж улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
    361 дүгээр зүйл.Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан
    1.Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:
    1/байгаль орчинд хохирол учруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухай мэдээлэл;
    2/байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, ногдуулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ;
    3/байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр төлсөн, хохирлыг арилгасан тухай тайлан.
    /Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    37 дугаар зүйл. Мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага, хэрэгжүүлэх хугацаа
    1.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан мэдээллийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 2 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
    2.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан мэдээллийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
    3.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 7-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
    4.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6-д заасан мэдээллийг эрдэм шинжилгээний болон тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
    5.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, 9-д заасан мэдээллийг ус цаг уур, орчны хяналт шинжилгээ болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гамшгийн нөхцөл байдал үүссэн тухай бүр улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
    6.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т заасан мэдээллийг байгаль орчин, геологи, уул уурхай болон тухайн асуудал эрхэлсэн бусад төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
    7.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11, 12-т заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
    8.Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13-18-д заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр улсын мэдээллийн санд төвлөрүүлнэ.
    38 дугаар зүйл. Мэдээллийн сангийн үйл ажиллагааг хангах байгууллага
    1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдээллийн сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулна.
    2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчны мэдээллийн төв байх бөгөөд уг төв нь улсын мэдээллийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн үйлчилгээний байгууллага байна.
    39 дүгээр зүйл. Байгаль орчны мэдээллийн төвийн бүрэн эрх
    1. Байгаль орчны мэдээллийн төв дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    1/мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
    2/мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, хадгалах, хамгаалах, шинэчлэх, ашиглах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
    3/мэдээллийн сангийн хүрээнд программ хангамж, техник технологи, хүний нөөцийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх;
    4/хэрэглэгчийг мэдээллийн сангаас мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах;
    5/нийтийн хэрэгцээний болон хоёрдогч мэдээллийг бий болгоход шаардлагатай мэдээлэл боловсруулах;
    6/мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээлэлд бүртгэл хөтлөх, баримтжуулах;
    7/мэдээллийн сангийн мэдээллийг энэ хуулийн 37 дугаар зүйлд зааснаас бусад иргэн, хуулийн этгээдээс цуглуулах, сонгох, нягтлан шалгах ажлыг зохион байгуулах;
    8/мэдээллийн үнэн зөв, мэдээллийн сангийн шуурхай байдал, хэвийн ажиллагаа, хамгаалалт, хадгалалт, нууцлалт, хуулбарлалтыг хариуцах;
    9/ мэдээллийн сангийн нөөц хувь бүрдүүлэх;
    10/ мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах;
    11/ мэдээллийн сан бүрдүүлэх асуудлаар мэдээлэл бүрдүүлэх, төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
    12/ мэдээллийн санд өөрчлөлт хийх, мэдээлэл бүрдүүлэх, мэдээллийн сангийн талаархи тайланг жил бүр гаргах;
    13/мэдээллийн санд халдлага, гэмтэл гарсан даруйд холбогдох байгууллагад мэдэгдэх, түүний хэвийн үйл ажиллагааг сэргээх;
    14/мэдээллийн сангийн асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
    15/мэдээллийн санг зориулалтын байр, программ хангамж, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах, шаардлагатай өгөгдөл, мэдээлэл худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулах.
    40 дүгээр зүйл. Мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагын бүрэн эрх
    1. Энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу улсын мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    1/холбогдох мэдээллийг бүрдүүлж, улсын мэдээллийн санд цахим хэлбэрээр буюу сүлжээгээр нийлүүлэх, техникийн хувьд боломжгүй бол мэдээлэл зөөгч хэрэгслээр өгөх;
    2/байгаль орчны өгөгдөл, мэдээллийг шинэчлэх, өөрчлөлт оруулах, шинэ өгөгдөл, мэдээллээр мэдээллийн санг баяжуулах;
    3/байгаль орчны өгөгдөл, мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцах;
    4/байгаль орчны өгөгдөл, мэдээллийн анхдагч боловсруулалтыг хариуцах;
    5/байгаль орчны өгөгдөл, мэдээлэлийн нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлтийн тухай байгаль орчны мэдээллийн төвд ажлын 7 өдөрт багтаан мэдэгдэх;
    6/улсын мэдээллийн санд мэдээлэл төвлөрүүлэх техник, технологийн нөхцөлийг бүрдүүлэх, холбогдох зардлыг хариуцах.
    41 дүгээр зүйл. Мэдээллийн санг хэрэглэгчийн эрх, үүрэг
    1.Мэдээллийн сангийн хэрэглэгч дараахь эрх, үүрэгтэй:
    1/мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг ашиглан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, лавлагааны мэдээлэл бэлтгэх болон бусад хэлбэрээр ашиглахдаа мэдээлэл эзэмшигчийн нэрийг ишлэл болгох;
    2/мэдээллийн сангийн үйл ажиллагаа болон өгөгдөл, мэдээллийн талаар гомдол гаргах.
    42 дугаар зүйл. Мэдээллийн санг бүрдүүлэх ерөнхий шаардлага
    1.Мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, түгээх үйл ажиллагаа, техник, технологи нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн төрийн нэгдсэн бодлоготой уялдсан байна.
    2.Мэдээллийн сангийн агуулга, нэр төрөл, хамрах хүрээ нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдоно.
    3.Мэдээллийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллагын техник, технологийн шийдэл нь мэдээллийн нэгдмэл байдлыг хангахад чиглэгдэнэ.
    43 дугаар зүйл. Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд хориглох зүйл
    1.Мэдээллийн сангийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:
    1/мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг өөрчлөх, устгах, хулгайлах;
    2/мэдээллийн сангийн программ хангамжийг өөрчлөх, устгах, эвдэх;
    3/мэдээллийн сангийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сүлжээний найдвартай үйл ажиллагааг санаатай болон санамсаргүйгээр алдагдуулах, эвдэх, гэмтээх;
    4/мэдээллийн санд вирус тараах;
    5/мэдээллийн санд агуулагдаж буй иргэн, хуулийн этгээдийн нууцтай холбоотой мэдээллийг задруулах;
    6/мэдээллийн сангаас авсан мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор ашиглах, бусдад дамжуулах, худалдах;
    7/мэдээллийн сангаас санаатай болон болгоомжгүйгээр мэдээлэл хуулбарлах, ишлэлгүйгээр ашиглах;
    8/ашиглах хүрээг нь хязгаарласан өгөгдөл, мэдээлэлд хууль бусаар нэвтрэх, тэдгээрийг өөрчлөх, хуулбарлах, устгах;
    9/мэдээллийн санд хандах эрхийг хууль бусаар олж авах, бусдад дамжуулах;
    10/мэдээллийн сангийн ажилтан хуулиар хүлээсэн давуу эрхтэй холбоотойгоор өгөгдөл, мэдээлэл болон мэдээллийн сангийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг алдагдуулах.
    44 дүгээр зүйл. Мэдээллийн сангийн санхүүжилт, төлбөрийн нөхцөл
    1.Мэдээллийн сан төрийн өмч байх бөгөөд түүний үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
    2.Мэдээллийн сангийн мэдээлэл нь төлбөртэй болон төлбөргүй байна. Төлбөргүй болон нийтэд зориулсан мэдээллийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
    3.Иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр цуглуулж бүрдүүлсэн өгөгдөл, мэдээллийн тухай мета мэдээллийг улсын санд төлбөргүй өгөх үүрэгтэй.
    4.Байгаль орчны мэдээллийн төв энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээллийг худалдан авч болно.
    5.Иргэн, байгууллага, хуулийн этгээд нь улсын төсөв, шинжлэх ухаан, технологийн сан, олон улсын болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд бүрдүүлсэн байгаль орчны өгөгдөл, мэдээллийг улсын мэдээллийн санд үнэ төлбөргүй төвлөрүүлэх үүрэгтэй.
    6.Мэдээллийн сангийн сургалт, танин мэдэхүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахтай холбоотой нийтэд зориулсан мэдээллийг иргэн, хуулийн этгээд төлбөргүй ашиглах эрхтэй.
    7.Энэ зүйлд заасан төлбөртэй мэдээллийн орлогын 50 хүртэл хувийг мэдээллийн санг шинэчлэх, үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх, түүний хүчин чадлыг сайжруулахад зарцуулна.
    /Энэ бүлгийг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

    НАЙМДУГААР БҮЛЭГ
    байгалийн нөөцийн хамтын менежмент
    45 дугаар зүйл.Байгалийн нөөцийн хамтын менежмент
    1.Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан нутгийн иргэдэд байгалийн нөөцийг дундаа хариуцан хамгаалах, зохистой ашиглах болон нөхөн сэргээх эрхийг олгож, нутгийн иргэд нөөц ашиглалтыг хамтаараа, ил тод, шударга зарчимд нийцүүлэн зохион байгуулж, түүнээс нийгэм, эдийн засгийн ашиг тусыг хүртэж байх үйл явцыг байгалийн нөөцийн хамтын менежмент гэнэ.
    46 дугаар зүйл.Байгалийн нөөцийн хамтын менежментийн зарчим
    1.Байгалийн нөөцийн хамтын менежментэд дараах зарчмыг баримтална:
    1/байгалийн нөөцийн ашиглалт нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх бодлоготой нягт уялдаатай байх;
    2/байгалийн нөөцийн хамтын менежмент нь экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх;
    3/тухайн шатны төрийн байгууллага, иргэдийн нөхөрлөл байгалийн нөөцийн менежментийг явуулах эрх, үүргийг тэдгээрийн хооронд байгуулсан хамтын гэрээгээр энэ хуулийн хүрээнд тодорхойлсон байх;
    4/нөхөрлөлд төр, нөхөрлөлөөс гадна сонирхогч бусад талуудын оролцоог бүрэн хангах.
    47 дугаар зүйл.Байгалийн нөөцийн хамтын менежментийн хамрах хүрээ
    1.Нөхөрлөлийн хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх объектэд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн нөөцөөс гадна дэлхийн болон үндэсний байгаль, соёлын өвд хамаарагдах газар нутаг орно.
    48 дугаар зүйл.Байгалийн нөөцийн хамтын менежментийн үйл ажиллагаанд оролцогч талууд
    1.Байгалийн нөөцийн хамтын менежментийн үйл ажиллагаанд дараах талууд оролцоно:
    1/энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан хэлбэрээр байгуулагдсан нөхөрлөл;
    2/нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга;
    3/тухайн суманд ажиллаж байгаа байгаль орчны мэргэжлийн байгууллага.
    2.Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж оролцогч тал байж болно.
    49 дүгээр зүйл.Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх
    1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль хамгаалах сангаас буцаан олгоно.
    2.Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна:
    1/ойн санд учруулсан хохирол;
    2/амьтанд учруулсан хохирол;
    3/ургамалд учруулсан хохирол;
    4/усны нөөцөд учруулсан хохирол;
    5/газарт учруулсан хохирол;
    6/газрын хэвлийд учруулсан хохирол;
    7/хөрсөнд учруулсан хохирол.
    3.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.
    4.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:
    1/ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
    2/амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
    3/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
    4/усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
    5/газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр.
    5.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:
    1/газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
    2/хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;
    6.Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна.
    7.Хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно.
    8.Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна.
    50 дугаар зүйл.Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл
    1.Байгалийн нөөцийн хамтын менежментийн үйл ажиллагаанд тухайн орон нутгийн иргэд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдан оролцож болох бөгөөд гэрээний үндсэн дээр хамтын менежментээр хариуцаж байгаа нутаг дэвсгэрийнхээ тодорхой төрлийн байгалийн нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу зохистой ашиглах давуу эрхтэй байна.
    2.Иргэдийн нөхөрлөлийн гишүүн нь 18 нас хүрсэн, тухайн сум дүүрэгт байнга оршин суугч Монгол Улсын иргэн байна.
    3.Тодорхой төрлийн байгалийн нөөцийг гэрээний дагуу нөхөрлөлд хариуцуулахдаа нөхөрлөлийн гишүүдийн тоо, хариуцуулах талбай, баялгийн нөөц, хэмжээ, онцлог зэргийг харгалзана.
    4.Сум дүүргийн Засаг дарга дараах баримт бичгийг үндэслэн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдийн нөхөрлөлтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна:
    1/баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;
    2/нөхөрлөлийн байгалийн нөөцийн менежмент явуулахыг хүссэн өргөдөл;
    3/нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж баталсан байгалийн нөөцийн хамтын менежмент явуулах менежментийн төлөвлөгөө;
    4/нөхөрлөл байгуулсан гишүүдийн хамтран ажиллах тухай гэрээ болон иргэний үнэмлэхний хуулбар.
    5.Энэ хуулийн 50 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан бичиг баримтыг бүрдүүлсэн нөхөрлөлтэй сум, дүүргийн Засаг дарга үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.
    6.Нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ болон гэрчилгээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
    7.Нөхөрлөл нь оролцогч талуудтай Иргэний хуулийн[2] 481.1-д заасны дагуу бичгээр гэрээ байгуулж ажиллана.
    8.Нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг дараах тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга зогсоож, гэрээг цуцална:
    1/нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан;
    2/гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, гэрээ байгуулснаас хойш зургаан сар байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй;
    3/бүх гишүүдийн хурлаар нөхөрлөлийн байгалийн нөөцийн хамтын менежмент явуулах үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гарсан;
    4/энэ хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй;
    9.Нөхөрлөл нь энэ хуулийн 31 дүгээр зүйл, тодорхой төрлийн байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэхийн зэрэгцээ, тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлнэ.
    10.Нөхөрлөл нь өөрийн дотоод дүрэмтэй байх бөгөөд дүрмэндээ бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ахлагч, гишүүний эрх, үүрэг, хариуцлага, дундын өмч хөрөнгийн харилцааны асуудлыг хуульд заасны дагуу тусгасан байна.
    11.Нөхөрлөл байгалийн нөөцийн менежментийн талаарх тайланг жил бүр тухайн сум, дүүрэг, баг, хорооны Хуралд тайлагнах бөгөөд түүнд байгалийн баялгийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхэд зарцуулсан хөрөнгийн зарцуулалт, түүний үр дүн, нөөц баялгийн төлөв байдал, түүний өөрчлөлт зэргийг тусгасан байна.
    12.Нөхөрлөл нь өөрсдийн эрх ашгаа хамгаалах, хамтын ажиллагаагаа зохицуулах үүрэг бүхий нөхөрлөлүүдийн холбоотой байж болох бөгөөд холбооны дүрэм, үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар[3] зохицуулна.
    13.Нөхөрлөл нь өөрийн эзэмшлийн газар болон байгалийн нөөц бусад эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.
    14.Нөхөрлөл нь тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд данстай байж болно.
    51 дугаар зүйл.Нөхөрлөлийн дундын сан
    1.Нөхөрлөл нь үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, гишүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор дундын сан байгуулж болно.
    2.Дундын санг бүрдүүлэх, зарцуулах журмыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн батална.
    3.Дундын санг байгууллага хамт олны хандив, тусламж, нөхөрлөлийн гишүүдийн оруулсан хөрөнгө, дундын сангийн зээлийн хүү, нөхөрлөлийн эд хөрөнгийн ашиглалтын түрээс, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан орлогын мөнгөн дүнгийн тодорхой хувь зэрэг эх үүсвэрээс бүрдүүлж болно.
    4.Дундын санг байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажлын байр бий болгох, нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааг дэмжих, байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг багасгах, нөхөрлөлийн гишүүдийн хурлаас тогтоосон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулна.
    52 дүгээр зүйл.Нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөө
    1.Нөхөрлөл нь бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж баталсан менежментийн төлөвлөгөөтэй байна.
    2.Менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
    1/хариуцаж байгаа байгалийн нөөц, баялгийн мэдээлэл, нутаг дэвсгэрийн хил хязгаарыг баталгаажуулсан зураг;
    2/байгалийн нөөцийн хамтын менежмент явуулах нөхөрлөлийн ашиглах байгалийн нөөцийн тархацын хил хязгаар, тоо хэмжээ, даац, чанар зэрэг үзүүлэлт;
    3/ эдийн засаг, нийгмийн хувьд ашиг тусаа одоо, ирээдүйд үзүүлж байх нөхцөл, арга хэмжээ;
    4/тухайн төрлийн байгалийн нөөцийн онцлог шинж чанарт тохирсон менежмент явуулах арга, хэлбэр;
    5/нөхөрлөлийн ашиглаж, эзэмшиж байгаа байгалийн нөөцийн төлөв байдлыг хянах хяналт-шинжилгээний хөтөлбөр;
    6/менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нөхөрлөлийн гишүүд тус бүрийн гүйцэтгэх үүрэг болон оролцогч талтай хамтрах ажил;
    7/санхүүгийн төлөвлөгөө;
    8/бүх гишүүдийн хурлаас тогтоосон бусад зүйл.
    /Энэ бүлгийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    Есдүгээр бүлэг
    /Энэ бүлгийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ бүлгийн дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    БУСАД ЗҮЙЛ
    53 дугаар зүйл. Санхүүжилт
    /Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ зүйлийн дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    1. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихад шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
    /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    2. Хуульд өөрөөр заагаагүй бол байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн орлого орон нутгийн төсөвт орно.
    54 дугаар зүйл. Байгал орчныг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг
    /Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ зүйлийн дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    1. Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой аюултай нөлөөллийг багасгах дэвшилт арга, хоргүй, аюулгүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэврүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    2.Экологийн боловсрол, хүмүүжил олгох, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх ажилд төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
    /Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    З. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг Засгийн газар тогтооно.
    /Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    4. Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга олгоно.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    5. Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагчид мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль хамгаалагчид тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгоно.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    6. Энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан урамшуулал олгох журмыг Сангийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд батална.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    7. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан мэдээлэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцлана.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    55 дугаар зүйл. Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамж
    /Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ зүйлийн дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    1. Байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамжид байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгосны хураамж, нөөц ашигласны төлбөр, зөвшөөрсөн хэмжээнд хог хаягдал, бохирдуулах бодис гаргасны төлбөр хамаарна.
    2. Эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан болон зөвшөөрөлгүй агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг болон зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хог хаягдал, бусад бодис гаргахад нөхөн төлбөр ногдуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг орон нутгийн төсөвт оруулна.
    /Энэ хэсэгт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    4. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр,хураамжийн дээд, доод хэмжээ, төлөх журмыг хуулиар тогтооно.
    56 дугаар зүйл. Экологийн боловсрол, хүмүүжил
    /Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ зүйлийн дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    1. Засгийн газар албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил, байгаль орчныг хамгаалах арга, дадал олгох хөтөлбөрийг баталж биелэлтийг зохион байгуулна.
    2. Экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг дараахь байдлаар зохион байгуулна:
    1/ сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд байгаль орчныг хамгаалах анхны мэдлэг, хүмүүжил олгох;
    2/ коллеж, их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагад мэргэжлийн чиг баримжааг харгалзан байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах шинжлэх ухааны үндэс, эрх зүйн мэдлэг олгох;
    3/ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр экологийн мэдлэг, байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил, хууль тогтоомж сурталчлах.
    57 дүгээр зүйл. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх
    /Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ зүйлийн дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
    2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана.
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    3. Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
    58 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчид
    хүлээлгэх хариуцлага
    /Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ зүйлийн дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    1. Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
    2. Шүүгч буюу байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг дараахь байдлаар зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
    /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    1/ энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн З, 4, 5, 6-д заасан үүргийг биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    2/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд төрөөс төлөвлөн олгосон хөрөнгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    3/ энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан, 31 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
    /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    4/ энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэхээр энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 49 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг биелүүлээгүй шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
    /Энэ заалтыг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    5/ энэ хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох мэдээллийг улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн мэдээллийн санд төвлөрүүлээгүй, мэдээллийн санд өгөх тайлан, мэдээллийг энэ хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, буруу мэдээлэл өгсөн бол холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
    /Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/
    /Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    6/ энэ хуулийн 43 дугаар зүйлийг санаатайгаар зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
    /Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/
    3. Улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатай саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан улсын байцаагч, байгаль хамгаалагч болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдэд Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
    /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
    59 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
    /Энэ зүйлийн дугаарт 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    /Энэ зүйлийн дугаарт 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

    ________________________________________

    [1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ”Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 2 дугаарт нийтлэгдсэн.
    [2] Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
    [3] Төрийн бус байгууллагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 3 дугаарт нийтлэгдсэн.

  • + -

    БАРИЛГЫН ТУХАЙ

    2008 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

    БАРИЛГЫН ТУХАЙ
    /шинэчилсэн найруулга/

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    Нийтлэг үндэслэл
    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
    1.1.Энэ хуулийн зорилт нь барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, ашиглах, техникийн хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
    2 дугаар зүйл. Барилгын тухай хууль тогтоомж
    2.1.Барилгын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
    2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
    3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
    3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
    3.1.1.”зураг төсөл” гэж барилга байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг;
    3.1.2.”барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг;
    3.1.3.”барилгын материалын үйлдвэрлэл” гэж барилгын материалын эрдэс, түүхий эд олборлох, материал, бүтээц, эдлэхүүн үйлдвэрлэхийг ;
    3.1.4.”барилга байгууламж” гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг;
    3.1.5.“барилгын норм, нормативын баримт бичиг” гэж барилга байгууламжид мөрдөх нийтлэг шаардлага зарчмыг агуулсан барилгын норм, дүрэм, стандарт, цомог, заавар, журмыг;
    3.1.6.”барилгын чанарын баталгаат хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг;
    3.1.7.”барилгын техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийг дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоожуулалт, радио, дохиоллын эх үүсвэрт холбох тухай эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг;
    3.1.8.”барилгын зураг төслийн магадлал” /цаашид “магадлал” гэх/ гэж барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, архитектур, хот төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэх, инженерийн хангамжийн техникийн шийдэл, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, байгалийн баялгийг зохистой ашиглах, үйлдвэрлэлийн технологийн сонголт нь барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрхэн хангасныг тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагааг;
    /Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    3.1.9.”зөвлөх үйлчилгээ” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.15-д заасныг;
    3.1.10.”өргөх байгууламж” гэж босоо, хэвтээ чиглэлд хүн, ачаа өргөх, тээвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжийг;
    3.1.11.”барилгын орчны тохижилт” гэж тухайн барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг;
    3.1.12.“барилгын захиалагч” гэж хөрөнгө оруулагчийг итгэмжлэлээр төлөөлж зураг төсөл боловсруулах, материал бэлтгэн нийлүүлэх, барилгын ажлын үе шат, гүйцэтгэлд хяналт тавих, тухайн барилгыг хүлээн авах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн мэргэжлийн хүн, хуулийн этгээдийг ;
    3.1.13.“барилгын хөрөнгө оруулагч“ гэж барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлсэн иргэн, хуулийн этгээдийг;
    3.1.14.“үе шатны ажил” гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа тус бүрийн технологийн дарааллын хэсгүүдийг.

    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    Барилгын талаархи төрийн байгууллагын бүрэн эрх
    4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
    4.1.Улсын Их Хурал барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    4.1.1.барилгын салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, барилгын тухай хууль тогтоомжийг батлах;
    4.1.2.барилгын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
    4.1.3.тусгай хамгаалалттай газар нутаг дахь эрдэс, түүхий эдийг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах асуудлыг Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх;
    4.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
    5 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
    5.1.Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    5.1.1.барилгын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
    5.1.2.барилгын салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах;
    5.1.3.барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах болон барилгын ашиглалтын дүрмийг батлаж, мөрдүүлэх;
    5.1.4.барилга захиалагчийн дүрмийг батлах;
    5.1.5.барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрмийг батлах;
    5.1.6.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм батлах;
    5.1.7.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ, үнийн индексийг батлах, зарлах.
    6 дугаар зүйл. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
    6.1.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    6.1.1.барилгын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
    6.1.2.барилгын норм, дүрэм батлах, стандарт хянах, мөрдүүлэх;
    6.1.3.барилгын норм, норматив боловсруулах санг бүрдүүлэх, зарцуулах журмыг батлах;
    6.1.4.барилгын салбарт шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх;
    6.1.5.салбарын ажилтны давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох дүрмийг батлах;
    6.1.6.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих, үйлчилгээний хөлс тогтоох;
    6.1.7.инженерийн мэргэжлийн төрлөөр орон тооны бус, мэргэжлийн зөвлөл ажиллуулах дүрэм батлах;
    6.1.8.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
    6.1.9.орон нутаг дахь хот байгуулалт, барилга захиалагчийн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
    6.1.10.барилгын салбарын шинжлэх ухаан, техник, технологийн болон барилгын механикжуулалтын бодлогыг хэрэгжүүлэх;
    6.1.11.шаардлагатай гэж үзвэл хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олголт, барилга байгууламжийн чанар, паспортжуулалт, бүртгэлийн асуудлаар аймаг, нийслэлийн Засаг даргын тайланг хэлэлцэх.
    6.2.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    6.2.1.барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
    6.2.2.барилгын норм, дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, үнийн индекс, стандарт боловсруулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
    6.2.3.барилга байгууламжийн зураг төсөл зохиогч, барилгын ажил гүйцэтгэгч, барилгын материал үйлдвэрлэгчийн бүртгэл хөтлөх;
    6.2.4.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгогчийг төлөөлөн оролцох;
    6.2.5.барилгын норм, норматив боловсруулах сан бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг зохион байгуулах;
    6.2.6.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулах;
    6.2.7.барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах;
    6.2.8.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох;
    6.2.9. магадлал хийх ажлыг зохион байгуулах;
    6.2.10.инженер-техникийн ажилтны мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэн зэрэг олгож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хариуцлагын болон сургалтын тогтолцоо бүрдүүлэх, сургалтыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах;
    6.2.11.барилгын мэдээллийн сан бүрдүүлэн сүлжээ байгуулж, түүний байнгын ажиллагааг эрхлэх.
    7 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх
    7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    7.1.1.барилгын тухай хууль тогтоомж, эрх зүйн акт болон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;
    7.1.2.барилга байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл нь хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг хянаж, Засаг даргын тайланг хэлэлцэх.
    7.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    7.2.1.барилгын талаархи төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
    7.2.2.барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх;
    7.2.3.барилгын тухай хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрэгжүүлэх, газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоход нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулах;
    7.2.4.хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олголт, барилга байгууламжийн чанар, паспортжуулалт, бүртгэлийн ажлыг зохион байгуулах;
    7.2.5.энэ хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаа, барилгын норм, дүрэм, стандарт, материалын чанар, зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавих;
    7.2.6.барилгын зураг төсөл, барилгын ажил, барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас барилгын тухай хууль тогтоомж хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
    7.2.7.барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих.
    8 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын оролцоо
    8.1.Барилгын салбарын төрийн бус байгууллагууд нь барилгын тухай хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт, эрх зүйн бусад баримт бичгийг боловсронгуй болгох, төрөөс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулна.
    8.2.Төрийн бус байгууллага энэ хуулийн 8.1-д заасан ажлыг гэрээгээр гүйцэтгэж болно.

    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    Барилга байгууламж, барилгын зураг төсөл, материал, бүтээгдэхүүн, гэрээнд тавих шаардлага, барилгын зураг төсөлд магадлал хийх
    9 дүгээр зүйл. Барилга байгууламжид тавих шаардлага
    9.1.Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна:
    9.1.1.хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан;
    9.1.2.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан ;
    9.1.3.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангасан;
    9.1.4.зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй;
    9.1.5.үйлдвэрлэлийн гоо зүй, байгаль орчны нөхцөл, шаардлагад нийцсэн.
    10 дугаар зүйл. Барилгын зураг төсөлд тавих шаардлага
    10.1.Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна:
    10.1.1.зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, газрын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон;
    10.1.2.материал, түлш, эрчим хүч, усны нөөцийг хэмнэлттэй ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн;
    10.1.3.хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангах арга хэмжээг тусгасан;
    10.1.4.гудамж, талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг зэрэг нийтийн эзэмшлийн газрыг чөлөөтэй ашиглах нөхцөлийг хангасан;
    10.1.5.усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан, дулаан, холбооны хэрэгсэл, байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлаагүй;
    10.1.6.дуу чимээ, доргио, утаа, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдлоос хүрээлэн байгаа орчныг хамгаалсан;
    10.1.7.шаардлагатай тохиолдолд иргэний хамгаалалтын арга хэмжээг тусгасан.
    11 дүгээр зүйл. Барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлага
    11.1.Барилгын материал, бүтээгдэхүүн дараахь шаардлагыг хангасан байна:
    11.1.1.стандарт, зураг төслийн чанарын шаардлагыг бүрэн хангасан байх;
    11.1.2.хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;
    11.1.3.гарал үүсэл, чанарыг баталгаажуулсан паспорт, лабораторийн батламжтай байх;
    11.1.4.чанарын шаардлагыг хангасан зориулалтын сав, баглаа боодол, хаяг, шошго, тавиур , чингэлэгтэй байх.
    12 дугаар зүйл. Барилгын гэрээнд тавих шаардлага
    12.1.Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
    12.2.Барилгын гэрээг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн байгуулна.
    12.3.Тендер шалгаруулалтад шалгарсан иргэн, хуулийн этгээд нь тендерээр авсан эрхээ бусдад шилжүүлэх, худалдахыг хориглоно.
    12.4.Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна.
    12.5.Энэ хуулийн 12.4-т заасан хугацаа дуусгавар болох үед ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгч хамтран үзлэг хийж шаардагдах арга хэмжээ авснаар баталгаат хугацаа дуусгавар болно.
    13 дугаар зүйл. Барилгын зураг төсөлд магадлал хийх
    13.1.Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
    13.2.Гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, эсхүл газар хөдлөлтийн 6-гаас дээш баллын бүсэд баригдах, барилга байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн төвөгшилтэй нөхцөлийн судалгааны дүгнэлт, техник, эдийн засгийн үндэслэлд магадлал заавал хийлгэнэ.
    13.3.Энэ хуулийн 13.2 дахь хэсэг гадаадын зохиогчийн зураг төсөл болон гадаадын байгууллагатай хамтран боловсруулсан зураг төсөл, хот байгуулалтын баримт бичигт нэгэн адил хамаарна.
    13.4.Зураг төсөл зохиогчийн гаргасан алдааг зураг төслийн байгууллага, зохиогч хариуцах бөгөөд магадлал хийсэн этгээд нь зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.
    13.5.Энэ хуулийн 13.2, 13.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй тохиолдолд барилгын ажил эхлэхийг хориглоно.
    14 дүгээр зүйл. Барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, түүний ангилал
    14.1.Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
    14.2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж энэ хуулийн 14.1-д заасан тусгай зөвшөөрөл авах өргөдөлд тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг хавсаргана.
    14.3.Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргахдаа техникийн болон санхүүгийн чадавхи, норм, нормативын баримт бичгийн бүрдэлт, мэргэжлийн зэрэгтэй инженер, мэргэжлийн ажилчдын ажлын туршлага зэрэг шалгуур үзүүлэлт, нөхцөл, шаардлагыг харгалзана.
    14.4.Энэ хуулийн 14.3-т заасан дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгоно.
    14.5.Дараахь тохиолдолд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ тухай нийтэд мэдээлнэ:
    14.5.1.энэ хуулийн 9, 10, 11 дүгээр зүйлд тавьсан шаардлагыг зөрчсөн;
    14.5.2.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг дараалсан 2 жил явуулаагүй.
    14.6.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.
    14.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 14.3-т заасан нөхцөл, шаардлагаар тогтоосон зэрэглэлтэй байна.
    14.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагааны мэдээ, тайланг баталсан маягтын дагуу гаргаж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний татварын ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороонд улирал тутам хүргүүлнэ.
    14.9.Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-гаас дээш давхар барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн хувьд олгоно.
    14.10.Энэ хуульд зааснаар зөвшөөрөл авсан зураг төслийг давтан хэрэглэхэд энэ хуулийн 14.9 дэх хэсэг хамаарахгүй.
    14.11.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийн сантай байх бөгөөд тухайн сангийн мэдээлэл нийтэд нээлттэй байна.

    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, материал үйлдвэрлэгчийн эрх, үүрэг
    15 дугаар зүйл. Барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн эрх, үүрэг
    15.1.Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч нь Иргэний хуульд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:
    15.1.1.барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах;
    15.1.2.барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах;
    15.1.3.барилга байгууламж барих талбайг чөлөөлөх, ашиглалтад оруулах зардлыг хариуцах;
    15.1.4.барилга байгууламж барих, шинэчлэх, засварлахтай холбогдон гудамж, зам, талбай сэтлэх, шугам сүлжээ барих, түүнд холболт хийх, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулбал нөхөн сэргээх ажил, үүнд шаардагдах зардлыг хариуцах;
    15.1.5.барилга байгууламжийн орчны тохижилтыг иж бүрэн гүйцэтгэх;
    15.1.6.барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх;
    15.1.7.барилга байгууламжийн баталгаат хугацаанд илэрсэн зөрчлийг арилгуулах.
    15.2.Зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахыг хориглоно.
    15.3.Барилгын хөрөнгө оруулагч нь захиалагчийн болон зөвлөх үйлчилгээг барилгын мэргэжлийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
    15.4.Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно.
    15.5.Ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад хүлээн аваагүй барилга байгууламжийг цахилгаан, холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно.
    16 дугаар зүйл. Барилгын ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг
    16.1.Барилгын ажил гүйцэтгэгч нь Иргэний хуульд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:
    16.1.1.барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авах, барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл, засвар хийх явцад байгаль орчин, галын хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, дүгнэлтийг биелүүлэх;
    /Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    16.1.2.энэ хуулийн 23.1.1-д заасан зардлыг барилгын төсөвт өртөгт тусган энэ хуулийн 6.2.5-д заасан санд шилжүүлэх;
    16.1.3.барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах;
    16.1.4.барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлахтай холбогдон гудамж, зам, талбай сэтлэх, шугам сүлжээ барих, түүнд холболт хийх, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулсан бол эдгээрийг бүрэн буцаан сэргээх;
    16.1.5.барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах.
    16.1.6.шинээр барилга байгууламж барих, өргөтгөх зорилгоор газар, түүний хэвлийг хөндөхөөс өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулах, илэрсэн дурсгалыг авран хамгаалах.
    /Энэ заалтыг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
    16.2.Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.
    16.3.Барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангаагүй, гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй, материал, эдлэхүүн болон барилгын хэв хашмалын тулаасанд мод хэрэглэхийг хориглоно.
    /Энэ хэсэгт 2009 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    16.4.Байгаль, цаг уурын нөхцөлд тохирох нь батлагдаагүй импортын материал, эдлэхүүн хэрэглэхийг хориглоно.
    16.5.Импортын барилгын материал гарал үүсэл, тохирлын гэрчилгээтэй байна.
    16.6.Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно.
    16.7.Барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулна.
    16.8.Сонгон шалгаруулалтад оролцож барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга, байгууламжийн үндсэн ажлыг бие даан гүйцэтгэнэ.
    16.9.Барилга байгууламжийн үндсэн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил орно.
    17 дугаар зүйл. Зураг төсөл зохиогчийн эрх, үүрэг
    17.1.Зураг төсөл зохиогч нь Иргэний хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:
    17.1.1.тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зураг төсөл боловсруулах ажил, үйлчилгээ эрхлэх;
    17.1.2.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу зураг төсөл боловсруулж, баталгаажуулах;
    17.1.3.энэ хуулийн 15.1.2-т заасны дагуу барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих;
    17.1.4.барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгчийн хүсэлтээр норм, дүрмийн шаардлагын хүрээнд зураг төсөлд өөрчлөлт оруулах;
    17.1.5.зураг төслийг зөрчсөн тохиолдолд түүнийг залруулахыг шаардах буюу ажлыг бүрэн зогсоох, эсхүл чанаргүй баригдсан хэсгийг буулгах талаар барилгын мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх;
    17.1.6.энэ хуулийн 13.2, 13.3–т заасан зураг төсөлд магадлал хийлгэх;
    17.1.7.барилга байгууламжийн гадна тал, орчны тохижилт, архитектур төлөвлөлтийн иж бүрэн шийдлийг гаргаж зохицуулах, хяналт тавих.
    18 дугаар зүйл. Барилгын материал үйлдвэрлэгчийн эрх, үүрэг
    18.1.Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:
    18.1.1.барилгын норм, дүрэм, стандарт, зураг төслийн шаардлага бүрэн хангасан бүтээгдэхүүн, эдлэхүүнийг үйлдвэрлэх;
    18.1.2.Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэх түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох, боловсруулах, орд газрыг ашиглах;
    18.1.3.хууль тогтоомжид заасны дагуу орд газрын ашиглалтын явцад нөхөн сэргээлт хийх;
    18.1.4.үйлдвэрлэсэн барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарт баталгаа өгөх;
    18.1.5.барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар боловсруулж, тохирлын гэрчилгээ авсан байх;
    18.1.6.үйлдвэрлэсэн барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарын үндсэн үзүүлэлтийг тодорхойлох лабораторитай байх;
    18.1.7.итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосны дагуу шинэ материал, хийц эдлэхүүнийг үйлдвэрлэж, туршилтын журмаар хэрэглэх.

    ТАВДУГААР БҮЛЭГ
    Барилга байгууламжийн ашиглалт, норм, нормативын баримт бичиг, бүртгэл мэдээлэл
    19 дүгээр зүйл. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
    19.1.Технологийн хувьд нэгдмэл бус барилгыг хэсэгчлэн ашиглалтад оруулж болно.
    19.2.Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.
    20 дугаар зүйл. Барилга байгууламжийг ашиглах
    20.1.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийг ус, агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх, хот байгуулалт, ашиглалтын дүрмийн шаардлагын дагуу ашиглана.
    20.2.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламж дотор байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
    20.3.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь ашиглалтын дүрэмд заасан хугацаанд барилга байгууламжид үзлэг, шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх зэрэг арга хэмжээ авч, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллана.
    20.4.Ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн хэн буруутай нь хариуцлага хүлээнэ.
    21 дүгээр зүйл. Барилгын баримт бичгийг бүрдүүлэх, хадгалах
    21.1.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, их засварын тухай төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу хувийн хэрэг хөтөлнө.
    21.2.Хөрөнгө оруулагч, захиалагч нь ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын гүйцэтгэлийн акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын чанар, явцад зохиогч болон мэргэжлийн хяналт гүйцэтгэгчийн дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 1 сарын дотор холбогдох архивт шилжүүлнэ.
    21.3.Барилга байгууламжийн зураг төсөл, бичиг баримтыг тухайн барилга байгууламжийг ашиглах хугацаагаар хадгална.
    22 дугаар зүйл. Барилгын норм, нормативын баримт бичиг
    22.1.Барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөнө.
    22.2.Норм, нормативын баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ.
    22.3.Норм, нормативын баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувилж олшруулахыг хориглоно.
    23 дугаар зүйл. Барилгын норм, норматив боловсруулах сан
    23.1.Барилгын норм, норматив боловсруулах сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
    23.1.1.барилга байгууламжийн төсөвт өртгийн 0.18 хувиар авсан орлого;
    23.1.2.норм, нормативын борлуулалтын орлого;
    23.1.3.норм, нормативыг боловсронгуй болгох зориулалтаар өгсөн хандивын орлого.
    23.2.Барилгын норм, нормативыг боловсруулах сангийн хөрөнгийг норм, нормативын баримт бичгийг боловсруулах, шинэчлэх зорилгоор зарцуулна.
    24 дүгээр зүйл.Барилгын салбарын бүртгэл, мэдээлэл
    24.1.Улсын хэмжээнд барилгын талаар нэгтгэж гаргах салбарын бүртгэл, мэдээллийн маягтыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн хороо хамтран батална.
    24.2.Экспорт, импортын барилгын материал, тоног төхөөрөмж, машин техникийн бүртгэлийг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн дагуу улирал бүр гаргана.

    ЗУРГАДУГААР БҮЛЭГ
    Барилга байгууламжид тавих техникийн хяналт
    25 дугаар зүйл. Барилгын техникийн улсын хяналтыг хэрэгжүүлэх байгууллага
    25.1.Барилга байгууламжид тавих техникийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллах барилгын улсын байцаагч, зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд /цаашид “хяналт хэрэгжүүлэгч” гэх/ тус тус хэрэгжүүлнэ.
    25.2.Барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх, үүргээс гадна дараахь чиглэлээр хяналт шалгалт явуулна:
    25.2.1.шинээр барьж байгаа барилга байгууламж, тэдгээрийн шинэчлэл, их засварын ажлын чанар;
    25.2.2.барилгын материал, түүхий эд, эдлэхүүний чанар;
    25.2.3.хот байгуулалтын баримт бичиг, зураг төслийн хэрэгжилт;
    25.2.4.барилга байгууламжийн ашиглалт;
    25.2.5.өргөх байгууламж /0,1 тонноос дээш даацтай цахилгаан шат, 3 тонноос дээш даацтай, машинчийн бүхээг бүхий кран/-ийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа;
    25.2.6.барилга, байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн судалгааны ажлын чанар;
    25.2.7.барилга байгууламжийн нуралт, эвдрэл, өргөх байгууламжид гарсан ослын шалтгаан;
    25.2.8.барилга байгууламж, өргөх байгууламжийн улсын бүртгэл;
    25.2.9.барилгын ажлын гүйцэтгэлийн магадлан шалгалт;
    25.2.10.зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэхтэй холбогдсон зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах;
    25.2.11.энэ хуулийн 15.1.7 дахь заалтын хэрэгжилтэд хяналт тавих.
    25.3.Барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгчийн шийдвэр үндэслэлгүй байвал түүнийг дээд шатны улсын байцаагч хүчингүй болгоно.
    25.4.Дээд шатны улсын байцаагч нь хяналт хэрэгжүүлэгчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг хянан шийдвэрлэхдээ техник, технологийн асуудлаар түүний гаргасан дүгнэлтийг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
    25.5.Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.

    ДОЛДУГААР БҮЛЭГ
    Бусад зүйл
    26 дугаар зүйл. Барилгын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
    26.1.Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, барилгын техникийн хяналтын улсын байцаагч дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
    26.1.1.тусгай зөвшөөрөлгүйгээр барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 500000-1000000 хүртэл, хуулийн этгээдийг 2000000-4000000 хүртэл төгрөгөөр торгож, зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгах, газрыг нөхөн сэргээхэд гарах зардлыг буруутай этгээдээр төлүүлэх;
    26.1.2.энэ хуулийн 10, 11, 12, 16, 17, 18, 22 дугаар зүйл, 9.1.1, 9.1.3, 9.1.4, 9.1.5, 13.2, 13.5, 14.1, 14.8, 15.1-д заасан журмыг зөрчсөн иргэнийг 250000-500000, хуулийн этгээдийг 1000000-2000000 хүртэл төгрөгөөр торгох;
    26.1.3.энэ хуулийн 9.1.2 дахь заалт, 15.4, 15.5, 19.2, 20.1, 20.2, 20.4 дэх хэсэг, 21 дүгээр зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 500000-1000000, хуулийн этгээдийг 2000000-4000000 төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг арилгахтай холбогдон гарах зардлыг төлүүлэх.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

  • + -

    ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

    1999 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот

    ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    Нийтлэг үндэслэл
    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
    1.1. Энэ хуулийн зорилт нь галын аюулгүй байдлыг хангах, галын аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, галын аюулгүй байдлыг хангах талаархи нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
    2 дугаар зүйл. Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж
    2.1. Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Гамшгаас хамгаалах тухай хууль, энэ хууль, Ойн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
    /Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
    3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
    3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
    3.1.1. “гал түймэр” гэж хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүн болон хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгалийн баялаг, нийгэмд хохирол учруулах шаталтыг;
    3.1.2. “гал түймрийн гамшиг” гэж объектын болон ой, хээрийн гал түймэр өргөжин дэлгэрч олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, байгалийн баялаг, эд хөрөнгө их хэмжээгээр сүйрэхэд хүргэх нөхцөл байдлыг;
    3.1.3. “гал унтраах удирдагч” гэж гал түймэр гарсан анхны дуудлагаар гал унтраах нэгжийг удирдаж ирсэн, гал унтраах ажлыг газар дээр нь удирдан зохион байгуулах галын байгууллагын алба хаагчийг;
    3.1.4. “галын аюулгүй байдал” гэж учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон төр, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалсан байдлыг.
    3.1.5.“ой, хээрийн түймрийг унтраах” гэж ой, хээрийн түймрийн үед шаталт, тархалтыг зогсооход чиглүүлэн явуулж байгаа үйл ажиллагааг.
    /Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага, түүний алба хаагч
    /Энэ бүлгийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    4 дүгээр зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага
    /Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    4.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах үүрэг бүхий мэргэжсэн байгууллага мөн.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    4.2. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага нь нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдана.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    4.3. Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
    4.4. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    4.4.1. галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
    4.4.2. гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар аймаг, нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтэс, албадыг мэргэжлийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах;
    4.4.3. гал түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон ажлыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, чиглүүлэх;
    4.4.4. гал түймрийн үүсэлт, шалтгаан нөхцөлийг судлах, арилгах;
    4.4.5. гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний хангалтын асуудлыг зохион байгуулах;
    4.4.6. гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх.
    4.5. Аймаг, нийслэлийн гал түймэртэй тэмцэх нэгжид харьяалах нутаг дэвсгэртээ дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    4.5.1. гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах;
    4.5.2. объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах;
    4.5.3. гал түймрийн хэрэг бүртгэлт явуулах;
    /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    4.5.4. ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх агаарын хяналтыг зохион байгуулах;
    4.5.5. Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих.
    4.6. Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    /Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    4.7. /Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    4.8. /Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    4.9. /Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    5 дугаар зүйл. Гал түймрийн улсын хяналт
    5.1. Улсын галын аюулгүй байдлыг хангахад хяналт тавих чиг үүргийг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    5.2. Гал түймрийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.
    5.3. Гал түймрийн улсын хяналтын эрх бүхий алба хаагчийн хууль ёсны шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, албан тушаалтан, иргэд биелүүлэх үүрэгтэй.
    5.4. /Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    6 дугаар зүйл. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх талаархи гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
    /Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    6.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй байна:
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    6.1.1. галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
    6.1.2. гал түймрийн судалгаа, тоо бүртгэлийг хөтөлж гал түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн цогцолбор арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх;
    6.1.3. барилга, объектыг ашиглалтад авах зөвлөл, комиссын бүрэлдэхүүнд оролцох, бүрэн эрхийнхээ асуудлаар санал дүгнэлт гаргах;
    6.1.4. гал түймэр гарах аюултай нөхцөл бий болсон үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглахыг хэсэгчлэн буюу бүрмөсөн зогсоох;
    6.1.5. аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект болон иргэдийн орон сууцанд нэвтрэн орох, гал түймрийн аюулгүй байдлын болон галын техникийн үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгах тухай албан шаардлага бичих, биелэлтийг хангуулах;
    6.1.6.иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг ой, хээрийн түймрийг унтраах арга, ажиллагаанд сургах сургалт зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
    /Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    6.1.7.ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд гамшгийн хэмжээнд хүргэлгүй шуурхай унтраах арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;
    /Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
    6.1.8. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
    /Энэ хэсгийн дугаарт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    7 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч
    /Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    7.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг өөрийнх нь хүсэлтээр авч ажиллуулна.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    7.2. Тайван цагт гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад алба хааж буй иргэнийг цэргийн жинхэнэ албанд татахаас чөлөөлнө.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    7.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчаар хуульд заасан чиг үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    7.4./ Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    7.5. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад ажил хаялт зохион байгуулахыг хориглоно.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    8 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчийн тангараг, цол, дүрэмт хувцас
    /Энэ зүйлийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    9 дүгээр зүйл. Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагч үүргээ биелүүлэх баталгаа
    9.1. Үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс алба хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага төлж, гэм буруутай этгээдээр хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    9.2. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд байх, шөнийн ээлжинд ажиллах болон хээрийн сургууль, дадлага хийх үеийн зардлыг төр хариуцна.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    9.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үед эрүүл мэнд нь хохирсон, эсхүл амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж олгоно:
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    9.3.1. хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж болон авч байсан үндсэн цалингийн зөрүү;
    9.3.2. хиймэл эрхтэн хийлгэсэн тохиолдолд түүний зардал;
    9.3.3. амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний таван жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж.
    9.4. Энэ хуулийн 9.3.1-д заасан тэтгэвэр тогтоосноос хойш хохирогчийн тухайн үед авч байсан цалинд өөрчлөлт орсон бол зөрүүг шинээр тогтоосон хэмжээнээс тооцож олгоно.
    9.5. Энэ хуулийн 9.3.1-д заасан цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно.
    9.6. Энэ хуулийн 9.З-т заасан тэтгэвэр ба цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх зардлыг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага олгоно.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    9.7. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийг шилжүүлэн томилсон бол түүнд дараахь зардлыг олгоно:
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    9.7.1. удирдлагын шийдвэрээр алба хаагчийг шилжүүлэн томилсон, эсхүл томилогдсон газраасаа буцах үед түүний гэр бүлийн гишүүд болон 5 тонн хүртэл ачаа тээшийн хамт оршин суух газар нь хүргэх тээврийн хэрэгслийг байгууллагаас нь гаргах, эсхүл зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож олгох;
    9.7.2. удирдлагын шийдвэрээр алба хаагчийг өөр газар шилжүүлэн томилсноос түүний эхнэр /нөхөр/ нь ажлаас халагдаж хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнд нэг сараас доошгүй хугацааны дундаж цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг гал түймэртэй тэмцэх байгууллагаас олгох.
    10 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчид үзүүлэх хөнгөлөлт
    10.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын зөвхөн гал түймэр унтраах ажиллагаанд оролцдог алба хаагч дараахь хөнгөлөлт эдэлнэ:
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    10.1.1. улсад ажилласан хугацааг нь тогтооход гал унтраах ажилд оролцсон нэг жилийг нэг жил хоёр сараар тооцох;
    10.1.2. жил бүр ажлын 20 өдөр амрах;
    10.1.3. алба хаасан таван жил тутам ажлын хоёр өдрийн нэмэгдэл амралт авах.
    10.2. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн цалин дээр нэмж олгох зэрэг дэв, удаан жил ажилласны нэмэгдлийг Засгийн газар тогтооно.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    10.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч ээлжийн амралтаараа өөрийн төрсөн нутаг явах бол түүнд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгоно.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    11 дүгээр зүйл. Гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчдыг улсын даатгалд хамруулах
    11.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч улсын даатгалд заавал даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцна.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    12 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх байгууллагын санхүүжилт
    12.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон гал түймэртэй тэмцэх нэгж нь улсын төсвөөс санхүүжинэ.
    /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    12.2. Энэ хуулийн 12.1-д заасан байгууллага гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагад төлбөртэй үйлчилж болох бөгөөд орлогыг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулна.
    13 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчид хүлээлгэх хариуцлага
    /Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    13.1. Хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн гал түймэртэй тэмцэх байгууллагын алба хаагчид хууль тогтоомжид заасны дагуу эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    Галын аюулгүй байдлын талаархи нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрх, үүрэг
    14 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
    14.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    14.1.1. галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийг зохион байгуулах, нутаг дэвсгэртээ галын аюулаас урьдчилан сэргийлэх;
    14.1.2. объектын болон ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар зохиох арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах;
    /Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    14.1.3. хот, суурин газрын төлөвлөлт, газар олголтод Улсын гал түймрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагыг татан оролцуулах;
    14.1.4. объектын болон ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа явуулах ажлыг хэрэгжүүлэх.
    /Энэ хэсэгт 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    14.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь гал түймэртэй тэмцэх байгууллагын дотоод дүрмээр зохицуулагдсан болон хэрэг бүртгэх, туршилт, шинжилгээ хийх, гал түймэр унтраах ажлаас бусад асуудлаар нутаг дэвсгэрийн гал түймэртэй тэмцэх нэгжийг удирдана.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    14.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь тухайн шатны гал түймэртэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангана.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    15 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах талаархи иргэдийн эрх, үүрэг
    15.1. Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараахь эрхтэй байна:
    15.1.1. гал түймэр гарсан үед амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтооход биечлэн оролцох;
    15.1.2. гал түймэртэй холбогдолтой үнэн зөв мэдээ авах;
    15.1.3. Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас шаардах.
    15.2. Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараахь үүрэгтэй байна:
    15.2.1. галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
    15.2.2. гал түймэр гарч байгаа тохиолдолд гал түймэртэй тэмцэх байгууллагад нэн даруй мэдэгдэх;
    15.2.3. гал түймэр унтраах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг туслалцаа үзүүлэх;
    15.2.4. гал түймрийн талаархи зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх.
    16 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
    16.1. Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
    16.1.1. галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг чандлан сахих;
    16.1.2. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах;
    16.1.3. галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, хэм хэмжээ, стандартыг хангаж ажиллах;
    16.1.4. барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх болон хийц, бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах;
    /Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    16.1.5. ажилтан, ажилчдынхаа гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
    16.1.6. гал унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлэх;
    16.1.7. шинээр баригдаж байгаа барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэргийг байрлуулан ашиглахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын мэргэжлийн дүгнэлтийг гаргуулах.
    /Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    16.2. Галын аюулгүй байдлыг хангахад аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлнэ:
    16.2.1. галын аюулгүй байдлыг хангах зорилгоор мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зааварчилга, зөвлөгөө авах;
    16.2.2. ал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор гал унтраах гэрээт нэгж ажиллуулах.
    17 дугаар зүйл. Галын гэрээт алба
    17.1. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь өөрийн эд хөрөнгөө гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор галын гэрээт албыг ажиллуулж болно.
    17.2. Галын гэрээт алба нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр санхүүжинэ.
    17.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь галын гэрээт алба ажиллуулах журмыг баталж, тэдгээрийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    17.4. Галын гэрээт алба нь түүний хариуцсан объектод гарсан галын мэдээг Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгөх үүрэгтэй.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    17.5. Цэргийн анги байгууллагын дэргэдэх галын гэрээт албаны албан хаагч тухайн төрлийн цэргийн албан хаагчийн тангараг өргөж, цол, дүрэмт хувцас хэрэглэж үүргээ биелүүлэх баталгаа, хөнгөлөлтөөр хангагдана.
    17.6. Энэ хуулийн 17.5-д зааснаас бусад галын гэрээт албаны ажилтан энэ хуулийн 9.3-т заасан болон бусад баталгаагаар хангагдах бөгөөд зардлыг тухайн байгууллага хариуцна.
    17.7. Энэ хуулийн 17.6-д заасан бусад галын гэрээт албаны ажилтан гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага алба хаагчийн тангараг өргөж, дүрэмт хувцсыг хэрэглэж болох бөгөөд зардлыг тухайн байгууллага хариуцна.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    17.8. Гэрээт албаны ажилтанд түүний мэргэжил, дадлага туршлагыг харгалзан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх олгож болно.
    17.9. Галын гэрээт албыг шаардлагатай тохиолдолд гал унтраах үйл ажиллагаанд дайчилж болно.

    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    Галын аюулгүй байдлыг хангах
    18 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах талаар тавих нийтлэг шаардлага
    18.1. Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна.
    18.2. Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалж /шатахуун түгээх станц, шатах хий хадгалах зэрэг/, ашиглахад гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага албан ёсны зөвшөөрлийг авсан байна.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    19 дүгээр зүйл. Галын аюулгүй байдлын норматив, стандарт
    19.1. Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, бусад техникийн нормативыг албан тушаалтан, иргэд үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах үүрэгтэй.
    19.2. Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, бусад техникийн нормативыг Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    20 дугаар зүйл. Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, хянахад галын аюулгүй байдлыг хангах
    20.1. Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, барилга барих, засварлах, хийц бүтээцийг өөрчлөх, техник тоноглолыг шинэчлэхэд галын аюулгүй байдлын шаардлага /стандарт, техникийн норматив/-ыг дагаж мөрдөнө.
    20.2. Галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахыг хориглоно.
    21 дүгээр зүйл. Бүтээгдэхүүнд тавих галын аюулгүй байдлын шаардлага
    21.1. Галын аюултай бүтээгдэхүүн гэж галын аюулын ангилал, зэрэглэлийн дагуу гал асаах эх үүсвэрээс дөллөж авалцан асах буюу уугиж асах бүтээгдэхүүнийг хэлнэ.
    21.2. Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах иргэн болон хуулийн этгээд нь энэ тухайгаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    21.3. Галын аюултай бүтээгдэхүүний жагсаалт, ангилал, зэрэглэлийг Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр стандартчилалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    22 дугаар зүйл. Гал түймрийн аюулгүй байдлын талаархи мэдээ мэдээлэл
    22.1. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэхтэй холбогдсон хойшлуулшгүй мэдээллийг эрх бүхий байгууллагын хүсэлтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дараалал үл харгалзан төлбөртэйгээр нийтэлж нэвтрүүлнэ.
    22.2. Хүчтэй салхи шуурга, усны үер, хуурайшилт, газар хөдлөлт зэрэг байгалийн аюултай үзэгдэл гарч болзошгүй нөхцөл байдлын талаар цаг уурын болон бусад холбогдох байгууллагууд гал түймэртэй тэмцэх байгууллагад нэн даруй, үнэ төлбөргүй мэдээлнэ.

    ТАВДУГААР БҮЛЭГ
    Гал түймэр унтраах ажлын зохион байгуулалт
    23 дугаар зүйл. Гал түймэр унтраах үйл ажиллагааны зохион байгуулалт
    23.1. Гал түймэр унтраах ажлын зохион байгуулалт гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгалийн баялагийг гал түймрийн аюулаас авран хамгаалах, гал түймрийг унтраах арга ажиллагааг хэлнэ.
    23.2. Гал түймэр унтраах ажлыг зохион байгуулж гүйцэтгэхдээ гал унтраах дүрмийг удирдлага болгоно. Гал унтраах дүрмийг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    23.3. Гадаад улсын элчин сайдын яам, консулын болон худалдааны төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, түүнчлэн цахилгаан эрчим хүчний объектуудад гарсан гал түймрийг унтраах асуудлыг тэдгээрийн бүрэн эрхт төлөөлөгч, хэргийг түр хамаарагч болон тухайн объектын удирдлагын албан ёсны зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэнэ.
    24 дүгээр зүйл. Гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулах
    24.1. Гал унтраах удирдагч нь гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд бие бүрэлдэхүүний аюулгүй байдал, техникийн бүрэн байдлыг хариуцна. Гал түймэр унтраах хүч, техник хэрэгсэл нь зөвхөн гал унтраах удирдагчид захирагдана.
    24.2. Гал түймэр унтраах удирдагчийн хууль ёсны шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.
    24.3. Гал түймэр унтраах ажлыг зохион байгуулж байгаа гал унтраах удирдагчийн шийвэрийг эсэргүүцэх, түүнд хөндлөнгөөс саад хийхийг хориглоно.
    24.4. Гал түймэр унтраах удирдагч нь гал гарсан объектын байршлын зураг, онцлог, агуулж буй бодис материалын талаар мэдээлэл авах, хойшлуулшгүй тохиолдолд засаг захиргааны харьяалал, өмчийн хэлбэрийг үл харгалзан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тээвэр холбооны хэрэгсэл, хүн хүчийг дайчлах, ашиглах эрхтэй.
    24.5. Гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг шууд дайчилж үнэ төлбөргүй ашиглана.
    24.6. Гал түймэр унтраах ажлыг гүйцэтгэхэд хүн амын аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг хориглох, гал түймэр гарч байгаа газарт шаардлагатай хязгаарлалт тогтоох, иргэдийг нэвтрэн орохыг түр хугацаагаар хязгаарлана.
    24.7. Энэ хуулийн 24.4-т заасан дайчилгааны зардлыг гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага хариуцна.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    24.8. Гал унтраах ажиллагааны явцад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан хохирлыг төр хариуцна.
    25 дугаар зүйл. Хойшлуулшгүй ажиллагаа
    25.1. Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үед гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын эрх бүхий алба хаагч дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрхтэй:
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    25.1.1. иргэний нэр, хаягийг тодруулах зорилгоор биеийн байцаалт, бусад бичиг баримтыг үзэж шалгах;
    25.1.2. иргэний биед, тээврийн хэрэгсэл болон ачаа тээшид үзлэг хийх;
    25.1.3.гал түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж тогтооход ач холбогдол бүхий эд зүйлийг түр хугацаагаар хураан авах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг битүүмжлэх;
    25.1.4.шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
    /Дээрх 25.1.3, 25.1.4 дэх заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    25.1.5. согтууруулах ундаа, мансууруулах болон хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгуулах;
    25.1.6. гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээ өгч чадах баттай үндэслэл байгаа нөхцөлд иргэнээс тодорхойлолт авах;
    25.1.7. гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндэд учрах аюулыг таслан зогсоох зорилгоор замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, энэ тухай нэн даруй орон нутгийн засаг захиргааны байгууллагад илтгэх.
    25.2. Энэ хуулийн 25.1.2, 25.1.3, 25.1.4-т заасан тохиолдолд тэмдэглэл хөтөлж, түүнд гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын эрх бүхий алба хаагч болон холбогдох этгээд гарын үсэг зурна.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    25.3.Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үед гэмт хэргийн шинж илэрвэл холбогдох баримт сэлтийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
    /Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
    26 дугаар зүйл. Гал түймрийн гамшиг
    26.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага гал түймэр гарсан тухай анхны дуудлагаар хүрэлцэн очиж гал унтраах дүрмийн дагуу ажиллана.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    26.2. /Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    26.3. Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн З-т заасан журмын дагуу ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллага бусад мэргэжлийн албадын хамт оролцоно.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    /Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

    ЗУРГАДУГААР БҮЛЭГ
    Бусад зүйл
    27 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт
    /Энэ зүйлийн гарчигт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    27.1. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрх бүхий бусад байгууллага, Засаг дарга нар тус тусын эрх хэмжээний хүрээнд гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    27.2. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын хэрэг бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавина.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    27.3. Гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гал түймэртэй тэмцэх байгууллагын нийт алба хаагчийн үйл ажиллагаанд, гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын дарга, захирагч нь тухайн байгууллагын алба хаагчдын өдөр тутмын ажилд дотоодын хяналт тавьж, хууль тогтоомж зөрчих явдлыг урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авна.
    /Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
    28 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
    28.1. Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

  • + -

    ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ

    2003 оны 6 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хот

    ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    Нийтлэг үндэслэл
    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
    1.1.Энэ хуулийн зорилт нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    2 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж
    2.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
    3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
    3.1.Энэ хууль нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход гамшгаас хамгаалах алба, бусад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд үйлчилнэ.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
    4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
    4.1.1.“гамшгаас хамгаалах” гэж гамшгийн аюулаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээг;
    4.1.2.“гамшиг” гэж аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд улс, орон нутгийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг;
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    4.1.3.“аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг;
    4.1.4.“техникийн холбогдолтой осол” гэж үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам, сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл осолдох сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэргийг;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
    4.1.5.“гамшгийн эрсдэл” гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг;
    4.1.6.“гамшгийн эмзэг байдал” гэж гамшгийн болзошгүй аюулд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин өртөгдөх зэргийг;
    4.1.7.“гамшгийн нөөц” гэж улс, аймаг, нийслэл болон бүх шатны гамшгаас хамгаалах алба, тэдгээрийн штаб, аврах анги, отряд, салбар, нэгж, мэргэжлийн анги дахь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгахад зориулагдсан, байнга нөхөн сэлбэгдэж байдаг хүнс, хувцас, бусад материал, техник, газрын тосны бүтээгдэхүүн,багаж хэрэгсэл, мөнгөн хөрөнгө зэргийг;
    /Энэ заалтад 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
    /Энэ заалтыг 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    4.1.8.“гамшгаас хамгаалах дайчилгаа” гэж гамшгийн үед аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулах, шаардлагатай объект, барилга байгууламж, газар нутгийг ашиглах үйл ажиллагааг;
    4.1.9.“урьдчилан сэргийлэх” гэж гамшгийн аюул, болзошгүй хохирлыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг;
    4.1.10.“гамшгийн хор уршиг” гэж Ойн тухай хуулийн 3.1.22-3.1.23-т заасныг болон гамшгийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчин бохирдсон зэргээс улс, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллага, хүн амд учирсан нийт хохирлыг ;/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
    4.1.11.“гамшгийн голомт” гэж гамшгийн улмаас хязгаарлалт тогтоон аврах, хор уршгийг арилгах ажил явагдаж байгаа нутаг дэвсгэрийг;
    4.1.12.“гамшгийн тухай зарлан мэдээлэл” гэж хүн амд гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэхийг;
    4.1.13.“нэрвэгдэгсэд” гэж гамшгийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирогчдыг.
    4.1.14.“онцгой байдал” гэж гамшгаас хамгаалах арга хэмжээ авах, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг онцгой ажиллагаа явуулж байгаа нөхцлийг;
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    4.1.15.“аврах ажиллагаа” гэж гамшгийн аюулын үед хүн, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйлийг эрж хайх, аврах, гал түймрийн шаталтыг зогсоох, унтраах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гамшгийн голомтоос гаргах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг;
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    4.1.16.“гамшгаас хамгаалах улсын хяналт” гэж гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавар, норм, нормативын хэрэгжилтэд хяналт тавихыг;
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    4.1.17.“аврагч” гэж аврах ажиллагааны арга технологийг эзэмшиж, мэргэжлийнхээ дагуу онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, аврах болон мэргэжлийн ангид ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагчийг.
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    5 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үндсэн зарчим
    5.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дараахь үндсэн зарчмыг удирдлага болгоно:
    5.1.1.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг цаг хугацаанд нь явуулах;
    5.1.2.гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ хүн ам, үйлдвэрлэлийн нягтрал, байршил, байгаль, цаг уурын нөхцөл, үйлдвэрлэл, технологийн онцлог, гамшгийн бодит аюулын хэр хэмжээг харгалзан үзэх;
    5.1.3.гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах арга хэмжээг иж бүрнээр хэрэгжүүлэх;
    5.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг өмчийн төрөл, хэлбэрийг үл харгалзан зохион байгуулах;
    5.1.5.төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хүч оролцоог уялдуулан зохицуулах.
    6 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
    6.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаа, гамшиг, түүний аюул, хор уршиг, үр дагаврын тухай мэдээлэл нь хуульд өөрөөр заагаагүй бол нийтэд нээлттэй, ил тод байна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    6.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах алба гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнгийн тухай хүн амд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр цаг тухайд нь үнэн зөв мэдээлнэ.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    7 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах сургалт
    7.1.Гамшгаас хамгаалах сургалтын зорилт нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд байгууллага, алба, албан тушаалтан, иргэдийг сургаж, дадлагажуулахад оршино.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    7.2.Гамшгаас хамгаалах сургалтыг удирдах албан тушаалтны; аврах анги, отряд, салбар, мэргэжлийн ангийн; оюутан, сурагчдын; ажилтны; бусад иргэний гэсэн ангиллаар явуулна.
    7.3.Гамшгаас хамгаалах сургалтыг дараахь байгууллага, албан тушаалтан хариуцаж зохион байгуулна:
    7.3.1.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, уг байгууллагын харьяа нэгж болон аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүний сургалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    7.3.2.сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн дарга, дүйцүүлэх алба хааж байгаа иргэдийн сургалтыг аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албаны дарга, штаб;
    7.3.3.сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах албаны бүрэлдэхүүн, ажилтны сургалтыг тухайн сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага;
    7.3.4.аврах анги, отряд, салбарын бүрэлдэхүүн, мэргэжлийн ангийн сургалтыг тухайн анги, отряд, салбар, мэргэжлийн ангийн удирдлага;
    7.3.5.оюутан, сурагчдын гамшгаас хамгаалах боловсрол олгох сургалтыг тухайн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    7.3.6.бусад иргэний сургалтыг тухайн баг, хорооны Засаг дарга.
    7.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч, аврах анги, отряд, салбар, мэргэжлийн анги, оюутан сурагчид, ажилтан, бусад иргэний сургалтыг жил бүр, улс, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны гамшгаас хамгаалах албаны удирдах албан тушаалтны сургалтыг 2 жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулж явуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    Гамшгаас хамгаалах бэлэн байдал
    8 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэг
    8.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах алба, төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага нь гамшгаас хамгаалах бэлэн байдал /цаашид “бэлэн байдал” гэх/-ын дараахь зэрэгтэй байна:
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    8.1.1.өдөр тутмын бэлэн байдал;
    8.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал;
    8.1.3.бүх нийтийн бэлэн байдал.
    8.2.Өдөр тутмын бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
    8.2.1.нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн онцлогтой нийцүүлэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мөрдөх;
    8.2.2.харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийг ажиллуулахад бэлэн байлгах, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;
    8.2.3.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
    8.2.4.аврах анги, отряд, салбар болон мэргэжлийн ангийг хүн, техник, материал хэрэгслээр хангаж, бэлэн байдлыг дээшлүүлэх;
    8.2.5.гамшгаас хамгаалах сургалт, бэлтгэлийг зохион байгуулах;
    8.2.6.гамшгийн нөөц бүрдүүлэх;
    8.2.7.гамшгийн аюул үүссэн буюу үүсч болзошгүй байдалтай холбогдуулан төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлж болно. Ажлын тусгай горимоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    8.3.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
    8.3.1.зарлан мэдээлэх дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх;
    8.3.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, штабын бүрэлдэхүүнийг гамшгийн үеийн үүрэгт ажилд нь оруулах;
    8.3.3.удирдлагын байр, харилцаа холбоо, мэдээллийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд оруулах;
    8.3.4.мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авах, дамжуулах, сэрэмжлүүлэх дохио мэдээллийг байгууллага, иргэдэд тогтмол хүргэх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх;
    8.3.5.хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлан гаргах ажлыг зохион байгуулах, удирдлага, штаб, аврах анги, отряд, салбар, нэгж болон мэргэжлийн ангитай жигдрэлтийн сургууль, дадлага явуулах;
    8.3.6.хорио цээрийн дэглэм тогтоох;
    8.3.7.гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх.
    8.4.Бүх нийтийн бэлэн байдлын үед дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
    8.4.1.харилцаа холбоо, эрчим хүч, нийтийн аж ахуйн үйлчилгээ, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах;
    8.4.2.онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны удирдлага, мэргэжлийн ангиуд болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх.
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    8.5.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шууд шилжүүлсэн тохиолдолд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээг нэгэн зэрэг авч хэрэгжүүлнэ.
    9 дүгээр зүйл. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх
    9.1.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг дэс дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
    9.2.Тодорхой нутаг дэвсгэр, объектод гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
    9.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
    9.4.Бэлэн байдлын зэрэгт төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар шат дараалж, эсхүл шууд шилжүүлнэ.
    9.5.Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг дараахь байдлаар гаргана:
    9.5.1.сум, дүүргийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн сум, дүүргийн Засаг дарга;
    9.5.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;
    9.5.3.аймаг, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед Засгийн газар.
    9.6.Энэ хуулийн 9.5.2, 9.5.3-т заасан шийдвэрийг доод шатны Засаг даргын санал болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, асуудал эрхэлсэн сайдын саналыг үндэслэн гаргана.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    9.7.Санал, дүгнэлтэд нутаг дэвсгэрээр дамжин тархсан, бүс нутгийг хамарсан, хамарч болзошгүй гамшгийн цагийн байдлын үнэлгээ, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үндэслэл, шийдвэрийн төслийг хавсаргана.
    9.8.Гамшгийн үеийн аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүч хэрэгсэл дайчлан гаргаж, хүн ам, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж болно. Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.
    9.9.Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Засгийн газрын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд зэвсэгт хүчнийг татан оролцуулах шийдвэр гаргана.
    9.10.Гамшгаас хамгаалах сургалт, дадлагын үед нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн алба, аж ахуйн нэгж, байгууллагыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлж болно.
    9.11.Энэ хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй болсон гамшгийн хор уршгийг шуурхай арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор онц байдал тогтоох асуудлыг Онц байдлын тухай хуулиар зохицуулна.
    10 дугаар зүйл. Гамшиг болсон нутгийн заагийг тогтоох
    10.1.Гамшиг болсон нутгийн заагийг дор дурьдсанаар тогтооно:
    10.1.1.сум, дүүргийн нутаг дэвсгэр дэх гамшиг болсон нутгийн заагийг тухайн сум, дүүргийн Засаг дарга;
    10.1.2.хоёроос дээш сум, дүүргийн нутаг дэвсгэр дэх гамшиг болсон нутгийн заагийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;
    10.1.3.аймаг, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан гамшиг болсон нутгийн заагийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар.
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    11 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах тухай мэдээлэл солилцох, зарлан мэдээлэх
    11.1.Гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэх тусгай хэрэглээний харилцаа холбооны сүлжээг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, салбар, нэгж хүртэл зохион байгуулан ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд энэ зориулалтаар улс хоорондын харилцаа холбооны сүлжээг ашиглана.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    11.2.Гамшгийн аюулын тухай мэдээ, мэдээллийг цуглуулах, удирдлагын шийдвэрийг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, салбар, нэгжид хүргэх, түүнчлэн улс хооронд харилцан мэдээлэл солилцоход харилцаа холбооны сүлжээг ашиглаж болно.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    11.3.Гамшгийн аюулын тухай мэдээ, мэдээлэл, зарлан мэдээллийн дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг тусгай хэрэглээний болон харилцаа холбоо, мэдээллийн байгууллагын сүлжээгээр дамжуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    11.4.Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг харилцаа холбоо, мэдээллийн байгууллагууд өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран үнэ төлбөргүй дамжуулах үүрэгтэй.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    11.5.Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журмыг Засгийн газар тогтооно.
    11.6.Гамшгийн голомтод ажиллаж байгаа шуурхай бүлэгтэй холбоо тогтоох, мэдээлэл солилцох асуудлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    12 дугаар зүйл. Гамшгийн үнэлгээ
    12.1.Гамшгийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын томилсон ажлын хэсэг хийнэ.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    12.2.Үнэлгээ хийх аргачлал, журмыг Засгийн газар тогтооно.

    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    Гамшгаас хамгаалах арга хэмжээний зохион байгуулалт, удирдлага
    13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах арга хэмжээний зохион байгуулалт
    13.1.Гамшгаас хамгаалах арга хэмжээг нутаг дэвсгэр-үйлдвэрлэлийн зарчмаар аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна.
    13.2.Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт онцгой байдлын асуудал эрхэлсэн газар, хэлтэс байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн газар, хэлтэс нь орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна. Суманд онцгой байдлын асуудал хариуцсан орон тооны бус штаб ажиллана.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    13.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд орон тооны бус алба, мэргэжлийн анги байна.
    13.4.Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэх анхан шатны нэгж нь аж ахуйн нэгж, байгууллага, баг, хороо байна.
    14 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах удирдлагын зохион байгуулалт
    14.1.Гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд чиглүүлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга удирдан зохион байгуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    14.2.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад гамшгаас хамгаалах арга хэмжээг хариуцан зохион байгуулна.
    15 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    15.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    15.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Улсын Их Хурлаас баталсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар байгуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    15.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг Ерөнхий сайд батална.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    15.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
    15.5.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа салбар, нэгжийг Засгийн газрын шийдвэрээр нутаг дэвсгэр, байгаль, цаг уурын нөхцөл байдлыг харгалзан байгуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    15.6.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд батална.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    15.7.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    16 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах алба, түүний удирдлага
    16.1.Гамшгаас хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн дагуу тодорхой үүрэг хүлээх улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны орон тооны бус алба байгуулна.
    16.2.Гамшгаас хамгаалах улсын албыг төрийн захиргааны холбогдох байгууллагыг түшиглэн Засгийн газар; аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гамшгаас хамгаалах албыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагыг түшиглэн тухайн шатны Засаг дарга тус тус байгуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    16.3.Гамшгаас хамгаалах улсын албаны дарга нь тухайн төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны албаны дарга нь тухайн шатны холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын дарга тус тус байна.
    17 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах улсын алба
    17.1.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг уялдуулан зохицуулах зорилгоор төрийн захиргааны холбогдох байгууллагыг түшиглүүлэн гамшгаас хамгаалах дараахь орон тооны бус улсын алба байна:
    17.1.1.Байгалийн болон химийн аюулыг үнэлж мэдээлэх алба;
    17.1.2.Эрүүл мэндийн алба;
    17.1.3.Хүнс, хөдөө аж ахуйн алба;
    17.1.4.Түлш, эрчим хүчний алба;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    17.1.5.Хэв журам сахиулах алба;
    17.1.6.Сурталчилгааны алба;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    17.1.7.Мэдээлэл, харилцаа, холбооны алба;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    17.1.8.Цацрагийн аюулаас хамгаалах алба.
    17.1.9.Зам, тээврийн алба;
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    17.1.10.Барилга, хот байгуулалтын алба;
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    17.1.11.Мэргэжлийн хяналтын алба.
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    17.2.Шаардлагатай гэж үзвэл Засгийн газарын шийдвэрээр гамшгаас хамгаалах улсын албыг шинээр байгуулж, татан буулгаж болно.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хулиар өөрчлөлт орсон/
    18 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах улсын албаны нийтлэг чиг үүрэг
    18.1.Гамшгаас хамгаалах улсын алба нь дараахь нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
    18.1.1.эрхэлсэн салбарынхаа хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;
    18.1.2.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагаас гамшгаас хамгаалах асуудлаар гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийг хангах;
    18.1.3.салбарынхаа онцлогт зохицуулан гамшгаас хамгаалах албаны удирдлага, штаб, мэргэжлийн ангийг байгуулах, тэдгээрийн сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах;
    18.1.4.гамшгийн үед эрхэлсэн салбарын тогтвортой ажиллагааг хангах;
    18.1.5.эрхэлсэн салбарынхаа зарлан мэдээллийн системийг байнгын бэлэн байдалд байлгах;
    18.1.6.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд татан оролцуулах техник, материал хэрэгсэл зэрэг тухайн албанд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, бэлэн байлгах;
    18.1.7.аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах албыг тухайн чиглэлийн мэргэжлийн удирдлагаар хангах;
    18.1.8.гамшгийн цагийн байдлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шуурхай мэдээлэх, мэргэжлийн туслалцаа авах;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    18.1.9.гамшгийн голомтод ажиллах шуурхай штабын бүрэлдэхүүнд эрхэлсэн салбараасаа мэргэжлийн хүмүүсийг шаардагдах техник, материал хэрэгслийн хамт татан оролцуулах;
    18.1.10.гамшигтай холбогдуулж хуваарилагдсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах;
    18.1.11.гамшгийн үеийн хохирлын үнэлгээ хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах;
    18.1.12.гамшгийн тухай мэдээ, тайлан гаргах.
    19 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдах шуурхай бүлэг
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    19.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдах шуурхай бүлэг /цаашид “шуурхай бүлэг” гэх/ нь гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг гүйцэтгэнэ.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    19.2.Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр томилж ажиллуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    19.3.Шуурхай бүлгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь штабын хуралдаан бөгөөд гишүүдийн олонхийн санал дээр үндэслэн штабын дарга шийдвэр гаргана.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    19.4.Шуурхай бүлгээс гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн биелүүлэх үүрэгтэй.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    19.5.Шуурхай бүлгийн үйл ажиллагааг Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    20 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл
    20.1.Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анги болон сайн дурынхан байна.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    20.2.Мэргэжлийн ангийг Монгол Улсын харьяат, хөдөлмөрийн чадвартай, 16-60 хүртэлх насны эрэгтэй, 16-55 хүртэлх насны эмэгтэйчүүдээс бүрдүүлэн байгуулна. Энэ заалтад цэргийн алба хаагч, тахир дутуу хүн, жирэмсэн эмэгтэй, асрамжлах хүнгүй, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй хүмүүс хамаарахгүй.
    21 дүгээр зүйл. Аврах анги, отряд, салбар
    21.1.Аврах анги нь улсын болон орон нутгийн хэмжээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод ажиллаж байгаа орон нутгийн хүч хэрэгсэл хүрэлцэхгүй болсон тохиолдолд шуурхай шилжин байрлаж эрэн хайх, аврах ажлыг зохих журмын дагуу явуулах, нэрвэгдэгсдэд бүх төрлийн яаралтай тусламж үзүүлэх, тэднийг аюулгүй газарт зөөвөрлөн гаргах, эд хөрөнгийг нь хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.
    21.2.Аврах отряд, салбар нь орон нутагт гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүний голомтод аврах үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулах үүрэг гүйцэтгэнэ.
    21.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь байгууллагын харьяа нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батална.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    Гамшгаас хамгаалах талаархи төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны бүрэн эрх
    22 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
    22.1.Засгийн газар нь гамшгаас хамгаалах талаар хууль тогтоомжид зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    22.1.1.Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого хөтөлбөрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    22.1.2.гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрмийг батлах.
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    23 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын бүрэн эрх
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    23.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нь гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    23.1.1.гамшгаас хамгаалах талаар баримтлах төрийн бодлогын үндсийг боловсруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд чиглүүлэн удирдах;
    23.1.2.гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газарт оруулан батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
    23.1.3.гамшгийн үед хүч хэрэгслийг дайчлан гаргах, энэ хуулийн 9.5.3-т заасны дагуу бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх асуудлыг Засгийн газарт оруулах;
    23.1.4.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс болон бараа, материал, тоног төхөөрөмжийг улсын нөөцөөс гаргах асуудлыг Засгийн газарт оруулах;
    23.1.5.улсын болон гамшгаас хамгаалах нөөцийг зохих журмын дагуу захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх.
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    23.1.6.гамшгийн цагийн байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдад шуурхай мэдээлж байх.
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    23.2.Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохицуулах, шуурхай зохион байгуулах үүрэгтэй комисс ажиллуулж болно. Комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    24 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    24.1.Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    24.1.1.гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
    24.1.2.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах хүрээнд төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, улсын албаны хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
    24.1.3.Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
    24.1.4.төрийн болон нутгийн захиргаа, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, харьяа салбар нэгждээ гамшгийн нөөц бүрдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, нөхөн сэлбэх;
    24.1.5.гамшгаас хамгаалах сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах;
    24.1.6.гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангах;
    24.1.7.гамшгаас хамгаалах арга хэмжээнд шаардагдах мэдээ, тайланг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, улсын болон аймаг, нийслэлийн албанаас гаргуулж авах, гамшгийн мэдээллийн сан байгуулах;
    24.1.8.Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр захиран зарцуулах гамшгийн нөөц болон гадаад орон, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсээс үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг нэрвэгдэгсдэд хуваарилж олгох ажлыг хариуцаж зохион байгуулах;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    24.1.9.аж ахуйн нэгж, байгууллагын гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэх;
    24.1.10.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
    24.1.11.гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэглэж байгаа практикийг судалж нэгтгэн, түүнийг боловсронгуй болгох саналыг эрх бүхий байгууллагад оруулах;
    24.1.12.гамшгаас хамгаалах асуудлаар гадаад орны болон олон улсын холбогдох байгууллагуудтай харилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
    24.1.13.гамшгаас хамгаалах асуудлаар төрийн бус байгууллагатай харилцах;
    24.1.14.гамшгаас хамгаалах тухай мэдээлэл, сурталчилгааг хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэх;
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    24.1.15.бусад бүрэн эрх.
    /Энэ заалтын дугаарт 2005 оны 1 дүгэр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    25 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    25.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    25.1.1.улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах алба, шуурхай бүлэг, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоож байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    25.1.2.гамшгийн цагийн байдлын талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдад шуурхай мэдээлэх;
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруусан/
    25.1.3.хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол гамшгаас хамгаалах улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны албаны гүйцэтгэх үүргийг тодорхойлох;
    25.1.4.Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийн дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах хүн хүч, техник, материал хэрэгслийг орон нутгаас татан ажиллуулах;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    25.1.5.гамшгийн аюулын тухай хүн амд зарлан мэдээлэх болон удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;
    25.1.6.гамшгаас хамгаалах арга хэмжээнд хүн амыг сургаж бэлтгэх, гамшгийн үед хэрэглэх нөөцийг бүрдүүлэх, нөхөн сэлбэх үйл ажиллагаанд хяналт тавих;
    25.1.7.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын батлагдсан төсвийг зохих журмын дагуу захиран зарцуулах;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    25.1.8.байгууллагаа дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
    25.1.9.батлагдсан төсөв болон асуудал эрхэлсэн сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан байгууллагын орон тоо, цалингийн санг тогтоох;
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруусан/
    25.1.10.гамшгийн аюулаас хамгаалахтай холбогдсон журам, заавар батлах;
    25.1.11.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын газар, хэлтэс, харьяа нэгжийн удирдлага болон бусад ажилтныг томилох, чөлөөлөх, цол олгох;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    25.1.12.бусад бүрэн эрх.
    25.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга бүрэн эрхийнхээ асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    25.3.Гамшгаас хамгаалах улсын хяналтын ерөнхий байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байна.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    26 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
    26.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    26.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх;
    26.1.2.хуульд заасны дагуу бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх;
    26.1.3.нутаг дэвсгэрийн онцлогт зохицуулан гамшгаас хамгаалах алба, штаб, мэргэжлийн ангиудыг байгуулж, тэдгээрийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох;
    26.1.4.гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах;
    26.1.5.гамшгийн цагийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дээд шатны болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэх, тэднээс мэргэжлийн зөвлөгөө, зааварчилга, туслалцаа авах;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    26.1.6.гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах;
    26.1.7.гамшгийн үед нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах;
    26.1.8.аврах анги, отряд, салбар, алба, мэргэжлийн ангийг ажлаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
    26.1.9.харилцаа холбоо, зарлан мэдээлэх системийг байнгын бэлэн байдалд байлгах;
    26.1.10.гамшгийн үеийн хохирлын үнэлгээ хийлгэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах;
    26.1.11.гамшгийн тухай мэдээ, мэдээллийг дээд шатны байгууллагад цаг хугацаанд нь шуурхай мэдээлэх;
    26.1.12.бусад бүрэн эрх.
    26.2.Баг, хорооны Засаг дарга энэ зүйлийн 1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээнд хамаарах хэсгийг хэрэгжүүлнэ.

    ТАВДУГААР БҮЛЭГ
    Гамшгаас хамгаалах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг
    27 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг
    27.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь харяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
    27.1.1.гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;
    27.1.2.үйл ажиллагааныхаа онцлогт зохицуулан гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, алба, мэргэжлийн анги байгуулах;
    27.1.3.мэргэжлийн ангийг шаардагдах техник, материал хэрэгслээр хангах;
    27.1.4.мэргэжлийн анги болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, тэдгээрийг гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах;
    27.1.5.гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
    27.1.6.гамшгийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ хийлгэх;
    27.1.7.гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах;
    27.1.8.өөрийн онцлогт тохируулж энэ хуулийн 27.1.2-т заасан гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангиар гамшгийн үед үүрэг гүйцэтгүүлэх;
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    27.1.9.гамшгийн тухай мэдээг холбогдох дээд шатны байгууллагад шуурхай хүргэх.
    27.1.10.гамшгаас хамгаалах тухай мэдээлэл, сурталчилгааг холбоо болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй шуурхай дамжуулж, олон нийтэд хүргэх.
    /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    28 дугаар зүйл. Иргэний хүлээх үүрэг
    28.1.Монгол Улсын иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
    28.1.1.гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
    28.1.2.гамшгаас хамгаалахтай холбогдсон сургалт, зохион байгуулалттай бусад арга хэмжээнд хамрагдах;
    28.1.3.ахуй амьдрал, өдөр тутмын хөдөлмөрийн үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг сахин биелүүлэх, үйлдвэрлэл, технологийн сахилга, экологийн аюулгүй байдлын шаардлагыг зөрчихгүй байх;
    28.1.4.гамшгаас хамгаалах зарлан мэдээлэх дохионууд, тэдгээрийн дагуу ажиллах журмыг мэдэх, өөрийгөө хамгаалах аргыг эзэмших;
    28.1.5.гамшгийн үед нэрвэгдсэн хүмүүст туслах, эд хөрөнгийг хамгаалах ажилд оролцох;
    28.1.6.гамшгийн аюулаас хамгаалах зориулалттай нийтийн болон нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ашиглаж сурах;
    28.1.7.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд тогтоосон журмын дагуу оролцох;
    28.1.8.гамшгийн тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэх.

    ЗУРГАДУГААР БҮЛЭГ
    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч, түүний эрх зүйн байдал
    /Энэ бүлгийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    29 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    29.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж болон аймаг, нийслэл, дүүргийн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчаар Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнийг авч ажиллуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    29.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаарна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    29.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нь төрийн албанд анх орохдоо “Монгол Улсын иргэн би онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая. Би энэ тангарагаас няцваас холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөнө.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    29.4.Энэ хуулийн 29.3-т заасан тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    30 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн эрх
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    30.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    30.1.1.гамшгийн үед ажиллах, сургалт, дадлагад оролцох, жижүүрийн үүрэг гүйцэтгэх үедээ хоол хүнс, тусгай зориулалтын хувцас, аврах ажлын багаж, техник, материал, өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангагдах;
    30.1.2.гамшгийн хор уршгийг арилгахын тулд тухайн объектод саадгүй нэвтрэх;
    30.1.3.аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд оролцох үедээ гэмтэл, бэртэл авсан, өвчилсөн тохиолдолд эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх.
    30.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь тогтоосон журмаар үйлдсэн үнэмлэхтэй байна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    31 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн үүрэг
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    31.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараахь үүргийг хүлээнэ:
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    31.1.1.гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд бэлэн байх;
    31.1.2.гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохих журам, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу хэрэгжүүлэх;
    31.1.3.гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцож байгаа байгууллага, албан тушаалтан, иргэнд зааварчилгаа өгч мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
    31.1.4.онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч сахилгын дүрмийг чанд мөрдөх.
    /Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    31.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн сахилгын дүрмийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд батална.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    32 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн цол, дүрэмт хувцас, ялгах тэмдэг
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    32.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч нь ажил, мэргэжлийн онцлогт тохирсон цол, ялгах тэмдэг бүхий дүрэмт хувцас хэрэглэнэ.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    32.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч ахлагч нь онцгой байдлын дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, офицер нь онцгой байдлын дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа гэсэн цолтой байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    32.3.Энэ зүйлийн 1-д заасан цол олгох журам болон дүрэмт хувцасны загварыг Ерөнхийлөгч, дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар тогтооно.
    /Энэ хэсгийн дугаарт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    32.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийн алба хаах журмыг асуудал эрхэлсэн сайд батална.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    33 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, түүний албан хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    33.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь албаны бус цагаар, өөр орон нутагт иргэд, байгууллагын хүсэлтээр гамшгийн үед хууль ёсны үйл ажиллагаа явуулсан бол албан үүргээ гүйцэтгэсэнд тооцно.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    33.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага түүний албан хаагчийн хууль ёсны шаардлагыг иргэд, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    33.3.Гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон иргэнд томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин өсгөж олгоно.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    33.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн, шөнийн ээлжинд ажилласан, гамшгаас хамгаалах сургалт, дадлагад оролцсон, бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн хүнс, материалын зардлыг төр хариуцна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    33.5.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч нь мэргэжлийн зэрэгтэй байна. Мэргэжлийн зэрэг олгох журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    33.6.Үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төр хариуцна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    33.7.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагч албан үүргээ гүйцэтгэх үед эрүүл мэнд нь хохирсон, эсхүл амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж олгоно:
    33.7.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж болон авч байсан албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;
    33.7.2.хиймэл эрхтэн хийлгэсэн тохиолдолд түүний зардал;
    33.7.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж.
    /Дээрхи 33.7 дахь хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруусан/
    33.8.Энэ хуулийн 33.7.1-д заасан цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацаанд олгоно.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    33.9.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийг цэргийн жинхэнэ албанд татахаас чөлөөлнө.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    33.10.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчийн ажилдаа ирэх, буцах болон байгууллагын гадна албан үүргээ биелүүлэхийг албаны үүргээ гүйцэтгэж байгаад тооцно.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    33.11.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг албан хаагчид цалин, хөлс олгох журмыг Засгийн газар тогтооно.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    33.12.Аврах ажиллагаанд оролцдог албан хаагч дараахь нэмэлт хөнгөлөлт, урамшууллыг эдэлнэ:
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    33.12.1.аврах ажиллагаа явуулсны төлөө урамшуулал авах. Урамшуулал олгох журмыг Сангийн болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаалаар тогтооно;
    33.12.2.алба хаасан хугацааг нь тогтооход ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох;
    33.12.3.жил бүр ажлын 20 өдрийн ээлжийн амралт эдлэх;
    33.12.4.алба хаасан таван жил тутамд 3 өдрийн нэмэгдэл амралт эдлэх;
    33.12.5.гамшгийн голомтод ажилласан тохиолдолд эмнэлгийн үзлэгт хамрагдаж, шаардлагатай бол нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх;
    33.12.6.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцах.
    33.13.Энэ хуульд зааснаас бусад хөнгөлөлт, урамшууллын төрөл, хэмжээг Засгийн газар тогтоож болно.
    /Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
    34 дүгээр зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж
    /Энэ зүйлийн гарчигт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    34.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хуулиар зохицуулна.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
    34.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага албан хаагчаас бусад иргэн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажил гүйцэтгэх, сургалтад оролцох үед хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагчийн нэгэн адилаар тэтгэмж олгоно.
    /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

    ДОЛООДУГААР БҮЛЭГ
    Бусад
    35 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт
    35.1.Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, аж ахуйн нэгж, байгууллага зардлаа өөрөө хариуцна.
    35.2.Гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулахад гарах зардлыг төрийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын хувьд төр хариуцна. Бусад аж ахуйн нэгж, байгууллагын хувьд гамшигтай холбогдсон зардлаа өөрөө хариуцна.
    35.3.Гамшгийн голомтод ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн ажилтанд үндсэн цалинг, бусад иргэнд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний олговор олгоно.
    36 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
    36.1.Гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
    36.1.1.энэ хуулийн 7.3.2-7.3.6-д заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох;
    36.1.2.энэ хуулийн 11.3, 11.4-д заасныг зөрчсөн байгууллагыг 150000-250000, албан тушаалтныг 30000-60000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр торгох;
    36.1.3.энэ хуулийн 18, 26, 27, 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000, албан тушаалтныг 30000-60000, иргэнийг 10000-25000 хүртэл төгрөгөөр торгох.
    36.2.Гамшгийн хор уршгийг арилгах явцад хүн амын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан гэм буруутай албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
    36.3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан ногдуулна.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

  • + -

    МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ

    2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

    МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
    1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
    1.1.Энэ хуулийн зорилт нь монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
    2 дугаар зүйл. Монгол хэлний тухай хууль тогтоомж
    2.1.Монгол хэлний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
    2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол уг гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
    3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
    3.1.Энэ хууль Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бусад хуулийн этгээдэд хамаарна.
    4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
    4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
    4.1.1.“төрийн албан ёсны хэл” гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын монгол хэлийг;
    4.1.2.“монгол хэлний хэм хэмжээ” гэж орчин цагийн утга зохиолын монгол хэлний найруулан бичих, зөв дуудах ёс, зүй тогтол, зөв бичих дүрмийг;
    4.1.3.“үндэсний бичиг” гэж уламжлалт монгол бичгийг;
    4.1.4.“монгол хэл, бичиг” гэж монгол хэл, кирил болон үндэсний бичгийг.
    5 дугаар зүйл. Хуулийн үндсэн зарчим
    5.1.Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн.
    5.2.Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн.
    5.3.Монгол Улсын иргэн бүр монгол хэл, бичиг үсгээ сурах, монгол хэлээр мэдээлэл авах, өвлөх, өвлүүлэх, хамгаалах, хөгжүүлэх боломж, нөхцөлөөр хангагдах эрхтэй.

    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    МОНГОЛ ХЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ
    6 дугаар зүйл. Монгол хэлийг хэрэглэх
    6.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна:
    6.1.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт;
    6.1.2.төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалт;
    6.1.3.бүх шатны шүүн таслах ажиллагааны тэмдэглэл, архивын холбогдох баримт бичиг;
    6.1.4.Монгол Улсын олон улсын гэрээ;
    6.1.5.Монгол Улсаас гадаад улс, дипломат төлөөлөгчийн газарт илгээх албан ёсны ноот бичиг;
    6.1.6.Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, үндэсний гадаад паспорт, боловсролын баримт бичиг;
    6.1.7.газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг;
    6.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бичиг, захидал хүлээн авагч, илгээгчийн хаяг;
    6.1.9.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэвлэн гаргах мэдээлэл, товхимол;
    6.1.10.олон нийтэд зориулсан зар;
    6.1.11.албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж.
    6.2.Энэ хуулийн 6.1.4-6.1.6, 6.1.9-6.1.11-т заасан үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөхөд олон улсын харилцааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гадаад хэл давхар хэрэглэж болно.
    6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно.
    6.4.Газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
    6.5.Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ.
    6.6.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргана.
    6.7.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын хуулийн этгээд, төрийн бус байгууллага Монгол Улсын төрийн байгууллага, иргэнтэй монгол хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичиг, мэдээллийг монгол хэлээр үйлдэнэ.

    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    БИЧИГ ҮСЭГ СОНГОН ХЭРЭГЛЭХ
    7 дугаар зүйл. Бичиг үсэг сонгон хэрэглэх
    7.1.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирил бичгээр хөтлөн явуулна.
    7.2.Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна.
    7.3.Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заана.
    7.4.Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ.
    7.5.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас гадаад улсын адил төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг үндэсний бичгээр үйлдэж гадаад хэлээрх орчуулгыг хавсаргана.

    ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
    МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ, ТОЛЬ БИЧИГ
    8 дугаар зүйл. Монгол хэлний зөв бичих дүрэм, толь бичиг
    8.1.Монгол Улсын хэмжээнд кирил болон үндэсний бичгийн зөв бичих тус тусын нэгдмэл дүрэмтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд уг дүрмийг дагаж мөрдөнө.
    8.2.Кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хариуцан боловсруулж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага баталснаар хүчин төгөлдөр болно.
    8.3.Кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага хянаж, 21.1-д заасан эрх бүхий байгууллага хэлэлцэн батална.

    ТАВДУГААР БҮЛЭГ
    ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮҮРЭГ
    9 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгч
    9.1.Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:
    9.1.1.монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой төрийн бодлогын талаарх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
    9.1.2.монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, анхаарах асуудлын талаар хоёр жил тутам Улсын Их Хуралд мэдээлэл хийх;
    9.1.3.монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх;
    9.1.4.энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын бүрэлдэхүүнийг томилж, чөлөөлөх;
    9.1.5.монгол хэл, бичиг үсгээ хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд дөрвөн жил тутамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох;
    9.1.6.хуульд заасан бусад үүрэг.
    10 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурал
    10.1.Монгол Улсын Их Хурал монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:
    10.1.1.монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
    10.1.2.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх улс төр, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх;
    10.1.3.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
    10.1.4.хуульд заасан бусад үүрэг.
    11 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар
    11.1.Монгол Улсын Засгийн газар монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар дараах үүрэг хүлээнэ:
    11.1.1.монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах;
    11.1.2.монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх;
    11.1.3.гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлд монгол хэл, бичиг үсэг, уламжлалт зан заншил, түүх соёлын мэдлэг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
    11.1.4.төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;
    11.1.5.хуульд заасан бусад үүрэг.
    12 дугаар зүйл. Төрийн албаны төв байгууллага
    12.1.Төрийн албаны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
    12.1.1.төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтыг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагаас баталсан агуулгын дагуу зохион байгуулж, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх;
    12.1.2.хуульд заасан бусад үүрэг.
    13 дугаар зүйл. Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
    13.1.Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
    13.1.1.бүх шатны боловсролын сургалтын байгууллагын монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн агуулга, хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын саналыг тусган батлах;
    13.1.2.их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний шалгалтын агуулгыг энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын саналыг тусган батлах;
    13.1.3.сурган хүмүүжүүлэх ухаан, хэл шинжлэл, уран зохиол, сэтгүүл зүйн чиглэлээр их, дээд сургуульд элсэгчдээс авах монгол хэл, бичгийн шалгалтын тусгайлсан журам боловсруулах;
    13.1.4.суралцагчдын дийлэнх олонх хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх байвал сургалтыг хос хэлний хөтөлбөрөөр явуулах бөгөөд хос хэлний хөтөлбөрийн агуулгыг батлах;
    13.1.5.үндэстний цөөнх монгол хэл болон эх хэл дээр боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
    13.1.6.хуульд заасан бусад үүрэг.
    14 дүгээр зүйл. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
    14.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах үүрэг хүлээнэ:
    14.1.1.монгол хэл, бичгийн соёлын өвийг хамгаалах, үндэсний монгол бичгээрх оюуны өв сан, ардын аман зохиол болон монгол утга зохиолын судалгаа, сургалтыг өргөжүүлэх ажлыг боловсролын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
    14.1.2.хуульд заасан бусад үүрэг.
    15 дугаар зүйл. Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага
    15.1.Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:
    15.1.1.цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх;
    15.1.2.латин үсэг хэрэглэх загварчилсан дүрэм, журмыг мөрдүүлэх ажлыг энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллага, холбогдох бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
    15.1.3.энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагын баталсан кирил болон үндэсний бичгийн хооронд харилцан хөрвүүлэг хийх, зөв бичих дүрмийн алдаа хянах болон бусад холбогдох программын хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
    15.1.4.хуульд заасан бусад үүрэг.
    16 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургууль
    16.1.Ерөнхий боловсролын сургууль дараах үүрэг хүлээнэ:
    16.1.1.суралцагчдад монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас баталсан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах;
    16.1.2.хуульд заасан бусад үүрэг.
    16.2.Энэ хуулийн 16.1.1 дэх заалт эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр гадаад хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуульд нэгэн адил хамаарна.
    17 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга
    17.1.Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга дараах үүрэг хүлээнэ:
    17.1.1.харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
    17.1.2.харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах;
    17.1.3.үндэсний бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллаж байгаа иргэн, хуулийн этгээдийг урамшуулах ажлыг зохион байгуулах;
    17.1.4.хуульд заасан бусад үүрэг.
    18 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага
    18.1.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:
    18.1.1.энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх, үр дүнг шуурхай мэдээлэх;
    18.1.2.хуульд заасан бусад үүрэг.
    19 дүгээр зүйл. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага
    19.1.Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага дараах үүрэг хүлээнэ:
    19.1.1.монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээг чанд баримтлах;
    19.1.2.сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн ур чадварын шалгалтад монгол хэл, бичгийн мэдлэгийн шалгуур тогтоосон байх;
    19.1.3.хуульд заасан бусад үүрэг.
    20 дугаар зүйл. Монгол Улсын иргэн
    20.1.Монгол Улсын иргэн дараах эрх эдэлнэ:
    20.1.1.монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гаргах;
    20.1.2.хуульд заасан бусад эрх.
    20.2.Монгол Улсын иргэн дараах журамт үүрэг хүлээнэ:
    20.2.1.монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх;
    20.2.2.хуульд заасан бусад үүрэг.

    ЗУРГААДУГААР БҮЛЭГ
    ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
    21 дүгээр зүйл. Хэлний бодлогын үндэсний зөвлөл
    21.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана.
    21.2.Зөвлөл есөн гишүүнтэй байна. Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож, зургаан жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн дарга, гишүүн хүндэтгэх шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч нөхөн томилно.
    21.3.Зөвлөлийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлийн гишүүдийн дотроос сонгож, гурван жилийн хугацаатай томилно. Зөвлөлийн даргыг хоёроос дээшгүй удаа улируулан томилж болно.
    21.4.Зөвлөл жилд хоёр удаа тогтсон хугацаанд хуралдах бөгөөд зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд ээлжит бус хурлыг Зөвлөлийн даргын шийдвэрээр зарлан хуралдуулна.
    21.5.Зөвлөл орон тооны ажлын албатай байх ба түүний өдөр тутмын үйл ажиллагааг ажлын албаны дарга удирдан явуулна.
    21.6.Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар батална.
    21.7.Зөвлөл дараах үүрэг хүлээнэ:
    21.7.1.монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
    21.7.2.үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, гадаад оронд суугаа монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих чиглэлээр бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
    21.7.3.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан, дүгнэлт гаргасан кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг хэлэлцэн батлах;
    21.7.4.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийн толь, үгийн сангийн толь болон бусад холбогдох толь бичгийг хэлэлцэн батлах;
    21.7.5.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах;
    21.7.6.газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж нутгийн өөрөө удирдах байгууллагад илгээх;
    21.7.7.төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулгыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас ирүүлсний дагуу хэлэлцэн батлах;
    21.7.8.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний бичиг рүү харилцан хөрвүүлэх, зөв бичих дүрмийн алдаа хянах программыг хэлэлцэн батлах;
    21.7.9.төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
    21.7.10.энэ хуулийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийж, үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид тайлагнах;
    21.7.11.энэ хуулийн хэрэгжилт, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч, холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх;
    21.7.12.энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлэх.

    ДОЛООДУГААР БҮЛЭГ
    ЭРХ БҮХИЙ СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА
    22 дугаар зүйл. Эрх бүхий судалгааны байгууллага
    22.1.Монгол Улсын Шинжлэх ухааны академийн бүтцэд монгол хэл, түүний хэрэглээ, хөгжлийг судлах, монгол хэлний хэм хэмжээ, үгийн сангийн өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий монгол хэл шинжлэлийн хүрээлэн /цаашид “эрх бүхий судалгааны байгууллага” гэх/ ажиллана.
    22.2.Эрх бүхий судалгааны байгууллага дараах үүрэг хүлээнэ:
    22.2.1.монгол хэлний зөв бичих дүрэм боловсруулж, түүнд өөрчлөлт оруулах асуудлаар санал дэвшүүлэх;
    22.2.2.эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний бусад байгууллагаас боловсруулсан бичиг үсгийн дүрмийн гарын авлага, монгол хэлний үгийн сангийн болон мэргэжлийн хэлний толь бичиг, бусад холбогдох толь бичиг монгол хэлний зөв бичих дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах;
    22.2.3.холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар гадаад нэр томьёог монгол хэлнээ орчуулах;
    22.2.4.газар нутгийн оноосон нэрийг толь бичигт оруулах, жигдлэх, олон улсын газар зүйн нэрийн тольд бүртгүүлэх талаар энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагад санал гаргах;
    22.2.5.төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулга боловсруулах ажлыг зохион байгуулах;
    22.2.6.монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм, хэрэглээтэй холбоотой стандартыг боловсруулж, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулах;
    22.2.7.нэр томьёоны талаар иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.

    НАЙМДУГААР БҮЛЭГ
    БУСАД
    23 дугаар зүйл. Монгол хэлний тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
    23.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол хэлний тухай хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол шүүгч, эрх бүхий улсын байцаагч дараах шийтгэл ногдуулна:
    23.1.1.энэ хуулийн 6.3, 7.3, 16.1.1, 16.2-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
    24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
    24.1.Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
    24.2.Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД